Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг зарах шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/ гаргасан нь олны анхаарлыг татаад байна. Монгол наадмын бахархлын түүх болсон эл цогцолбор нь 1959 онд ашиглалтад орсон бол 1993 онд 51 хувийг хувьчилснаар иргэн Т.Нямдаваа эзэмших болсон юм. Харин НИТХ-аас гаргасан шийдвэрээр ирэх оноос Төв цэнгэлдэх хүрээлэн бүрэн хувьд шилжих болж буй. Нийслэлээс эхлээд тус хүрээлэнгийн 51 хувийг эзэмшигчид 49 хувьд дүйцэх үнэ санал болгоно, зөвшилцөхгүй бол нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах юм. Иймээс Төв цэнгэлдэхийн хувьчлал тойрсон асуудлаар энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН АШИГГҮЙ, ЗАРЛАГА ИХТЭЙ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “НИТХ-ын ээлжит хуралдаанаас 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан, 20 гаруй тэрбумаар үнэлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны төсөвт суусан. Жил болгон наадмаар бид сандал тавиад хамгийн ихдээ 15 мянган хүнд наадам үзүүлдэг.
Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо Нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой. Бид гарсан зардлаа хэд дахин нугалж олох ийм л зорилго тавьж байна” гэсэн юм.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ 1993 ОНД ХУВЬЧИЛЖЭЭ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг. Нийслэлийн мэдлийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдаадах дүнг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу газрын төлбөрийн суурь үнэлгээг тогтоосон аж. Гэхдээ зах зээлийн үнээр дахин үнэлгээ хийхээр худалдах үнэ нь нэмэгдэх юм байна. Дээрх мөнгөн дүн бол зөвхөн газрын үнэлгээ бөгөөд Төв цэнгэлдэхийн хөрөнгийг үнэлээд ирэхээр өртөг нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурь нь анх 1958 онд тавигдаж, жилийн дараа буюу 1959 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш их засвар хийгээгүй, сандлыг нь будаж, өнгийг нь сэргээгээд, сүүдрэвч, секцүүдийн дээврийг засах зэрэг урсгал засварыг жил бүр улсын төсвөөр хийдэг байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах үйл явц 1993 онд болсон. Тухайн үед нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл НИТХ хууль бус тогтоол үйлдэж хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэрийг гаргажээ.
Олон шатны шүүх дамжиж, асуудал маргаан үүсгэсэн Төв цэнгэлдэхийн хэрэг эцэслэн шийдэгдэхдээ хувийн хэвшилд 51 хувийг хэвээр нь үлдээсэн шийдвэрийг шүүхээс зарласан байдаг. Ингэснээр Т.Нямдаваа болон хамтрагчид нь "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХК-ийн 49 хувь, түүн дээр павильоны 1.6 хувийг нэмээд 51 хувийг эзэмших болжээ. Нэгэнт Төв цэнгэлдэх хүрээлэн иргэн Т.Нямдаваагийнх болсон учраас тэрээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК байгуулсан байна.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРААС “ХУМСЛАГЧИД”
Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багасчээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд Улаанбаатар хотын дарга асан Ц.Батбаяр газар авч, нэлээд том хотхон сүндэрлүүлсэн юм байна. Түүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш” мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат УИХ-ын гишүүн А.Сүхбат газар эзэмшдэг бөгөөд Төв цэнгэлдэхийн баруун талын 1.2 га газарт дуучин Д.Оюунтүлхүүр газар авч өмчлөх эрхийг нь Т.Нямдаваагаас авсан байдаг аж.
Т.НЯМДАВАА ТАТГАЛЗСАН ТОХИОЛДОЛД НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛНА
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдахаар ирэх оны төсвийн орлогод тусгасан. Хувьчлах асуудал нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын эрх мэдэлд шилжиж байгаа юм. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга ахалдаг. Нийслэлийн өмч хувьчлалын комисс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын үнэлгээг хийлгэж, үнийг зах зээлийн үнээр тогтооно. Тэр үнээр худалдах саналаа "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад тавих ёстой. Компанийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчид эхлээд санал болгох үүрэгтэй. Т.Нямдаваа тухайн үнээр авахгүй гэж татгалзсан тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах юм” гэлээ.
ШИНЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. Энэ хүрээнд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгасан байна.
Шинэ цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байгаа юм. Тодруулбал, 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байдлаар барихаар төлөвлөж байна. Уг барилга 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад орох юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ