Сонгууль болоход ердөө хагас жил үлдлээ. Засгийн эрхийг авахын төлөө бүх л улс төрийн хүчнүүд парламентад олонх болохын төлөө өрсөлдөнө. Ингэхийн тулд их хүч хаяж өрсөлдөх нь тодорхой. Аливаа сонгуулийн өмнө намууд санхүүжилтээ олон нийтэд ил болгох үүрэгтэй ч энэ асуудал хаалттай байсаар өдийг хүрсэн. Сонгууль бүрийн өмнө яригдаж шүүмжлэл дагуулдаг хэдий ч өнөө хэр Монголын улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал тодорхой бус хэвээр байна.
УИХ Сонгуулийн тухай хуулиа өөрчилсний дараа нь Улс төрийн намын тухай хуулиа өөрчилнө. Үүгээр намуудын санхүүжилт, ил тод байдалд ямар өөрчлөлт орох нь тодорхой болох учиртай.
Одоо үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийн 20.3-т “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан боловч энэ хуулийг хэрэгжүүлдэг улс төрийн нам алга. Хуульд зааснаар сонгуулиас хойш дөрвөн сар орчмын дараа нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүжилтийн мэдээллийг ил болгохоор зохицуулсан учир дутагдалтай.
Учир нь намуудын санхүүгийн тайланг тухайн сонгуулийн санал хураалтаас өмнө сонгогчид харж байж сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх нь зөв механизм хэдий ч манайд эсрэгээрээ. Тухайлбал, Америкт сонгуульд оролцож буй намууд нь санал хураалтаас хоёр өмнө санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод мэдээлдэг байна. Ингэж санал хураалтын өмнө санхүүгийн тайланг ил болгох нь тухайн нам, нэр дэвшигчийн ард хэн байна гэдэг нь тодорхой харагдах учраас иргэдэд сонголтоо хийхэд нь бодит нөлөө болдог.
Өнөөдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулиар намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээг хуулийн этгээд 10 сая, иргэн нэг сая гэж хязгаарлаж өгсөн ч бодит байдалд мөрдөгдөж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй.
Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох вэ гэдгээ хөшигний ард яриад эхэлсэн нь тодорхой. Ардчилсан намын хувьд 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвших эрэгтэйчүүд нь 100 сая, эмэгтэйчүүд 60 сая төгрөг намдаа тушаах тухай шийдвэрийг тус намын Үндэсний Бодлогын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн нь нэр дэвшигчийн таксаа ил тод зарласан хэрэг байв.
Ямар ч ажил мөнгөөр л хэмжигдэг. Мөнгөгүй бол сурч ч чадахгүй, амьдралын хэрэгцээгээ хангаж чадахгүйтэй агаар нэг. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилт шилэн байх ёстой юм. Хэд байх вэ гэдэг нь тухайн намын дотоод асуудал.
Нөгөө талаар хэт өндөр дэнчин тавих нь мөнгөгүй залууст хаалт болох нь тодорхой. Дээрх хэмжээний мөнгийг намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хүндрэлтэй. Хөрөнгө бэлтэй хүн хаалгаар нь биш тооноор нь орж, хатавчинд нь биш, хойморт нь залрах магадлалтай.
Нэр дэвшигч бүрийн халаасанд 100 сая төгрөг бэлэн байхгүй. Дэнчин мөнгөө төлөхийн тулд улстөрч бусдаас хандив, санхүүжилт, зээл авна. Мэдээж буцааж төлөх нөхцөлтэйгөөр. 100 сая төгрөгийн хураамж бол 60 тэрбумын сүлжээний асуудлаас өөр гэдгийг АН-ынхан тайлбарлаж буй. Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархын халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань Ардчилсан намын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулъя гэсэн санал санаачилга” гэдгийг тодотгосон.
Ямартай ч АН сонгуулийн таксаа ил тод зарлачихлаа. Сайн, муу эсэх нь дараагийн асуудал. Харин эрх баригч МАН чимээгүй байгаагийн цаана 60 тэрбумын схем шигээ хор найруулж байгаа юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд байна. “Муу нуухаар сайн илчил” гэдэгчлэн АН шиг сонгуулийн санхүүжилтээ шилэн зарлаж, 2016 оны сонгуулиар зүүсэн 60 тэрбум гэх нэрээ цэвэрлэх боломж МАН-д байна.
Намын санхүүжилтийн талаар Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангаас тодруулахад, тэрбээр "Улс төрийн намын тухай хуулиар намын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо тогтооно гэж орсон. Компани 10 сая, хувь хүн гурван сая төгрөгийн хандив өргөх боломжтой. Намуудын сонгуулийн санхүүжилт босгох хэлбэрүүд нь тодорхой бус байгаагаас үүдэж өнөөдөр 60 тэрбум гэдэг ч юм уу эсвэл авлига хээл хахуулийн асуудал гарч байгаа. Хамгийн том авлигал улс төрийн намуудад байгааг судалгаагаар ч харуулсан. Үүнийг бид хаах ёстой" гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.
УИХ-д өргөн барид буй УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардалтай холбоотойгоор доорх заалтууд тусгагдсан. Үүнд,
– Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох;
– Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.
Холбоотой мэдээ