Энэ жилийн “Гоёл-2020” наадмын тайзыг загвар өмсөгчдийн үүсгэн байгуулсан брэндүүд "чимсэн" гэж хэлж болно. Жишээлбэл, “Гоёл” наадмын 13 дахь топ модель Ч.Ундрах өөрийн “UGI” брэндээ танилцуулж, анх удаа “Гоёл”-ын тайзнаа танилцуулсан бол загвар өмсөгч С.Сарнай өөрийн “Monroze” брэндээ танилцуулж, өөрөө тайзан дээр алхсан юм.
Олноо “Яг түүн шиг” шоуны оролцогч гэдгээрээ танигдсан загвар өмсөгч бүсгүй энэ жил анх удаа "Гоёл-2020" наадамд оролцож, "Шилдэг залуу дизайнер”-ын шагналыг хүртээд амжлаа. Тэрбээр баярын сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Анх удаа өөрийн гаргасан загвараар “Гоёл” наадамд орж, өөрийнхөө загварыг тайзан дээр амьлуулах мөрөөдөл маань биеллээ” гэдгээ хэлсэн юм.
Загварын салбарт моделиор чамгүй олон жил ажилласан авьяаслаг бүсгүй 12 жил Япон улсад сурч, ажиллаж байгаад Монголдоо 2011 онд ирсэн. Монголдоо ирээд, хүсэл мөрөөдлийнхөө дагуу "Сити" дээд сургуулийг хувцас дизайнер мэргэжлээр суралцаж, 2015 онд их сургуулиа төгссөн байна. Үүний дараагаар өөрийн “Monroze” брэндийг үүсгэн байгуулж, үндэсний хэв маягийг орчин үеийн стиль имижид шингээсэн өвөрмөц загваруудыг урлах болсон билээ.
"Яг түүн шиг" шоунд оролцохоос өмнө түүнийг 2014 оны “Азийн Стар модель”, дуучин Д.Болдын "Үүлэн домог", дуучин М.Мягмартай хамтран дуулсан "Байна уу, ээж ээ?" дуугаар нь хүмүүс сайн мэднэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ