Зориулалтын зогсоолд машинаа тавиагүй, байрлуулаагүй жолооч нарын машиныг ачих, дугуйг нь түгжих журам хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна.
Гэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ дээрх журмыг хууль бус гэж үзэн, энэ тухай байр сууриа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хэд хэдэн удаа танилцуулж байгаа юм.
Энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар хувийн 16 аж ахуй нэгж 11 мянган 746 тээврийн хэрэгслийн дугуйг хууль бус журмын дагуу түгжиж, 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлэн, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дүгнэлт гаргаж байв. Мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ШӨХТГ-аас "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, есдүгээр сарын 24-ний өдөр гомдлыг хянан хэлэлцээд, НИТХ-аас батласан дээрх журмыг хууль бус гэж үзсэн байна.
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ болон "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо", "Шударга төрийн төлөө" ТББ-ууд хамтран ажиллаж, хууль бусаар автомашинаа ачуулж, дугуйгаа түгжүүлсэн иргэдийг төлөөлөн, тэдний хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Дээрх Төрийн бус байгууллагууд нь хууль бус журмаас болж эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн гомдлыг барагдуулах ажилд хуулийн зөвлөгөө өгч ажиллах юм байна.
- Зориулалтын зогсоолд машинаа байрлуулаагүй жолооч нарын машиныг ачих, дугуй түгжих журам хэрэгжиж эхэлснээр 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70-80 мянган төгрөгөөр зөөн шилжүүлж, 648 мянга орчим төгрөгийн орлогыг хууль бусаар нийслэлд төвлөрүүлсэн гэсэн тооцооллыг ШӨХТГ-аас гаргасан талаараа өнөөдөр хийсэн мэдээлэлдээ онцлов.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ