Дэлхийн хамгийн "задгай" DJ Пэгги Гоу | News.MN

Дэлхийн хамгийн "задгай" DJ Пэгги Гоу

Дэлхийн хамгийн "задгай" DJ Пэгги Гоу

Дэлхийн хамгийн "задгай" DJ Пэгги Гоу

“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн “Хүмүүс” буландаа загварын ертөнцөд сая, сая шүтэн бишрэгчтэй, DJ Пэгги Гоу-г танилцуулж байна. Энэхүү алдар хүндэд хүрэхэд түүний шаргуу хөдөлмөр, шантаршгүй зан чанар их нөлөөлсөн юм.

Тэрбээр 2010-аад онд олон улсын DJ нарын дунд өөрийн байр сууриа техно, электро, өөдрөг хөгжмөөрөө бататган эзэлсэн. 2018 онд гаргасан сингл "It makes you forget (itgehane)" нь хөгжимд хайртай хүмүүсийн анхаарлыг маш хүчтэй татсан юм.

Пэгги 1991 оны долдугаар сарын гурванд Инчеон хотноо төрж, найман настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож сурчээ. Эцэг, эх нь түүнийг 14 настай байхад нь Лондон руу сургахаар явуулсан бөгөөд 18 настайдаа эх орондоо эргэн иржээ. Гэвч хоёрхон сарын дараа Пэгги эргэн Лондон руу явж Лондоны загварын коллежид элссэн байна. Коллежоо төгсөөд тэрбээр Bazaar сэтгүүлд хэсэг ажиллаж байгаад Берлин рүү нүүсэн гэнэ.

Коллежид сурч байхдаа буюу 2009 онд Пэгги хэрхэн хөгжим бичих талаар Солонгос дахь нүүр номын найзаасаа сурч эхэлсэн гэнэ. Хөгжим бичих нь түүнд үнэхээр их таалагдаж, загвар зохион бүтээхийнхээ хажуугаар хөгжим зохион бүтээсээр 2013 онд зүүн Лондонд номын клубээс долоо хоног бүр зохион байгуулдаг тоглолтонд оролцож, анх олны өмнө DJ хийж үзжээ.

Урлаг ч түүнд өгөөмөр ханджээ. Пэгги анх тайзан дээр гарснаасаа хойш ганцхан жилийн дараа "Hungboo" хэмээх уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгож чадсан байна. Сонсогчдоос ч өндөр үнэлгээ авч чаджээ.

Үргэлжлүүлэн тэрбээр 2016 онд БНСУ-д, 2017 онд Өмнөд Америкаар аялан тоглолт хийж, Берлинд, Амстердамд, Лондонд, Португальд өөрийн тоглолтыг хийсэн байна. Мөн энэ хооронд цоо шинэ хөгжмүүдийг "үйлдвэрлэн" шүтэн бишрэгчдийнхээ чихийг мялаасаар иржээ.

2019 онд түүнийг “Форбес” сэтгүүл Азийн залуу манлайлагчдын нэг хэмээн нэрлэсэн байна.

Пэгги энэ оны хоёрдугаар сард үндсэн мэргэжлээ ч хаялгүй давхар амжуулж, өөрийн "Кирин" загварын агентлагийг нээж, дараа сард нь хөгжмийн ертөнцөд "дийлдэшгүй хүүхэн" гэдгээ мэдрүүлж "Куду" рекордсыг нээсэн байна.

Харин зургадугаар сард нь анхныхаа цомгийг хэвлүүлсэн нь Биллбоардын электро цомгийн жагсаалтын есдүгээрт бичигдэж байв.Мөн дараа сард нь "Starry night" дуугаа дүрсжүүлсэн нь есдүгээр сард youtube-д тавигдсан билээ. Тус клип өдгөө нэг сая үзэгчтэй болжээ.

Пэгги өөрийн хөгжмийг K-house хэмээн нэрлэх дуртай гэнэ. "Би к-поп тэргүүтэй Солонгос уран бүтээлчдийг хүндэлдэг ч миний хувьд тэд хэтэрхий Европлог байхыг хичээгээд байх шиг санагддаг. Гэтэл Солонгост бүр ч илүү сайхан зүйлс олон шүү дээ. Миний хамгийн амжилттай яваа дуунуудын аль нь ч англи хэл дээр биш. Сонсогчид, үзэгчдийг хараад байхад тэд миний дууны үгийг ойлгохгүй, дагаж дуулж чадахгүй хэрнээ л маш ихээр хөөрч баясацгаадаг. Тэдэнд таалагддаг. Миний хувьд ч гэсэн өөр хэл дээрх уран бүтээл, жишээ нь Япон хэл дээрх миний мэдэхгүй, ойлгохгүй үгтэй дуу үнэхээр сонирхолтой санагддаг. Би шүтэн бишрэгчдийнхээ юу мэдэрч байгааг сайн ойлгож байна. Би сөрөг зүйл яримааргүй байгаа ч өөр студиудтэй хамтарч ажиллаж байхдаа би эрх чөлөөгүй байсан. Тэд бүгдийг шийдэж, би зүгээр л гүйцэтгэж байлаа. Би өнөөдрийн энэ амьдралынхаа төлөө маш их тэмцсэн. Би ердөө л өөрийн гэсэн хөгжмийг, хөгжмийн эрх чөлөөг хүсч байсан юм. Тиймээс л би өөрийн студийг нээсэн. Студиэ нээмэгцээ би хэд хэдэн Солонгос эмэгтэй уран бүтээлчидтэй гэрээ хийсэн нь үнэн ч би зөвхөн эмэгтэйчүүдтэй ажиллах зорилгогүй ээ. Хөгжим бол хөгжим шүү дээ. Гэсэн хэдий ч үнэндээ эрэгтэй DJ дэндүү олон байгаа нь үнэн" хэмээн Пэгги ярьжээ.

Тэрбээр одоо Берлинд амьдарч байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж