Хятадын тоглолтоос болж, малын түүхий эд үнэгүйдэн, үхрийн шир 2000 төгрөг болтлоо унасан тухай яриа дуулдах болсон тул малын мах, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн худалдаалдаг "Эмээлт" захыг зорилоо. Нийслэлтэй хаяа залган орших эл бүсэд өчигдөр 16.00 цагийн үед очиход зам дагуу байрлах ТҮЦ шиг жижиг байшингуудын гадаа арьс, шир овоолсон байлаа. Харин эгнэн байрлах блокон хашааны хаалганууд хаалттай, хашаанд их хэмжээний арьс, ширийг өндөрлөж өрсөн харагдав. Жижиг байшингийн хажууд зогсож буй хүнээс түүхий эдийн үнийн талаар мэдээлэл авч, өнгөрсөн жилийхээс хэр унасан талаар лавласан юм. “Эмээлт” захад малын түүхий эдийг том, жижгийг нь харгалзан дараах ханшаар авч байна.
- Адууны шир 8000-9000 ₮
- Үхрийн шир 5000-12000₮
- Хонины нэхий өлөнтэйгөө 2500₮ /Дангаар нь авахгүй/
- Ямааны арьс 25-30 мянган ₮
- Тэмээний шир одоогоор авахгүй байна гэсэн юм.
Харин түүхий эдийн үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 5-15 мянган төгрөгөөр бага байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн жил адууны шир 25 мянган төгрөг, үхрийн шир 15-35 мянган төгрөг, ямааны арьс 40 мянган төгрөг, хонины арьс мөн 2500 төгрөгийн үнэтэй байжээ. Хонины нэхийг өлөнгүй бол авахгүй, өлөнг дангаар нь ч мөн адил үнэтэй авч байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэхий “0” төгрөгөөр үнэлэгдэж байна.
Тэрбээр үргэлжлүүлэн “Энд хуримтлуулсан арьс, ширний цөөн хэсгийг арьс, шир боловсруулах үндэсний үйлдвэрүүд авдаг бол үлдсэнийг нь Хятад руу гаргадаг. Нэгэнт мөнгө зараад авсан учраас арьс, ширийг хаяхгүйг хичээдэг. Хэвлэлүүдээр гарч байгаа шиг арьс ширийг үй олноор хаядаггүй” гэсэн юм. Биднийг ингэж ярилцаж зогсох зуур адууны ширийг өндөрлөн ачсан портер машин зөрсөн нь анхаарал татаж, тус машины араас явсаар “Их зам транс” компанийн хашаанд очив. Хашаанд хэсэг бүсгүйчүүд ширний сүүлийг хайчлан ангилан ялгалт хийж байсан бол хэсэг эрэгтэйчүүд портер дээр ачсан ширийг буулгаж, тоолж, нэг нэгээр нь өндөрлөн өрж байлаа. Тус компанийн ажилтнаас дараах мэдээллийг авсан юм.
АРЬС, ШИРНИЙ ЧАНАР МУУДААГҮЙ
-Арьс, шир нь шимэгч амьтдад идэгдсэн, аль нэг шат дамжлагад урагдаж, цоорсон зэргээр чанарын шаардлага хангахгүй байгаа болохоор үнэ нь буурч байгаа гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгч байна. Үнэхээр арьс, ширний чанар муудсан уу. Арьс, шир авахдаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Малын түүхий эдийн чанар муудаад үнэ буурсан гэж хэлж болохгүй. Өмнө нь ямар байсан яг л тийм чанарын арьсыг бид авч байгаа. Малчид малаа, малын арьсыг эрүүл байлгах тал дээр анхаарч, байж болох бүх л арга хэмжээг авдаг. Тийм шаардлага хангасан арьсыг л Арьс, ширний холбооны төлөөлөгчид /ченжүүд/ малчдаас авдаг.
Арьс, шир нь ямар ч цооролт, эсгэлтгүй байна гэж байдаггүй. Малыг үйлдвэрт стандартын дагуу нядалсан ч арьсанд мэс заавал хүрдэг. Гар аргаар малыг нядлахдаа үйлдвэрийн аргаас дутахааргүй, арьсыг аль болох эвдэж, гэмтээлгүй нядалж болдог. Хамгийн гол нь гар аргаар малыг нядалсан ч арьс, ширний гол хэсгийг бүтэн байлгах нь л чухал.
-Танайх өдөрт дунджаар хэдэн ширхэг шир авч байна вэ. Үүний хэдэн хувь нь үйлдвэрийн аргаар нядалсан малынх байна вэ?
-Эд эрэлттэй үе буюу арваннэгээс хоёрдугаар сарын үед, энд нөөцөлсөн ширнээс өдөрт дунджаар 1100-г нь үйлдвэрүүд рүү ачдаг. Үүний 100-200 нь л үйлдвэрт стандартын дагуу нядалсан малынх байдаг. Бүтэн биш арьсны 30-40 хувь нь цоорсон, 50-60 хувийг нь исгэснээс үүдсэн байдаг.
-Хуримтлуулсан ширний хэдэн хувийг урд хөрш рүү гаргаж байна вэ. Урд хөрш рүү арьс, ширийг чөлөөтэй гаргадаггүй нь үнэд нөлөөлж байж болох уу?
-Үндэсний үйлдвэрүүдтэй гэрээтэй ажилладаг болохоор ихэнх хувийг нь үйлдвэрүүдэд өгчихдөг. Манайх дотооддоо зохицуулалт хийчихдэг гэсэн үг. Арьс, ширний үнэ ханш буурсан нь дэлхий нийтэд арьсан эдлэлийн эрэлт буурсантай холбоотой байж болох юм.
АРЬС, ШИРНИЙ УРАМШУУЛАЛД 15-20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
"Эмээлт" захад амьдрал буцалж байна Харин арьс, ширний үнийг өсгөх тал дээр ямар бодлого баримталж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа
-Арьс, ширний үнэ яагаад жил бүр буураад байна вэ. Яамны зүгээс энэ асуудалд ямар бодлого баримталж байна вэ?
-Арьс, ширний чанар муу байгаа болохоор үнэ нь унаж байгаа юм. Энэ нь зөвхөн малчид биш нэмүү өртөг шингээхэд оролцож буй бүх хүмүүсийн буруу.
Чанарт нь арьс, ширний амьдын гэмтэл, нядалгааны үеийн, нядалгааны дараах гэмтэл нөлөөлдөг. Амьдын гэмтэлд шимэгч хорхой, шивээ зэрэг нөлөөлнө. Монголд нядалж буй малын 90 хувийг гар аргаар нядалж байна. Гар аргаар нядалж буй малын арьс шир шаардлага хангадаггүй. Зүгээр л хог болдог. Гэмтэлтэй арьсны 90 хувь нь хутга мэсээр зүссэнээс үүдсэн байна. Харин стандартын шаардлага хангасан махны үйлдвэрт малыг нядалснаар арьс, ширийг ямар ч гэмтэлгүйгээр гаргах боломжтой.
Нядалгааны дараах гэмтэлтэй арчилгаа шууд холбоотой. Нядалснаас хойш гурав хоногийн дотор арьс, ширэнд давс түрхэж, хөлдөөх ёстой. Ингээгүйгээс нядалгааны дараах гэмтэл үүсдэг.
-Таны ярьж буйгаар 90 хувь нь гар аргаар малыг нядалдаг, гар аргаар нядалсан малын арьс хог болдог юм бол стандартын шаардлага хангаагүй арьс, ширэнд яагаад урамшуулал олгоод байгаа юм бэ. Идэшний үед арьс, шир тушаасан малчин бүрд урамшуулал болгон жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Бог мал буюу арьс бүрт 3000 төгрөг. Бод буюу шир бүрт 15 мянган төгрөг олгодог. Арьс, ширний урамшуулалд жилд дунджаар 15-20 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ урамшууллын системийг арьс, ширний чанарыг сайжруулахад хөшүүрэг болгохоор төсөлд тусгаад байгаа. Товчхондоо махны үйлдвэр, арьс ширний үйлдвэрийн уялдааг сайжруулахаар төсөлд тусгасан. Ингэснээр малчид махны үйлдвэрт малыг нийлүүлж, үйлдвэрт стандартын дагуу нядалж, арчилгаа хийж, эвдээгүй арьсыг арьс, ширний үйлдвэрт нийлүүлэх юм. Ингээд арьс ширний үйлдвэр арьсанд "дүн тавьж", шаардлага хангаагүй арьсанд урамшуулал олгохгүй.
-Махны үйлдвэрийн хэдэн хувь нь стандартын дагуу малын арьсыг хуулж байна вэ. “Эмээлт”-д гэхэд махны олон үйлдвэр байдаг ч стандартын дагуу малыг нядалдаггүй. Махны үйлдвэрийг мал хуулах стандарттай байхыг шаарддаггүй юм уу?
-Эмээлтэд байдаг газруудад мэдээлэл хүргүүлж, Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байгаа. Монгол Улсад 60 орчим махны үйлдвэрүүд бий. Эдгэрээс цөөн тооны үйлдвэр нь л стандартын дагуу мал хуулах технологитой.
Арьс, ширний урамшууллын системд өөрчлөлт оруулах журмын төслийг боловсруулж байгаа гэж дуулдсан. Стандартын шаардлага хангасан нядалгааны газруудад нядалсан малын арьс, ширэнд л урамшуулал олгохоор уг төсөлд тусгасан.
-Чанаргүй байгаа болохоор үнэ унаад байна гэж та хэллээ. Гэхдээ урд хөрш рүү, аль нэгэн орон руу экспортлохгүй байгаатай холбоотой биш үү?
-БНХАУ нь салаа туурайтай малын арьс, ширийг түүхийгээр импортоор авдаггүй. Харин адууны арьсыг хязгаарладаггүй.
-Үндэсний үйлдвэрүүд боловсруулсан арьсыг гаднын орноос өндөр үнээр авдаг. Хэзээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой вэ?
-Монголд гүн боловсруулах буюу түүхийг арьсыг боловсруулж жижиг эдлэл, арьсан бүтээгдэхүүн хийхэд бэлэн болгодог 30 орчим үйлдвэр бий. Эдгээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 10 сая ширхэг арьс, шир үйлдвэрлэх чадамжтай гэж үздэг. Гэтэл өнгөрсөн жил 2.5 сая ширхэг арьс, ширийг л бүрэн боловсруулсан гэсэн мэдээллийг Арьс, ширний холбооноос өгсөн. Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа шалтгаан нь арьсны чанартай холбоотой.
ДОТООДДОО 25 ХУВИЙГ НЬ БОЛОВСРУУЛДАГ
Монголчууд жилд дунджаар 10 гаруй сая мал нядалдаг бөгөөд үүний 25 хувийнх нь арьсыг дотооддоо боловсруулдаг аж. Үлдсэн 75 хувьд нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, өмнөд хөрш рүү гаргадаг ажээ. Мэргэжилтний ярьж буйгаар дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 10 гаруй сая ширхэг арьс, ширийг бүгдийг нь боловсруулах бүрэн боломжтой ч чанар нь гологддог болж таарлаа.
Энэ оны эхэнд 600 мянган ширхэг адууны шир “Эмээлт” дээр овоорч бараг хог дээр хаягдахад хүрч, 14 тэрбум төгрөг салхинд хийсэх гээд байгаа талаарх асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тогтоол гаргаж адууны шир экспортлох хугацааг түр сунгасан билээ. Үүнтэй ижил үйл явдал 2016 онд ч мөн гарч байсан юм.
Засгийн газар нь арьс, ширийг дотооддоо тушаасны урамшуулал болгон төсвөөс жилд 15-20 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Гэвч зах зээлд байгаа арьс, ширний 25 хувийг нь л дотооддоо боловсруулж байгаа юм. Чанар нь гологдоод байна гэж үйлдвэрүүд шалтаг тоочиж байгаа ч тэдний голсон арьсаар урд хөрш нь бүтээгдэхүүн хийж Монголчуудад худалдсаар л байна. Тиймээс өөрт байгаа зүйлээ голж, гоншигнолгүй арьс, шир боловсруулах үндэсний үйлдвэрүүдээ хөгжүүлэх шаардлагатай байгааг бодлого боловсруулагчид ойлгохгүй бол малын арьс шир үнэгүйдсээр эхнээсээ нэхий ямар ч үнэ цэнэгүй болж байна. Гэтэл нэхийг боловсруулаад "Дархан нэхий", "Дархан минж" зэрэг үндэсний үйлдвэрүүд нэхий дээл хийхэд дунджаар 500.000-600.000 төгрөгт хүрдэг. Эцсийн бүтээгдэхүүн хийж, дотоодынхоо хэрэгцээг хангахаас эхлээд экспортод гаргах ажлыг салбарын яам нь зохион байгуулахад бодлого хийгээд менежмэнт дутаж байна.
Холбоотой мэдээ