Путины нүдээр хэвлэлийнхэн бүгд тагнуулч

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Путины нүдээр хэвлэлийнхэн бүгд тагнуулч

Путины нүдээр хэвлэлийнхэн бүгд тагнуулч

Чөлөөт сэтгүүлчид, блогчид, олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг “гадны агент”-аар бүртгэх хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ бол интернэт орчин, хэвлэл мэдээлэлд тавих хяналтаа чангатгахад чиглэсэн ОХУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны үргэлжлэл. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн баталсан юм.

Хуулийн төслийг өмнө нь телевизийн нэвтрүүлэгч байсан, өдгөө Нэгдсэн Орос намын нөлөө бүхий гишүүн болсон Пётр Толстой болон Андрей Клишастай хамтран боловсруулжээ. Андрей Клишас өмнө нь Оросын Засгийн газрыг доромжлохын эсрэг болон хуурамч мэдээллийн эсрэг хуулийн төслийг боловсруулахад оролцсон нэгэн аж.

АНУ-ын гадны агентыг бүртгэх хуульд /FARA/ гадаадын эрх мэдэлтний дор эсвэл түүнээс санхүүжиж, тухайн улсын Засгийн газрын ашиг сонирхлын төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулдаг хүнийг “гадаадын агент” гэж нэрлэхээр заасан байдаг. Гэтэл Оросын хуульд гадаадаас санхүүждэг, мэдээлэл түгээдэг хүн бүрийг гадны агент гэж үзэх боломжтой аж. Тухайлбал, “Facebook” олон нийтийн сүлжээнд пэйж хуудас хөтөлдөг хэн ч байсан гадаадаас мөнгө авсан эсвэл гадаадад хөрөнгө эзэмшдэг бол гадны агентаар нэрлэгдэж болох гэнэ. Мөн зарим тохиолдолд хэл бичгийн, судлаач эрдэмтэд ч гадны агентаар нэрлэгдэх боломжтой.

ГАДНЫ АГЕНТ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

— Гадаадын эх үүсвэрээс мөнгө авч, интернэт орчинд мэдээлэл түгээдэг хувь хүн

— Гадаадын мэдээллийг түгээдэг хувь хүн

— Хуулийн дагуу гадаадын сэтгүүлчид эсвэл Оросын иргэд ч гадны агентаар нэрлэгдэж болохыг Төрийн Думын төлөөлөгч мэдэгджээ.

ГАДНЫ АГЕНТААР БҮРТГЭГДВЭЛ ЯАХ ВЭ?

— Гадаадаас мөнгө авсан хүний хэвлэн нийтэлж буй бүх материал болон олон нийтийн сүлжээн дэх постуудад гадны агентын тарааж буй мэдээлэл гэх тэмдэглэгээ тавигдана. Тус тэмдэглэгээг хувь хүн болон вэбсайтын контент дээр байршуулах аж.

—Гадны агентууд нь Хууль зүйн яамд бүртгүүлэх ёстой

Европ, Төв Азийн хүний эрхийн судалгааны байгууллагын туслах захирал Таня Локшина Оросын гадны агентыг бүртгэх шинэ хуульд өргөн хүрээнд хүмүүсийг хамруулах боломжтой гэдгийг анхааруулжээ. Гадны агентаар бүртгэгдсэн хуулийн этгээд нь цахим орчинд нийтэлж, сонинд хэвлүүлсэн материал дээрээ таних тэмдэг тавьж, ОХУ-ын хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой. Үүнийг зөрчвөл 500 мянга хүртэлх рублийн торгууль ноогдуулах, хоёр жил хүртэл хугацаагаар шоронд хорих хатуу шийтгэлтэй. Энэ хуулийн гол зорилго нь ОХУ-ын Засгийн газрыг шүүмжлэгч хүний эрхийн тэмцэгчид болон чөлөөт сэтгүүлчдийг айлгах тактик хэмээн ажиглагчид дүгнэжээ.

ОХУ-ын иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 62 хувь нь “Гадны агент гэж хэнийг хэлэх вэ?” гэх асуултад тагнуул эсвэл дотоодын дайсныг хэлнэ гэж хариулжээ. Судалгааг “Левада Төв” социологийн судалгааны газраас хийсэн ба тус төв өөрөө гадны агентаар бүртгэгдсэн билээ. Оросуудын хандлага ийм байхад гадны агентаар нэрлэгдсэн хүмүүс эх орондоо тайван амьдрах нөхцөлгүй болно гэсэн үг. Хуучин Зөвлөлт засгийн үед улс төрийн тэрс үзэлтнүүдийг хэрхэн хүчирхийлж, дарамталж байсантай ижил нөхцөл байдал үүсэхээс зарим нь болгоомжилж байна.

ОХУ нь 2017 онд гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэргээс хассан мөртөө иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байгааг олон нийт шүүмжилж байна. Путиныг гарын үсэг зурахаас өмнө өнгөрсөн долоо хоногт Оросын нэртэй сэтгүүлч, зохиолч, идэвхтнүүд нэгдэн 60 гаруй хүн хуулийг эсэргүүцэн нээлттэй захидал нийтэлжээ.

Москвагийн дуу хоолой радиогийн эрхлэгч Алексей Венедиктов хэлэхдээ энэ хууль нь өнгөрсөн зун болсон Засгийн газрын эсрэг жагсаалуудаас үүдэлтэй гэнэ. ОХУ-ын нийслэл Москва болон өөр хэд хэдэн хотод өнгөрсөн зун орон нутгийн сонгуулийн өмнө сүүлийн жилүүдэд болоогүй том хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсон юм. Тухайн үед эсэргүүцлийн жагсаалыг мэдээлсэн хэвлэлийн байгууллагуудыг Оросын засгийн газраас хурцаар шүүмжилжээ. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард жагсагчдын жагсаал хийх маршрутыг мэдээлснийх нь төлөө Германы “Deutsche Welle” агентлагийн нэвтрүүлэгчийг эргүүлэн татахыг шаардсан юм. ОХУ-д ирэх 2021 онд Төрийн Думын сонгууль болох чухал цаг хугацаа ойртсон, эрх баригч Нэгдсэн Орос намын нэр хүнд буурсан, жагсаал цуглаан идэвхэжсэн зэргээс шалтгаалан Засгийн газраас хэвлэл мэдээлэл, цахим орчинд хяналтаа нэмэгдүүлж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сард болсон орон нутгийн сонгуулиас харвал сөрөг хүчний нэр дэвшигчдийг хориглосон ч ард түмэн эсэргүүцэх үр дүнтэй аргыг олж чадна гэдгийг эрх баригчид ухаарсан хэрэг гэж ажиглагчид дүгнэжээ.

Өмнө нь 2012 онд Путиныг эсэргүүцсэн томоохон жагсаалын дараа ОХУ-д гадаадаас санхүүждэг төрийн бус байгууллагуудыг гадны агентаар бүртгэх хуулийг баталжээ. Ингэснээр сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн Авлигын эсрэг сан нь гадаадын агентаар бүртгэгдсэн юм. ОХУ-ын Хууль зүйн яамнаас түүнийг гадаадаас хоёр удаа хандив авсан гэж буруутгасан аж. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын дээд шүүхээс хүний эрхийн төлөө тэмцэгч Лев Пономаревийн төрийн бус байгууллагыг татан буулгах шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь зогссон байна. Гадны агентаар бүртгэх хуульд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг батгаах болсон. Тухайн үед Оросын “RT” агентлагийг АНУ-д гадны агентаар бүртгэсний хариу болгож, хэвлэлийн мэдээллийг агентаар бүртгэх хуулийг баталсан билээ. Ингэснээр АНУ-аас санхүүжилтэй Европын чөлөөт радио, Америкийн дуу хоолой зэрэг 10 медиа агентлагийг ОХУ-д гадны агентаар бүртгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж