Задгай талбайд автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх захуудын үйл ажиллагааг дэмжих зөвлөлөөс ирүүлсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийжээ.
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар тогтоолоор “Авто худалдааны цогцолбор”-ын төлбөрийн хэмжээг баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолыг гаргахдаа “Даа хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах төвүүдийн үйл ажиллагааг зогсоох хуулийн үндэслэл байгаа эсэх, Агаарын болон хөрсний бохирдол үүссэн эсэх, стандартын шаардлага хангахгүй байгаа эсэхийг тус тус тогтоогоогүй байх бөгөөд зөвхөн “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг дэмжих, бусад аж ахуй эрхлэгчдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан үндэслэлгүйгээр хязгаарлахад чиглэгдсэн байна гэж ШӨХТГ үзжээ.
Тодруулбал, агаарын болон хөрсний бохирдолд нөлөөлж буй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. Гэтэл нийслэлээс агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор гэх үндэслэлээр аж ахуй эрхлэхийг хязгаарласан буюу хориглосон шийдвэр болсон бөгөөд дээрх зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй байна
НИТХ-ын энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болох нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 13.2.1-д “аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”, 13.2.3-т “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”, 13.2.7-д“аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг тус тус зөрчсөн гэв. Улмаар дээрх зөрчлийг арилгах шаардлагыг НИТХ-д хүргүүлжээ.
Д.УУДАМ