Төрөөс 2020 онд баримтлах Мөнгөний бодлого батлагдав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Төслийг батлахын өмнө тогтоолын төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох”, “ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх”, ”санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн 6, 7, 8 дахь дэд заалт нэмэхээр төсөлд тусгажээ.
Мөн тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах” гэж, тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээг авна” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ хэр байгаа талаар тодруулж асуусан. Мөн тэрбээр монгол төгрөгийн ханш унаж буйг дурдаад монгол төгрөгийн өгөөж бий эсэхийг лавласан.
Монголбанкны ерөнхийлөгч болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13-15 хувь байгаа нь гадаад валютын хадгаламжаас өндөр байгаа бөгөөд энэ нь төгрөгийн өгөөж валютынхаас өндөр буйг харуулж буй үзүүлэлт аж. Банкны систем дэх чанаргүй зээл 10 хувь байгаа гэлээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2016 онд 12 хувь, өнгөрсөн онд 11 хувь байсан бөгөөд энэ үзүүлэлт бага багаар буурч байгаа ч төдийлөн хангалттай хамжээнд хүрэхгүй байгааг Ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой маргаан үүсч, шүүхийн шатанд зээл төлүүлэх ажиллагаа 5-7 жилээр үргэлжилдэг гээд энэ бүхэн хууль эрх зүйн орчинтой ч холбоотой гэдгийг дурдсан.
Ингээд тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдав.
Д.Тогтохсүрэн: Өргөн нэвтрүүлгийн хуулиар хэрэглэгчдэд үнийн дарамт очихгүй
Чуулгын хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийг 2016 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан юм.
УИХ-аас хуулийн төслийг баталснаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, телевизүүдийн монгол контентын чанар сайжрах, эрүүл өрсөлдөөн бий болох, Монгол соёлын дархлаа бий болох мөн монгол хүүхдүүд телевизээрээ дамжуулж зөв хүмүүжил, хандлага үүсэх нөхцөлийг хуулиар зохицуулдаг болно гэж төсөл санаачлагчид тайлбарлаж буй.
Хуулийн төсөлд зааснаар өргөн нэвтрүүлгийн буюу нэр бүхий телевизийн контентыг дэмжих зорилготой “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-г байгуулж түүнийгээ улсын төсөв болон телевиз үзэгчдийн төлбөрөөр санхүүжүүлэх тухай заасан.
Хуулийг хэлэлцэх үеэр энэ хуулиар хэрэглэгчдэд үнийн дарамт ирэх үү мөн хариуцлагын асуудлыг нь яаж зохицуулах вэ гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тодруулсан. Үүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариулт өгөхдөө “Хуулийн төслийг өргөн барихдаа хариуцлагатай холбоотой асуудлыг авч үзсэн. Ажлын хэсэг дээр ярилцаж байгаад хуулийн хэрэгжилтийг ирэх оны долдугаар сарын 01 гэж үзсэн. Үүнээс өмнө журмын тухай хуулийг хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгнө. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг Засгийн газар гаргаж УИХ-д оруулж ирнэ. Түүнээс биш ажлын хэсэг, байнгын хороо Зөрчлийн тухай хуулийг санаачлах эрхзүйн үндэс байхгүй. Энэ хууль батлагдсанаар хэрэглэгчдэд үнийн дарамт очихгүй. Засгийн газраас өргөн барьсан төсөлд Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-г байгуулж, тус санд эцсийн хэрэглэгчээс тодорхой хэмжээний хувь авахаар оруулж ирснийг нь ажлын хэсэгт ярьж байгаад хассан учраас хэрэглэгчид үнийн дарамт очихгүй. Мөн төрөөс нэмэлт санхүүжилт авахгүй. Харин цаашид төр сан байгуулж улмаар хөрөнгө төвлөрүүлж үндэсний хэмжээний контентуудыг дэмжих чиглэлээр санг ажиллуулна гэж хуульд зохицуулсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно гэж шинэ заалт оруулсан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Контент бэлтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад орлогоос нь хуваарилж өгнө гэж ойлгосон. Гэхдээ олон суваг дамжуулах дөрвөн компанийн хооронд маргаантай, үл ойлголцох олон асуудал байгаа гэж харж байна. Үл ойлголцох зүйл арилсан уу?
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
Энэ хуулиар олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийн хэрэглэгчдээс авдаг төлбөрийн тодорхой хувийг Телевизүүдийн холбоод өгөхөөр тусгасан. Нийт 15-аас доошгүй хувь гэж тогтсон. Ингэснээр таван чиглэлийн Монгол контентыг дэмжинэ. Үндэсний, хүүхдийн, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгүүдийг дэмжинэ. Хуулийн төслийн гол зорилго нь үзэгчдийг чанартай контентуудаар хангахад чиглэгдэнэ.Үл ойлголцол арилсан. Үзэгчдийг чанартай контентоор хангах нь энэ хуулийн гол зорилго.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
"Монгол контент"-ийг дэмжих асуудал хөтөлбөрт тусгасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт 80 гаруй телевизүүд үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол контентуудыг дэмжинэ гэж тодорхой заасан. Монгол бүтээлүүдийг дэмжих зорилготой.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Судалгаанаас харахад Өргөн нэвтрүүлгийн 19 телевиз байна. Гэтэл цаана нь кабелийн сувгаар үйлчилгээ явуулдаг 60 гаруй суваг байна. Энэ хууль нь нэг талдаа Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжиж байгаа боловч нөгөө талдаа кабелийн телевизүүдээ орхигдуулж байгаа юм биш үү. Адилхан л хэрэглэгчдэд хүрч байгаа. үзэгч аль нь Өргөн нэвтрүүлгийн эсвэл кабелийн телевиз үү гэдгийг ялгаж мэдэхгүй. Сүүлийн үед мөн онлайн телевизүүд гарч байгаа. ижил шаардлага үйлчлэх ёстой. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд IPTV-гээс мөнгө авах нь зөв гэж харж байгаа. Телевизүүд зах зээлийнхээ зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг байх тэр хэлбэр рүү оруулах гэж байгаа нь зөв.
Ажлын хэсэг:
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид гэдэг бол радио, телевизийн газрын сүлжээ, радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид мөн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид ордог.Хуулийн төсөлд бүх телевизийн хөтөлбөрт адилхан зарчим үйлчилнэ.
Хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэснээр үдээс өмнөх чуулганы хуралдааныг завсарлууллаа.
УДШ-ийн шүүгчээр Б. Амарбаясгаланг томилохыг дэмжлээ
Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Түүнийг томилох асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Дээд шүүхийн нөхцөл байдлыг нэр дэвшигчид би хэлж өгье. Монгол Улсын шүүхийн тогтолцоо дампуурсан. Дээд шүүх гурван танхимтай. Иргэний танхимын шүүгчид нь Салхитын мөнгөний ордыг шүүх явцдаа авлигын хэрэг холбогдсонтой холбоотойгоор ихэнх нь түдгэлдчихсэн.Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахгүйд хүрээд удаж байна. Эрүүгийн танхимын шүүгчид нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх явцдаа Содномдаржаа, Чимгээ гэсэн Монгол Улсын хоёр иргэнийг хилс хэрэгт хэлмэгдүүлж ял өгчихсөн гэдгийг нь ОУПХ Болон УИХ-ын Түр хорооноос тогтоочихсон. Эрүүдэн шүүж ял тулгасан гэдгийг нь тогтоосон гэсэн үг. Захиргааны танхим нь Эрдэнэтийн 49 хувийг шийдсэн авлигал албан тушаалын хэрэгт холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй Батсуурь зэрэг олон шүүгч бий. Улсын дээд шүүх тэр чигээрээ дампууралд орсон.Нэр дэвшигч та амаргүй нөхцөл байдалд очиж ажиллана. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг Улсын дээд шүүхийн шүүгчид ичихдээ хүн алахаас гадна өөрсдийгөө алах байдалтай ийм нөхцөлд байгаа.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
Аливаа асуудлыг ярих гэхээр гацаа үүсгэдэг нь хууль шүүхийн байгууллагын үнэн төрх нь. Тйим учраас нэр дэвшигч та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт эхлэх үеэс шүүхтэй холбоотой дагаж гарах холбогдох хуулиудад тал талаас нь анхаарч хууль шүүхийн байгууллагыг цэгцтэй болгох ажлыг хийгээрэй. Иргэд эцсийн мөчид шүүх дээр очиж эрх ашгаа хамгаалуулна. Иргэдийн төлөө ажиллах бүх боломж нөхцөлийг хангаж ажиллаарай.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Шударга ажиллаарай, Батбаяр аа. Би чамайг сайн мэднэ.Томилсон хүндээ биш төрд үнэнч ажиллана шүү. Дээд шүүх дээр үүссэн түдгэлзсэн шүүгчдийн асуудлыг нэг талд нь гаргаж олон түмэнд ил болго. Хамгийн анх Л.Болд гишүүн Салхитын мөнгөний ордын лиценз өгснөөс хойш явсаар байгаад хүний амь, авлига болж хувирсан. Ашигт малтмалын лиценз гэдэг энэ балиар зүйл чинь хүний аминд хүрэх эх үүсвэр нь болж байна. Шүүгчдийнхээ хойноос яв. 13 шүүгчийн асуудал мөн байгаа. Ерөнхийлөгчид таалагдаагүй Цэц дээр оччихсон. Орохыг нь оруулахын араас нь хөөцөлдөөрэй. Та бол миний багш байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх.Цаг хугацаа таныг харуулна, амжилт хүсье. Юу ч таны дарга, найз биш шүү.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
2018 оны гуравдугаар сард би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ шүүх засаглал авлигалд өртсөн тухай асуудлыг хөндөж энэ нь нэлээд газар авсан. Би шүгэл үлээсэн. Тэгэхэд зөвхөн ганцхан хэрэг дээр 17 шүүгчийн бүрэн эрх түдгэлзээд байгаа. Иргэний маргаануудыг эцэслэн шийдэхгүй нь төр зарчимдаа хүрч чадахгүй байна. Тиймээс УДШ-ийг нэн яаралтай бүрэлдэхүүнтэй болгох хэрэгтэй. Иргэний хэргийн танхим нь долдугаар сараас хойш иргэний хэргийг хяналтын шатны журмаар шийдвэрлэх бүрэлдэхүүнгүйгээс иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн маргаанууд шийдвэрлэгдэхгүй байгаа нь төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, иргэний эрх ашгийг хамгаалах, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зарчмаа хангаж чадахгүй байна. Иргэний эрх ашиг хөндөгдөөд байгааг УИХ-ын даргын сонорт чуулганы танхимаас хүргэе гэж бодсон юм. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал шүү. Бид хууль, эрхзүйн салбарт олсон ололтоосоо ухармааргүй байна. Мэргэшсэн тогтолцооноосоо бид нэг ч алхам ухарч болохгүй байх.
УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:
Шүүхэд итгэх иргэдийн асуудал чухал. Зөв хүнээ сонгон шалгаруулах нь хамгийн чухал байна. Б.Амарбаясгалан багшийн хувьд Эрүүгийн танхимд ажиллахаар байгаа. Эрүүгийн чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан онолын бөгөөд практикийн туршлагатай хүнийг оруулж ирж байгааг дэмжиж байна
Ирцгүй хуралдаж, С.Эрдэнийн санаачилсан төслийг унагав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүн О.Баасанхүү үг хэлэв. Тэрбээр Чуулганы хуралдаанд яг одоо 18 гишүүн байна, ирцээ бүрдүүлж байж, чуулганаа эхлүүлмээр байна. Тэгэхгүй бол хэлэлцэх асуудлууд унах гээд байна" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Малчдын зөвлөгөөн болж байна, эмэгтэйчүүдийн арга хэмжээ болж байна. Гэхдээ гишүүд санал хураалтад оролцоно шүү" гэсэн юм. Ингэж хэлээд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд санал хурааж чадалгүй хойшлуулсан байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслөөр санал хураахад гишүүдээс дэмжлэг хүлээж чадалгүй унав.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ.
Холбоотой мэдээ