“Forbes women’s summit” арга хэмжээ өнөөдөр /2019.12.5/ болж байна. “Forbes Mongolia” болон “forbes Mongolia Women” сэтгүүл зохион байгуулж буй уг үйл ажиллагаа нь Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихэд чиглэж буй юм. Тус үйл ажиллагаанд нийгэм, улс төр, бизнесийн нөлөө бүхий эмэгтэйчүүд, эдийн засагч, шинжээчид оролцож байгаа юм.
Дэлхийн банкнаас 2019 онд хийсэн судалгаагаар Монголын бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээ дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн 32.7 хувь нь эмэгтэй эзэмшигчтэй байгаа юм. Харин дэлхийд энэ тоо 14.3 хувьтай байдаг ажээ. Хэрэв дэлхийн бизнес эрхлэгчдийн хүйсийн харьцааг тэнцвэржүүлбэл ДНБ (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 2.5-5 их наяд ам.доллараар өсөх боломжтой гэсэн судалгааг “Boston consulting group” танилцуулсан байдаг.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ БАЙЛГАСНААР МОНГОЛ ЖИЛД 3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР АЛДАЖ БАЙНА
Эмэгтэйчүүдийг ажил эрхлүүлэлгүй гэрт “суулгаснаар” гурван тэрбум ам.долларыг алдаж байгаа гэдгийг уулзалтын эхэнд "Forbes Mongolia"-ийн эрхлэн Э.Долгион хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр нээлтийн үеэр “Монгол Улс нийгэм, эдийн засаг болон улс төрийн талаасаа догонцон алхаж байна. Учир нь, эмэгтэйчүүд нь нийгэм, эдийн засгийн тэгш оролцогч гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголд боловсон хүчний тэн хагасыг эмэгтэйчүүд эзэлж байгаа атал эдийн засагт ийм хэмжээний байр суурийг эзэлж чадахгүй байна. Судалгаагаар эмэгтэйчүүдийг дэмжсэн эдийн засаг илүү хурдан хөгждөг гэдийг баталсан байдаг.
Монголчууд охидын боловсролд түлхүү анхаардаг ч хамгийн их зүйлийг амжуулдаг насан дээр гэр бүлдээ, хүүхдэдээ анхаарал тавихыг шаарддаг. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байдаг нь энэ асуудалд нэрмээс болдог. Эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдгийг эрчүүд нь эмэгтэйчүүдийг дэмжихээс гадна, эмэгтэйчүүд нь нэгнээ дэмжихийг хэлнэ. Монголд байгаа дутагдлын нэг нь Монголын эмэгтэйчүүд нэгнийгээ хангалттай дэмждэггүй.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн оролцоог хангасан орны ДНБ 35 хувиар тэлдэг. Монголын ДНБ-ийг 10 тэрбум ам.доллараар төсөөлбөл бид гурван тэрбум ам.долларыг алдаж байна. Эмэгтэйчүүдийг ажилгүй байлгаж, гэрт нь суулгаснаар Монгол Улс жилд гурван тэрбум ам.долларыг алдаж байна гэсэн үг. Тиймээс бид цаашид алдагдал хүлээгээд суухгүйн тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.
Тус арга хэмжээний хүрээнд “Өсөлтийн менежмент ба эмэгтэйчүүд”, “Хөрөнгө оруулалтын орчин ба эмэгтэйчүүд”, Хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүд”, “Эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал” зэрэг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг ярилцаж байна.
Р.ДУЛАМ