Арван жилийн хугацаан дахь хамгийн баян тамирчид

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Арван жилийн хугацаан дахь хамгийн баян тамирчид

Фото: Thomas Peter / Reuters.

Оросын теннисчин Мария Шарапова сүүлийн 10 жил дэх хамгийн өндөр орлоготой тамирчдын тоонд багтжээ. "Forbes" сэтгүүл энэ чансааг гаргахдаа карьер нь дууссан ч гэлээ олсон орлогын нийт дүнг оруулан тооцжээ. Энэ тухай тус сэтгүүлийн албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Шарапова энэ чансаанд багтсан цорын ганц эмэгтэй тамирчин болсон бөгөөд 18-рт бичигджээ. Түүний 10 жилийн орлогын нийт дүн 250 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд түүний санхүүгийн байдал улам их амжилт олсон ба өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сар хүртэлх хугацаанд теннисчин бүсгүй 29,7 сая ам.долларын орлого олжээ. Шараповаг мөн сүүлийн 11 жилийн хугацаан дахь Оросын хамгийн баян 60 эмэгтэйн эхний 10-т багтаж ирсэн гэж "Forbes" үнэлсэн байв.

Арван жилийн хугацаан дахь хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг Америкийн гольфчин Тайгер Вудс 845 сая ам.долларын орлогоор тэргүүлжээ. Чансааны хоёрт энэ есдүгээр сард тамирчны карьертаа цэг тавьсан боксчин Флойд Мэйуэзер (660 сая ам.доллар) бичигдсэн байна. Харин чансааны гуравт сагсчин Коби Брайнт оржээ. Тэрбээр  475 сая ам.долларын ашиг олсон үзүүлэлтээр ийн эхний гуравт багтсан байна.

Түүнчлэн чансааны эхний аравт сагсан бөмбөгч ЛеБрон Жеймс (472 сая), гольфчин Фил Микельсон (468 сая), теннисчин Рожер Федерер (455 сая), хөлбөмбөгчин Дэвид Бекхэм (441 сая), боксчин Мэнни Пакьяо (432 сая), хөлбөмбөгчин Криштиану Роналду (407 сая), Лионель Месси (350 сая) нар багтсан байв.

Хамгийн өндөр цалин хөлстэй 20 тамирчны арван жилийн хугацаан дахь нийт орлогыг нэмж үзэхэд  7,7 тэрбум ам.доллар хүрсэн сонирхолтой үзүүлэлт гарсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж