Төрөөс улс төрийн бүх намыг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Төрөөс улс төрийн бүх намыг санхүүжүүлнэ

Улс төрийн намын болоод нэр дэвшигчийн санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох, улс төрийн санхүүжилтийн үр дүнтэй хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн “Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлэг өнөөдөр /2019.12.05/ “Шангри-Ла” зочид буудалд болж байна. Уг хэлэлцүүлэгт оролцож буй холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, байр суурийг нь сонссон юм.


“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР УЛС ТӨРИЙН БҮХ НАМЫГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ”

Хэлэлцүүлгийн үеэр Транспэрэнси Интернэшл” олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од “Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр шинээр орсон 19.1 зүйлийн гуравт тодорхой гурван зүйлийг тусгасан. Нэгдүгээрт,  улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх ёстой. Хоёрдугаарт, улс төрийн намын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь олон нийтэд ил тод байна гэж заасан. Гуравдугаарт, намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам болон төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үндсэн шалгуурыг хуулиар тогтооно гэж тусгасан юм. Ялангуяа сүүлийн хоёр шалгууртай холбоотой асуудлыг өнөөдрийн олон улсын туршлага судлан, хоёр өдөр хэлэлцэнэ.

Ер нь улс төрийн намуудын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийн зарцуулалт нь олон нийтэд ил тод, нээлттэй байх асуудал байгаа. Энийг ямар зарчмаар, ямар байгууллагууд хяналт тавьж хийх вэ гэдэг нь чухал асуудал. Олон улсын туршлагад энэ асуудлыг цахим хэлбэрээр тайлагнаж, зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хураангуй төдийгүй дэлгэрэнгүй байдлаар олон нийт болон судалгааны байгууллагууд дүн шинжилгээ хийх боломжтойгоор мэдээлдэг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрөөс санхүүжилт олгоно гэдэг зүйл заалтыг тусгасан. Тэр зүйл заалтыг ямар шалгуураар хэрхэн хэрэгжүүлэх вэ. Одоогийн байдлаар УИХ-д суудалтай намууд суудлынхаа тоогоор улсын төсвөөс санхүүжилт авдаг. Гэхдээ эргээд намынхаа санхүүжилтыг хэрхэн зарцуулснаа олон нийтэд тайлагнадаггүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-д суудалтай болон суудалгүй намууд бүгд төрөөс санхүүжилт авах эрхтэй болох юм.

Тиймээс улсын төсвөөс ямар хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх вэ, зарцуулалтыг төрөөс хянах уу гээд олон асуудал гарч ирнэ. Энэ асуудалд Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуулиараа Үндэсний аудитын газарт улс төрийн намууд санхүүгийн үйл ажиллагаагаа аудитаар баталгаажуулж, мэдээлэх ёстой. Харамсалтай нь, энэ нь хэлбэр төдий хэрэгжиж, олон нийтэд мэдээлдэггүй. Хэдийгээр улс төрийн намууд мэдээлэх үүрэгтэй гэж байгаа боловч одоо бүртгэлтэй улс төрийн 35 намын цахим хуудсанд ихэнх нь ил тод мэдээлээгүй байгаа. Нөгөөтэйгүүр, Үндэсний аудитын газарт олон нийтэд мэдээлэх үүрэг, хариуцлагыг оногдуулаагүй учраас хаалттай хэвээр байна” гэдгийг хэлсэн юм.

“ЛАТВИ УЛС ТӨРӨӨС УЛС ТӨРИЙН НАМУУДАД ОЛГОЖ БУЙ САНХҮҮЖИЛТЭЭ 10 ДАХИН ӨСГӨНӨ”

Харин энэ үеэр өөрийн орны улс төрийн намын санхүүжилтийн зохицуулалт, хүлээлгэх хариуцлагын талаар Латви улсын Авлигатай тэмцэх агентлагийн Улсын төрийн намын хяналтын газрын дарга Амилижа Рэйтума “Манай улсад Авлигатай тэмцэх агентлагийн Улс төрийн намын хяналтын газар улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хянадаг. Ингэж хянахын тулд манай байгууллагад Улсын төсвөөс хангалттай төсөв баталж өгч, үүргийг маань маш тодорхой тусгаж, зохицуулсан байдаг. Хоёрдугаарт бид хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй байгууллага. Манай байгууллага 16 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль тогтоомжтой холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүйгээс болж, манай байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хүндрэлд орвол шууд парламентдаа энэ суудлыг өргөн барьдаг. Өнгөрсөн 16 жилийн турш хууль тогтоомжуудыг өөрчилсөөр ирсэн учраас манай байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж байнга сайжирч ирсэн.

Ингэхдээ бид иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, өөрчлөлтүүдийг хийж чадсан. Бид өнгөрсөн хугацаанд улс төрийн намын санхүүжилтийг багасгах чиглэлээр зорилт тавин ажиллаж ирсэн. Саяхан хууль тогтоомжид орсон шинэ өөрчлөлтөөр улсаас улс төрийн намын санхүүжилтийг 10 дахин өсгөсөн. Ингэхдээ хувь хүнээс авч буй намын хандивыг 21 мянган евро байсныг 2000 еврогоос дээшгүй байхаар хязгаарлаж өгсөн.

Учир нь төрөөс олгож буй санхүүжилт нь 10 дахин өссөн. Одоо манай улсад туршилтаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжоор улс төрийн нэг намд жилд улсаас 837 мянган еврог олгохоор хуульчилсан байгаа. Жишээлбэл, улс төрийн аль нэг нам улсаас 800 мянган еврогийн санхүүжилт авсан бол тэр нам бусад хандиваар 37 мянган еврог л авах ёстой. Тэрнээс илүү мөнгө хандиваар авч болохгүй” гэдгийг хэлж байв.

“СОНГУУЛИЙН БУС ҮЕЭР НАМУУДЫН САНХҮҮЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ”

“Авлигатай тэмцэх газраас улс төрийн намын санхүүжилттэй холбоотой ил тод байлгах асуудалд хамтран ажиллахад бэлэн байна. Мөн холбогдох судалгаа шинжилгээг хийдэг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой саналуудыг гаргаад явж байгаа. Энэ хэлэлцүүлгээр сонгуулийн бус үеэр намуудын санхүүжилтэд хяналт тавих асуудлыг хөндөж байгаа. Улс төрийн намууд санхүүгийн тайлангаа тогтмол ил тод мэдээлж, иргэд хөндлөнгийн хяналтыг тавьж байх ёстой. Манай байгууллагын зүгээс компанит ажлуудыг санаачлаад явдаг. Бусад үед нь хяналт харьцангуй сул байгаа гэдэг асуудал гардаг. Авлигатай тэмцэх газраас зөвхөн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгож байсан бол одоо төрийн бүх албан хаагчид ил болгодог болсон” талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга Д.Цэнд-Аюуш ярилаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж