Өрнөдийнхөн насанд хүрсэн эр хүний халаасанд дунджаар гурван бэлгэвч байх ёстой гэж үздэг бол дорнын монгол эрчүүдийн халаасанд бараг байдаггүй зүйлийн нэг нь бэлгэвч ажээ. Уршгаар нь монгол эрчүүд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж, насан туршдаа шаналж, халдварт өвчнийг бусдад тарааж яваа бол зарим нь өөрийгөө өвчилснийг ч анзааралгүй явна.
Халдварт өчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр Монгол Улсад 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа юм. Үүний 81.2 хувь нь эрчүүд бөгөөд тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрчүүд байгаа юм. Энэ нь ДОХ-ын халдвартай байж болох хүмүүсийн дөнгөж 38 хувь нь юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын тооцоолж буйгаар Монголд 615 хүн ХДХВ, ДОХ-ын халдвартай байх магадлалтай аж.
Энэ тоон үзүүлэлт замбараагаа алдсан бэлгийн замын халдварт өвчний асуудалд монгол эрчүүд анхаарлаа төвлөрүүлж, илүү хариуцлагатай, ухамсартай хандах цаг болсныг сануулж байна. Эс бөгөөс бэлгийн замын халдварт өвчин удмыг тань тасалж, улсын аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц болоод байна.
Хөгжлийн дээд түвшинд хүрсэн гэх хүн төрөлхтөн ДОХ-ыг төгс эмчлэх аргыг одоогоор олоогүй байгаа. Дайн тулаангүй энх цагт “хормойн” өвчнөөс болж хорвоог орхино гэдэг дэндүү харамсалтай.
ТЭМБҮҮ 4-15 НАСАНД НЬ Ч ИЛРЭХ МАГАДЛАЛТАЙ
Түүнчлэн ДОХ-ын “дүү” гэгддэг тэмбүү ч Монголд газар авч байгаа. “Улаан тариа-2” аяныг Эрүүл мэндийн яам эхлүүлээд буй. Энэ хүрээнд давхардсан тоогоор 30 орчим мянган жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 850 орчимд нь тэмбүүгийн тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эдгээр ээжүүд Алунгуа эхийн домог шиг сарны туяанаас л жирэмслээгүй байлтай. Энэ асуудал бас л монгол эрчүүдийн хаахрамжгүй, хэнэггүй зантай холбоотой. Сүүлийн жилүүдэд төрөлхийн буюу ээж, ааваасаа тэмбүүгийн халдвартай төрж буй хүүхдийн тоо ч мөн нэмэгдэж байгаа. Нэгэнт тэмбүүгийн халдвартай төрсөн хүүхэд амьдрах чадвар багатай ч, ураг хожуу үед халдвар авсан бол бүр хожим буюу 4-15 настайд нь ч илрэх аюултай гэж олон улсын эрдэмтэд үзэж байна.
Тэмбүүгийн халдвар авсан хүнд зовиур, шаналал илрэхгүй. Тиймээс ч халдвар авснаа өөрөө ч мэдэхгүй тараагаад л явдаг. Гэвч тэмбүү нь хүний бүх эрхтнийг маш удаанаар, аажмаар гэмтээнэ. Яс, үс, арьс, салст, бүр мэдрэлийн эсийг хүртэл гэмтээж хүн эрүүлээр сэтгэж чадахаа больж эхэлдэг байна. ДОХ-той харьцуулахад тэмбүү нь эмчлэгддэг ч зовиур илрэхгүй ч мэдрэлдээ нөлөөлтөл тэмбүүг тээж явахгүйн тулд эрт үед нь илрүүлж, эмчлүүлэх нь бас чухал. Харин халдвар авахаас урьдчилан сэргийлэх нь бүр хэрэгтэй.
Тэмбүүгийн халдвараас урьдчилан сэргийлж, дотно харилцааны партнер болж буй залуу та бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч тогтмол хэрэглэж, өөрийн амьдрал, хайртай хүмүүсээ хамгаалах шаардалагатай байна.
Таны нэг удаагийн болчимгүй үйлдэл өөрийг тань, мөн гэмгүй эзэгтэй, ирээдүйд мэндлэх энхрий үрийг чинь ч мөнхөд гунигт унагаж мэднэ. Дахин сануулахад, эдгээр эрсдлээс урьдчилан сэргийлж хэрэв гэнэтийн хавьталд орохоор шийдсэн бол бэлгэвч хэрэглэхээ мартуузай монгол эрчүүд минь.
Р.Дулам