Эсгийн дээр хөрөг урладаг хос

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Эсгийн дээр хөрөг урладаг хос

Эсгийн дээр хөрөг урладаг хос

“Амьдралын бас нэгэн чухал сонголт бол хүний хань. Хүн насан туршийнхаа ханийг зөв сонгосон байхад амьдрал өөрөө бусдыг нь хажууд аваад л ирнэ дээ” хэмээн өгүүлэх энэ залуу хосыг Г.Амартүвшин, Г.Ариунбилэг гэдэг. Ижил мэргэжилтэй хос хамтдаа эсгийн дээр хөрөг урладаг гэдгээрээ онцгой гэр бүл.

Инээж буй нялх үрс, хайрт хосын дурсамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг яг л фото зураг шиг эсгийн дээр буулгах аж. Ингээд тэдэнтэй танилцана уу.


-Та хоёрыг ижил мэргэжилтэй гэж дуулсан. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

Г.Ариунбилэг: Юуны өмнө News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Бид ижил мэргэжилтэй. Хань маань Хан-Уул дүүргийн “Оргил” дунд сургуульд дизайн технологи, дүрслэх урлагийн багш. Би Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд ажиллаж байна.

-Анх эсгийн дээр зураг зурах санаа хэрхэн төрөв?  

Г.Амартүвшин: Би өмнө нь эсгий бүтээл харж байсан боловч төдийлөн оролдож хийдэггүй байлаа. Тэгээд нэг өдөр надад “Эсгий бүтээл хийдэг энэ хүмүүсээс өөр л бүтээл хийх хэрэгтэй юм байна” гэдэг бодол төрсөн. Аав маань бас хөрөг зурдаг хүн байсан болохоор одоо үед уран сайхны хөргийг эсгийн дээр зурж үзье гээд л эхэлсэн дээ.

-Эсгийн дээр ихэвчлэн түүхэн баатруудын хөргийг зурсан байсан. Монголын түүхээ хэр уншиж судалдаг вэ?

-Хүмүүс Чингис хааны хөрөг болон Монголынхоо түүхэн сэдэвтэй зурганд их дуртай байдаг болжээ. Ялангуяа гар урлалаар бүтээсэн зүйлсийг хүмүүс их сонирхон гэрийнхээ хойморт залж, гэртээ сайн сайхныг бэлэгддэг болсон байна. Айл гэрийн хойморт залрах бүтээл гэдэг үүднээс Чингис хааныхаа зургийг зурж аз жаргал, хөөр баясал бэлэглэж байна гэж бодохоор сэтгэлээ гарган урладаг.

-Бусад даавуу, цаасан дээр зурахаас илүүтэй эсгийн дээр зураг зурах нь юугаараа онцлог бол. Цаасан дээр харандаагаар зурдаг. Харин та хоёр юугаар зурдаг вэ?

Г.Ариунбилэг: Мэдээж өвөг дээдсийн үеэс амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн эсгийг орчин цагийн аргаар дахин боловсруулж, зураг зурдагаараа онцлог. Эхлээд ерөнхий зургаа харандаагаар эсгийн дээрээ буулгана. Дараагаар нь гагнуурын алхаар түлж зурдаг юм.

Эсгийн дээр хөрөг зурахад алдах эрх байхгүй. Учир нь арилгаж болдоггүй учраас анхнаасаа л их хичээж хариуцлагатай зурахгүй бол болохгүй. Тиймээс хөрөг зураг зурахдаа зурж байгаа хүнийхээ нүдэн дээр түлхүү анхаарч зурдаг.  Тухайн хөргийн нүд нь л өөр болчихвол тэр хүн танигдахгүй шүү дээ.

-Залуу хос, гэр бүлийн хөрөг зураг нэлээдгүй зуржээ. Хүмүүсийн захиалгын дагуу зурдаг юм уу. Нууц биш бол бүтээлээ хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ?

Г.Амартүвшин: Бид эсгийн дээр байгууллагын лого, гэр бүлийн хөрөг, монголынхоо түүхэн үйл явдал түүхэн хүн, баатар гэх мэт зураг зурж болох бүхнийг л зурдаг. Бүтээл маань хэмжээнээсээ хамаарч 40-150 мянган төгрөгийн үнэтэй. Бас нэг гэр бүлийн хэчнээн хүний хөргийг хэр нарийн ажиллагаатай  зурах  вэ гэдгээс хамаарч үнэ нь өөрчлөгдөнө. Сүүлийн үед гэр бүлийн хөрөг зураг ихэвчлэн зурж байна. Хүмүүс хөрөг зургаа хараад “Хөөх ямар гоё юм бэ. Яаж ингэж зурдаг байна аа” гэж гайхдаг.

-Эсгийг түлж бүтээлээ хийдэг гэсэн. Ер нь нэг бүтээл хийхэд хэр хугацааг зарцуулдаг вэ?

Г.Ариунбилэг: Эсгийн дээр түлж зурахад үнэр их гардаг учраас нэг суухдаа шууд зурж дуусгах боломжгүй байдаг. Тиймээс өдөрт бага багаар ахиулж эсвэл түр орхиод амарч байгаад дахин эхлүүлдэг. Жишээлбэл, гурван хүнтэй гэр бүлийн зураг байлаа гэж бодоход 2-3 хоногийн дараа хийж, дуусгадаг.

Гэхдээ бас их удаан хугацаагаар түлэлт хийгээд сууж болохгүй. Яагаад гэвэл хурц үнэр гарч, хоолны дуршил буурчих гээд байдаг юм. Ер нь яг толгой шийр хуйхалж байгаа юм шиг л үнэр гарна шүү дээ /инээв/

-Хамгийн их цаг зарцуулсан бүтээл гэвэл?      

Г.Амартүвшин: Нэг гэр бүлийн долоон хүнтэй хөрөг байсан санагдана. Тэр зураг нь таван  өөр зурагнаас долоон хүнийг тус бүрд нь нийлүүлж, нэг хэмжээст оруулж харьцааг нь тааруулж буулгах шаардлагатай болсон Учир нь  өөр цаг үед авахуулсан зурган дээрээс хүмүүсийнхээ гэрэл сүүдрийг тааруулан зурах хэцүүхэн байсан юм.

Тэр бүтээлийн хэмжээ нь 100х120 харьцаатай байсан бөгөөд долоо хоног зурж билээ. Тэр бүтээлийг хийхэд өдөрт хамгийн их цагаа зарцуулан байж зурсан.

-Анх хэрхэн танилцаж байсан тухайгаа яриач?

Г.Ариунбилэг: Анх 2008 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуульд оюутан болж ирээд, сургуулийн бүжгийн тэмцээнд  хос болж оролцож байлаа. Бүжгээ давтаад оройтсон үед нөхөр маань намайг хүргэж өгч, замдаа элдэв зүйлс ярилцан инээлдэж явдаг сан. Нөхөр маань оюутны дотуур байранд, би дүү найз хоёртойгоо байр түрээсэлдэг байлаа.  Нөхөр маань намайг болзоонд уриад анхны болзоондоо байгалийн түүхийн музей үзэж ёстой нүд бүлтийж билээ.

Би хот сайн мэдэхгүй оюутан, нөхөр намайг бодвол хотоор бас сүрхий яваад үзчихсэн болохоор нэг орой “Гоё газар үзүүлье гэж байна” гээд автобусанд суугаад явсан. Тэгээд автобуснаас бууснаа нүд дараад алхаж явснаа “За одоо харж болно” гэсэн.  Тэнгис кино театрын үүдэнд ирчихсэн байсан. Тэгээд л бөөн баяр болж кино үзэж, тоглоом тоглож  хамаг мөнгөө үрчихээд хос хоёр чихмэлтэй гарч ирж байлаа.

Тэр цагаас хойш одоог хүртэл 10 гаруй жил хамт амьдарч, хоёр сайхан хүүтэй болсон.

-Зарим залуус хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээгээр аливаа юманд хандах гээд байдаг нь анзаарагддаг. Залуу гэр бүлийн хувьд одоогийн нийгэмд амьдрах боломж хэр байна вэ?

Г.Амартүвшин: Монголд залуус амьдрах боломж байлгүй яах вэ. Хамгийн гол нь хойч үе болсон хүүхэд, залуус маань өөрийгөө эхлээд олох хэрэгтэй гэж боддог. Чи юу хийж бүтээж, чадаж байна тэрийгээ л хий. Амьдралын бас нэгэн чухал сонголт бол хүний хань. Насан туршийнхаа ханийг зөв сонгосон байхад амьдрал өөрөө бусдыг нь хажууд аваад л ирнэ дээ.

-Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?

Г.Ариунбилэг: Бүхий л цаг хугацааг хамтдаа туулж, гэр бүлдээ цаг гаргаж ярилцах, хамгийн гол нь эхнэр, нөхөр хоёрын итгэлцэлд гэр бүлийн үнэ цэнэ оршдог гэж бодож байна

-Гэр бүлийнхээ ирээдүйн хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

Г.Амартүвшин: Ирээдүйд гэр бүлийн хувийн урлантай болохыг мөрөөддөг. Мөн урлангийнхаа дэргэд дэлгүүр, сургалтын төвтэй болохыг хүсдэг. Бид сэтгэлдээ бүр дэлгүүрийнхээ дотор заслаа хэрхэн хийж, ямар хаяг тавихаа хүртэл төсөөлөн бодож, тэр мөрөөдөлдөө хурдхан хүрэх юм сан гэж хөөрч, догдолдог. Цаашилбал, галерейтай болчихоод уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргаж, хүмүүс  уриад л олон гоё үйл ажиллагаа зохион байгуулах юм сан мөрөөддөг юм.

Мөн өөрсдийн бүтээлээрээ гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцож, улс орныхоо нэрийг гарган Монгол эсгий урлал ямар гайхамшигтай, сонирхолтой юм бэ гэдгийг таниулан хойч үедээ зааж сургахыг хичээх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж