Үндэслэлгүйгээр төлбөрөө нэмсэн сургуулиудыг торгоно

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Үндэслэлгүйгээр төлбөрөө нэмсэн сургуулиудыг торгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр зарим сэдвээр мэдээлэл хийлээ. Үүний нэг нь төрийн өмчит их, сургуулиудад шалгалт хийсэн талаар байв.


Тус газраас МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн таван их сургуулийн 2013-2014, 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр яагаад нэмэгдэх болов. Төлбөрийн нэмэгдэл эдийн засгийн бодит үзүүлэлттэй уялдсан эсэх зэргийг онцлон авч, шалгасан байна. Мөн   сургуулидын удирдлага, албан тушаалтнуудаас сургалтын төлбөр өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаанаа тайлбарлахыг шаарджээ.

МУИС-ийн тухайд  Байгалийн ухааны чиглэлээр дээд боловсрол олгох салбарт давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд байгалийн ухааны чиглэлээр сургалт явуулдаг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын төлбөрийн энэ жилийн нэмэгдлийг өмнөх жилтэй харьцуулан судлахад, нэгдүгээр түвшинд 30 хувиар, хоёрдугаар түвшинд 12 хувиар, гуравдугаар түвшинд 43 хувиар, дөрөвдүгээр түвшинд 12 хувиар тус тус нэмэгдүүлсэн нь ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлтээр тогтоогджээ. Тодруулбал, байгалийн ухааны салбарын мэргэжлийн ангийн сургалтын багц цагийн төлбөрийг дунджаар 24,4 хувиар нэмсэн байна.

Харин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тухайд  анагаахын чиглэлийн мэргэжлийн ангиудын 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөх нэг багц цагийн төлбөрийг нэгдүгээр дамжаанд 75000 төгрөг, бусад дамжаанд 65500 төгрөг байхаар тус тус тогтоосон байгаа бөгөөд дамжаа тус бүрт өмнөх жилтэй харьцуулахад 10-68 хувиар  төлбөрөө нэмсэн байжээ.

 

Монгол улсын боловсролын их сургууль /МУБИС/-ийн нэгдүгээр дамжааны сургалтын төлбөрийг 18 хувиар, II дамжааны төлбөрийг 34 хувиар, гуравдугаар дамжааны төлбөрийг 20 хувиар, төгсөх ангийн төлбөрийг 20 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, сургалтын төлбөрийг дундажаар 23 хувиар нэмэгдүүлсэн нь ШӨХТГ-аас явуулсан шалгалтаар тогтоогджээ.

МУБИС нь бусад сургуулиас хамгийн бага төлбөртэй, инфляцийн түвшинтэй уялдуулсан, бусад сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байгаа гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж ШӨХТГ үзжээ.

 

Энэ мэтчилэн бодит тооцоололгүйгээр, өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн гэдгийг ШӨХТГ-аас албан ёсоор мэдээлж байна.

Тус газраас сургуулиудын удирдлагад төлбөр нэмсэн шалтгаанаа баримт, нотолгоотой тайлбарлах боломжийг олгож, албан шаардлага хүргүүлсэн ч одоогоор нэг ч сургуулийн захирал дээрх шаардлагад хариу өгөөгүй байгаа аж. Тиймээс албан шаардлагын хариуг хүлээж авах хугацаа дуусангуут ШӨХТГ-аас их, дээд сургуулиудад өндөр хэмжээний торгууль тавих хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.


ХҮСНЭГТ ДЭЭР ДАРЖ, ТОМРУУЛАН ҮЗНЭ ҮҮ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж