НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотой ярилцлаа.
-Хот татвартай болох гэж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
– УИХ-аас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталсан. Нийслэл хотын албан татварын тухай хуулиар хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээн дээр хотын татварыг тогтоохоор хуульчилсан байгаа. Тодруулбал, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэнгийн борлуулалт дээр, мөн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээн дээр хотын татварыг тогтоохоор болсон. Татварын хувь хэмжээг хуулиар 0-1 хувийн хязгаарт багтаан НИТХ-аас тогтооно гэж заасан. НИТХ хотын татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан батална. НИТХ-аар дээр дурдсан хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээн дээр хотын татвар тогтоохоор энэ сарын 29-нд хуралдана.
-Яагаад архи, тамхи, ресторан, баарны үйлчилгээг татвартай болгож байгаа юм бэ?
-Ерөнхийдөө бол хот бодлогоор нийслэлийн нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулж байна гэсэн үг. Хот архи, тамхины хэрэглээг хязгаарлахыг зорилго болгож байна. Үүгээрээ аюулгүй, амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл баар, архи, тамхины хэрэглээ, үйлчилгээг бүх хотын оршин суугчид зайлшгүй хэрэглэх шаардлага бага. Архи, тамхи гэсэн хоёр барааг нийгэмд сөрөг үр дагавартай гэж харж байгаа. Эдгээр үйлчилгээг авсан хүмүүс үйлчилгээнийхээ төлбөр дээр нэг хувийн татварыг нэмж төлнө гэсэн үг.
-Татвар нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий?
-Иргэддээ хэд хэдэн зүйлийг онцолж хэлэхэд улс болгон нийслэл хотын татвартай байдаг. Ардчилсан хувьсгал ялснаас 25 жилийн дараа нийслэл хот дэлхийн бусад хотуудын адил хотын татварыг бий болгож байна. Энэ бол нийслэлийн эдийн засгийн шинэчлэлийн зорилт, нийслэл хотод тулгамдсан олон асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэхэд эдийн засгийн эх үүсвэр нэмэгдэж байгаа юм. Нэг хувь гэдэг бол харьцангуй бага л даа. Жишээ нь баарнаас 150 мянган төгрөгийн үйлчилгээ авлаа гэхэд түүний нэг хувь нь 1500 төгрөг л болж байгаа. Энэ эдийн засгийн хувьд дарамт болохгүй. Баар, ресторанаас үйлчилгээ авч байгаа хүмүүс татвар төлөх явдал бий болж байгаа. Өөрөөр хэлбэл нэгж үйлчилгээн дээр иргэнд харьцангуй өндөр дарамт болохгүй. Гэхдээ рестораны үйлчилгээ бол хотын иргэдийн өдөр тутмын хэрэгцээ. Тансаг гэхээсээ байнгын хэрэглээ. Рестораны үйлчилгээнээс хотын татвар авах асуудлыг эргэн харах хэрэгтэй.
-Хотын татвартай болсноор хичнээн төгрөг төвлөрнө гэж тооцоолсон бэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд тамхи борлуулдаг цэг 1557, согтууруулах ундаа борлуулдаг цэг 2930 байна. Баарны үйлчилгээ эрхэлж байгаа газар 935, ресторан 897, зочид буудал 265, хотыг тойрсон амралтын газар 95 байгаа. Нийтдээ 6667 газар байгаа юм. Тэдний борлуулалтын орлогоор тооцох юм бол жилдээ 13 тэрбум 208.5 сая төгрөгийн татварын орлого төвлөрөх тооцоо гарсан.
-Бусад орнуудын хувьд ямар татваруудтай байдаг юм бэ. Манай татварын тоо хэмжээ ямар байна?
-Гадаадын улс орнуудын туршлагыг манайхан судалж, харьцуулж харсан байгаа. Хотын татвар орон нутгийн төсвөө бүрдүүлдэг татварын төрөл юм билээ. Жишээ нь Итали улсад гэхэд тус улсад арав хүртэлх хоногоор ирж байгаа гадны хүмүүст ногдуулдаг. Татварын хувь хэмжээ нь хоногийн 4-9 евро авдаг юм билээ. Япон гэхэд оршин сууж байгаа нийт иргэн нь иргэний харьяаллаасаа үл хамааран оршин суугчийн татвар төлдөг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн нэг жил болон түүнээс дээш хугацаагаар амьдарсан тохиолдолд энэ төрлийн татвар төлөгчид бүртгэгддэг юм билээ.
-Татвараас цугласан мөнгийг юунд зарцуулах вэ?
-Энэ бол нийслэл хот өөрийн нэрээр татвар авч байгаа явдал. Хот татвартай болсноор татвар төлөгч, нийслэл хоёрын хооронд эдийн засгийн үүрэг үүсч байна гэсэн үг. Нийслэл хот татвар авсныхаа төлөө иргэдийнхээ өмнө томоохон үүрэг хүлээнэ. Татвар төлснөөр иргэд хотын захиргаанаас сайн чанарын үйлчилгээ үзүүлэхийг шаардах эрх, боломж нээлттэй. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд хотын татвараар орж ирж байгаа орлогыг юунд зарцуулахыг иргэдийн саналын дагуу шийдэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаа. Улаанбаатар хот өөрийн нэрээр татвар авч байгаа бол тэр мөнгийг хотын тулгамдсан ямар асуудалд зарцуулахыг хотын иргэдээс саналыг нь авч жил болгон төвлөрсөн мөнгөөрөө тулгамдсан асуудлыг шийддэг хэлбэр рүү шилжих ёстой. Хотын татварын зарцуулалт нь ил тод нээлттэй байна. Ингэвэл хотын татварын нэр хүнд ч өснө. Мөн татвараас цугласан мөнгийг ч гэсэн тодорхой тулгамдсан асуудалд зарцуулаад байх юм бол том алхам болно. Тэгэхгүй хотын татвараар 13 тэрбум төгрөг цуглуулж авчихаад хаашаа юунд зарцуулж байгаа нь ойлгомжгүй байвал татварын ач холбогдол харагдахгүй л дээ. Тийм учраас хотын татвараас орж байгаа орлогыг тусад нь төвлөрүүлээд түүнийгээ буцаагаад хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийддэг журмыг НИТХ-аас тусад нь батлах ёстой гэдэг байр суурьтай байна.
-Хотын татварыг ирэх аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Бэлтгэл ажил ямар явагдаж байна?
-Нийслэлийн хэмжээнд бүх дүүргүүд дээр татвар суутгагчийг бүртгэх тооллогын ажил үндсэндээ дуусч байгаа. Жишээ нь ресторан, архи, тамхи худалддаг цэгүүдийг бүгдийг нь тоолж байгаа. Өөрөөр хэлбэл тамхи худалдаж авч байгаа иргэн маань өөрөө татвар төлөгч, тамхи худалдаж байгаа цэг нь өөрөө татвар суутгагч болох юм. Тэгэхээр татвар суутгагчдыг нийслэлийн хэмжээнд бүртгээд дуусч байгаа. Тэгээд энэ хууль аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
-Хуулинд эргэлзээтэй ямар зүйл анзаарагдаж байна вэ?
-Анхаарал татаж байгаа, шийдэх ёстой хэд хэдэн зүйл байна. Жишээ нь хуулинд амралтын газрын үйлчилгээ гээд заачихсан байгаа. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар ахмадууд магадлан итгэмжлэгдсэн, ахмадын зориулалттай амралтын газраар үйлчлүүлдэг. Энэ хуулиар ахмад настнууд маань нэг талаасаа хотын татвар төлөгч болчих гээд байгаа асуудал гарч ирээд байгаа юм. Жишээ нь нийслэлийн хэмжээнд өнөөдөр 112 мянга 962 ахмад настан байгаа. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу ахмадын зориулалттай амралтын газарт амрах эрхийн бичиг хөнгөлөлттэй үнээр ахмад настанд олгодог. Тэгэхээр ахмад настан ахмадын зориулалттай амралтын газарт амарлаа гэхэд нэгэнт хуулин дээрээ амралтын газар нь хотын татвар суутгагч байхаар заасан болохоор ахмадуудаас хотын татвар авахаар болчихож байгаа юм.
Ахмад настан жилд нэг удаа 10 хоног ахмадын зориулалттай амралтын газар нэг удаа амрах эрх эдэлдэг. Нийгмийн халамжийн сангаас жилд нэг удаа амарч байгаа ахмадуудад 150 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Ахмадын зориулалттай амралын газрын нэг өдрийн үйлчилгээ, ор хоног 25 мянган төгрөг байдаг. Ахмад настан 10 хоног амрахад 250 мянган төгрөг, үүний 150 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас төлж, үлдсэн 100 мянган төгрөгийг ахмад настан өөрөө төлдөг. Нийгмийн даатгалын сангаас эрх үүсээгүй ахмад настны нийгмийн халамжийн тэтгэвэр 126 мянга 500 төгрөг байгаа. Энэ бол амьдралд хүрэлцэхгүй. Гэр хороололд амьдарч байгаа ахмадууд түлээ түлшээ авах, тог цахилгаанаа төлнө, хувцас, хоол хүнсээ авна, энэ мөнгөөр л амьдардаг. Тэтгэврээс өөр орлого байхгүй, төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлтөөр амьдарч байгаа ахмадуудаас хотын татвар авах нь буруу юм.
-Энэ асуудлыг хэрхэн зохицуулбал оновчтой бол?
-Ахмадууд хотын татвар төлөгч болох уу, үгүй юу гэдэг дээр хууль эрхзүйн зохицуулалтыг шийдэх болчихоод байгаа юм. Хуульчийн хувьд юу гэж харж байна гэхээр ахмад настан төрийн тусламж хөнгөлөлтийн хэлбэрээр ахмадын зориулалттай амралт сувиллын газарт амарч байгаа учраас хотын татвар төлөгч байх ёсгүй. Тийм болохоор ахмадад зориулсан амралтын газрыг хуулинд заасан амралт үйлчилгээний газар гэдгээс ялгаж салгаж ойлгох ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. Үүнийгээ НИТХ-ын төлөөлөгчийн хувьд хуралдаан дээр хэлнэ. Ер нь бол нийслэлийн хэмжээнд 2015 онд магадлан итгэмжлэгдсэн ахмадын зориулалттай амралтын газар 11 байгаа. Ахмадуудаас хотын татвар авбал зарчмын хувьд энэ хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй л дээ. Иймд ахмадууд хотын татвар төлөгч байх ёсгүй гэдэг байр суурьтай байгаа. Хотын татвар суутгагчийг бүртгэх журан дээр магадлан итгэмжлэгдсэн ахмадын зориулалттай амралтын газрыг хотын татвар суутгагчаар бүртгэхгүй байх болон ахмадууд хотын татвар төлөгч болох ёсгүй зэрэг асуудлыг гаргаж тавина гэсэн байр суурьтай байгаа.
Б.БАТ