Засгийн газраас “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталсан. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн албаныхан үзэж байгаа ч зээл удааширч, тогтоол хэрэгжих явц тун хойрго байна.
Энэ талаар Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Наранзаяагаас тодрууллаа.
-Алт олборлогчдод олгох зээлийн асуудал удааширч байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?
-Засгийн газрын 2015 оны долдугаар сарын 27-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор алтны салбарт дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгохоор болсон. Энэ дагуу Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс холбогдох бичиг баримт, судалгааг хийгээд Уул уурхайн яам, Монголбанкинд хүргүүлсэн байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ зээл нэг ч компанид олгогдоогүй байна. Уул уурхайн яам, Монголбанк, Сангийн яам гурвалсан гэрээ байгуулж, журам боловсруулах ажил үргэлжилж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн.
-Энэ жилийн хувьд хэчнээн аж ахуйн нэгжид зээл олгох тооцоо гарсан бэ?
-Манай холбоонд 2016 оны байдлаар 55 аж ахуйн нэгжээс зээл хүссэн материал ирүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгох учиртай.
-Зээл олгох аж ахуйн нэгжид ямар шалгуур тавьдаг вэ?
-Нэн тэргүүнд алт олборлолтоо ямар нэг маргаангүй явуулдаг байх шаардлага тавина. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь тогтвортой аж ахуйн нэгжүүдэд зээл олгогдоно.
-Өнгөрсөн жил ямар байсан бол?
-Өнгөрсөн жилийн зээл олгогдоогүй.
-Нөхөж өгөх боломж байх уу?
-Нөхөж олгох асуудал байхгүй юм билээ.
-Энэ зээлийн хувьд ямар давуу талтай вэ. Аж ахуйн нэгжүүдээс хүлээлт их байх шиг байна?
-Аж ахуйн нэгжүүд бизнесийн зээл гэж банкнаас авдаг. Энэ нь жилийн 18-21 хувийн хүүтэй байдаг. Тэгвэл бидний яриад байгаа энэ зээлийн хувьд 9-10 хувийн хүүтэй учраас аж ахуйн нэгжүүдийн дунд илүү хүлээлт үүсгэх нь гарцаагүй.
-Компаниадаас энэ асуудлаар танайд хандаж байна уу. Засгийн газрын дэмжлэгийг хүлээх байдлаар ажлаа тооцоолчихдог, гэтэл зээл олгогдохгүй бол эрсдэл үүсэх асуудал гарах магадлалтай юу?
-Зээл хүлээсэн олон компани бий. Гэхдээ зээл олгогдохгүй байснаар компаниуд эрсдэлд орж, алт тушаагдахгүй гэсэн үг биш. Харин зээл олгогдвол одоогийн хэмжээнээс илүү алт олборлох, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэргээр нөөц бололцоо нь нэмэгдэнэ гэсэн үг.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ