“Гэр хорооллын хашааны газар 00-ын үнэд хүрэхгүй байна” | News.MN

“Гэр хорооллын хашааны газар 00-ын үнэд хүрэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

“Гэр хорооллын хашааны газар 00-ын үнэд хүрэхгүй байна”

“Гэр хорооллын хашааны газар 00-ын үнэд хүрэхгүй байна”

Нийслэлийн гэр хорооллын газрын үнэ цэнийг өсгөж, газрын эздэд боломж олгох зорилгоор Гэр хорооллын хөгжлийн нам, Монголын ногоон нам хамтран ажиллахаар болж, өчигдөр /2019.12.04/ санамж бичиг байгуулан, “Гэр хороолол ногоон хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Улаанбаатар хот 4.7 мянган кв газар нутагтай ч 70 орчим хувийг гэр хороолол эзэлдэг байна.  Нийтдээ 216 мянган өрх гэр хороололд амьдардаг аж. Засгийн эрх барьж буй МАН гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах замаар хөгжүүлнэ гэж ярьсан ч хашааны газрыг 1м2-ыг нь 60 мянган төгрөгөөр үнэлсэн нь газрыг үнэгүйдүүлж, 00-ын үнэд ч хүрэхгүй болжээ.

Газрын үнэ унаснаар иргэд хашаа байшингаа барьцаалан банкнаас зээл авахад маш бага хэмжээтэй зээл олддог байна. Гэтэл дөрвөн айлын хашааны газрыг 200 сая төгрөгөөр худалдан авч, 100 айлын орон сууц барихад 7 тэрбумын үнэд хүрдэг аж.

Нөгөө талаас гэр хороолол дахин төлөвлөлтөд орохгүй байгаагаас агаар, хөрсний бохирдлын үүр уурхай болж,  иргэд эрүүл мэндээрээ хохирч байна гэдэг асуудал ч хөндөгдлөө. Гэр хороолол хөгжихгүй байгаа шалтгааныг тэд ингэж тайлбарлалаа.

"ХЯМД БАРИЛГА БАРЪЯ ГЭХЭД ТӨР ДЭМЖЭЭГҮЙ"

Иргэн С.Баттөмөр:  Манай гэр Тасганы овооны орчимд байдаг. Ихэнх айлын газар 300м2. Социализмын үед ийм хэмжээтэй газар л ногдсон. Ганц Тасганы овоо гэлтгүй Гандан, Зурагт гээд нийслэлийн гэр хорооллынхны  газрын хэмжээ ихэнх нь ийм л байгаа. Хотын захиргаа нэг метр кв газрыг 60 мянган төгрөгөөр үнэлэхээр 00-ын өрөөний үнэд ч хүрэхгүй байна.  Уг нь хотын захирагчаар Э.Бат-Үүл дарга ажиллаж байх үед “Эрэл”-ийн захирал Б.Эрдэнэбат “Хямд үнэтэй орон сууц барина. Газрыг тань 1м2-ыг нь 200,000-300,000 төгрөгөөр үнэлж авъя гээд бид дэмжсэн. Гэтэл барилгаа баръя гэхэд нь зээл олдоогүй, төр ч дэмжээгүй. Барилгаа хурдан бариач ээ, бид газраа өгье” гэхэд “МАН дэмжихгүй байна” гээд бараг уйлж явна лээ.

Гэр хорооллынхныг ядуу амьдруулах сонирхолтой байдаг юм уу, энэ МАН-ынхан.

"ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮД ХАМГИЙН ИХ ӨВДӨЖ БАЙНА"

Иргэн Г.Энхцэцэг:  Миний өвөө, эмээ худгаас усаа зөөж, үнс нурамтай ноцолдож ирсэн.  100 жил болоход ч миний хүүхдүүд яг адилхан энэ хэв маягаар амьдарч байна. Ээж, аавын маань үед орчны бохирдол гайгүй байж, одоо маш их хүндэрлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн дийлэнх нь гэр хорооллынх байна. Уушиг, элэг, зүрх нь гэмтсэн өвдсөн хүүхдүүд маш ихээрээ ирж эмчлүүлдэг.

Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулна гэхэд манай хорооныхон гар өргөн дэмжиж, 240 хүний гарын үсэгтэй бичиг хүртэл илгээсэн. Гэтэл дахин төлөвлөлтөд оруулаагүй. Яагаад алаг үзэв. Бид хашаа бүр лүүгээ цэвэр бохир ус, дулааны шугам татаад өгөөч гэж хүсээгүй. Гудамж руу ойртуулчихад л бид өөрсдөө татчихна. Төр ийм ажлыг хийж өгөхгүй болохоор бидний хүч хүсэвч хүрэхгүй байна.

Газрыг үнэд оруулах хэрэгтэй байна. Хашааны газрыг маань байрны урьдчилгааны 30 хувиар тооцохоор бид хашаа  байшин ч үгүй, байр ч үгүй болчих гээд байна.

 "ДӨРВӨН АЙЛЫН ХАШААНЫ ГАЗРААС 7,9 ТЭРБУМЫН АШИГ ХИЙДЭГ" 

Гэр хорооллын хөгжлийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Мөнгөнцэцэг: Дөрвөн айлын хашааг 200 сая төгрөгөөр худалдан авчихаад орон сууц барьж 7.9 тэрбум төгрөгийн ашиг хийдэг. Эрх мэдэлтнүүдийн өнөөдрийг хүртэл гэр хорооллын хашааны газар дээр хийж байгаа бизнес нь энэ. Хотын дарга дахиад энэ бизнесийг хийх тухай ярьж байгаа. 10 мянган айлын орон сууц ярьж байгаа боловч энэ бизнесийг хийх гэж байна.

Манай гэр хорооллын иргэд газрын эзэн гэдгээ ойлгосон. 007 га газраа хоёр өрөө бөгс эргэхгүй байраар солихгүй гэж хэлдэг болсон. Газар дээрээ халуун, хүйтэн устай таун хаус барьж, бизнес эрхлэх боломжтой гэдгээ өөрсдөө хэлдэг болсон, ойлгодог болсон.

Бид төрийг гэр хорооллын иргэдээ бизнес хийх боломжоор нь хангаад өгөөч гэж жагссан. Гэтэл гэр хорооллын иргэдийнхээ газрыг дээрэмдэнэ гэж ярьж байгаа. Гэр хороололд 216 мянган өрх амьдарч байна. Нүхэн жорлонтой, иргэдийн 60 хувь нь ядууралд өртсөн.

Гэр хороолол руу чиглэсэн бодлого байдаггүй.  Төр иргэдтэйгээ түншлэлийн холбоотой ажиллаж, хашааны газрыг нь эдийн засгийн баталгаа болгох, гэр хорооллын иргэд рүү дэд бүтэц татаж өгөх ёстой ч эрх мэдэлтнүүд нь өөрсдөө бизнес хийхийн тулд газрыг нь дээрэмдэхийг л бодож байна.

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь хашааных нь газрыг хямд үнээр худалдаж аваад өндөр орон сууц барьж бизнес хийхийг хэлдэггүй. Таван айл нэгдэж, газар дээрээ арван айлын таун хаус бариад өөрсдөө орж амьдраад үлдсэнийг нь зарж амьдрахыг хэлээд байгаа юм.

Үүнийг дагаад жижиг, дунд бизнес хөгжинө. Жижиг, дунд бизнес хөгжихөөр ард иргэд худалдан авах чадвартай болж, улс орон хөгждөг.  Иргэд баян байж улс баян байна. Хамгийн ядуу байгаа, эдийн засгийн харилцаанд орж чадахгүй байгаа гэр хорооллынхон өнөөдөр эдийн засгийн харилцаанд орж, газар дээрээ бизнес эрхэлдэг болсноор гэр хороолол хөгжинө, Улаанбаатар хот хөгжинө, Монгол Улс хөгжинө. Гэр хорооллын хөгжлийн нам ийм бодлого дэвшүүлдэг. Өнгөрсөн хугацаанд ийм бодлого хэрэгжүүлээч ээ гэж эрх баригчдаас хүсэж, тэмцэж ирсэн. Одоо энэ ажлаа Ногоон намтай хамтарч үргэлжлүүлнэ.

 "НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЭД 1 САЯ ТӨГРӨГ ОЛОХ БОЛОМЖТОЙ"

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:  УИХ-аас 2006 онд Газрын тухай хуулийг баталсан. Улаанбаатар хотын иргэд 007 га газрыг хувьчилж авах эрхтэй.  Энэ дээрээ нарны хавтан зоох юм бол 30 кВт  нарны эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.  Энэ эрчим хүчийг улс худалдан авах. Монголын ногоон нам, Гэр хорооллын хөгжлийн нам төрд орох юм бол гэр хорооллын айлуудын газар дээр нарны эрчим хүч зоогоод түүнийг худалдан авах төсөл хэрэгжүүлнэ..  Өнөөдрийн ханшаар нэг өрх сард 1 сая гаруй төгрөг олох боломжтой.  Энэ тохиолдолд нэг айлын газар ямар үнэтэй болох вэ. Таны газрыг авах гэж байгаа хүн жилд 13 сая төгрөгийн орлого олно.  Ингэхээр банк санхүүгийн байгууллага зээл өгөх боломжтой болно. Зээлийн хүү буурна.

Газар эдийн засгийн эргэлтэд орно гэдэг Монгол Улсын нийт эдийн засагт нөлөөлж, та нарын газар Монгол Улсыг аварна.  Монгол Улс Хятад, Оросоос 200 сая ам.доллараар эрчим хүч худалдан авдаг. Та бидний татварын мөнгийг гадагш нь өгч байснаас ард иргэдээсээ эрчим хүч худалдан авах юм бол долларын ханш ч буурна. Эрчим хүчний хэрэглээ жилд 6 хувь өсөж байгаа гэж Түлш эрчим хүчний яамнаас мэдээлж байгаа. Энэ эрэлтийг бид дотоодоосоо хангах бүрэн боломжтой.

"ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХУВЬСГАЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА"

Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүхээс бид дараах тодруулгыг авлаа.

-Гэр хорооллын хөгжлийн нам, Ногоон намтай хамтраад газрыг үнэ цэнэтэй болгохын төлөө тэмцэнэ гэдэг асуудлыг ярьж байна. Тэмцэх нэг хэрэг, харин шийдэл юу байх вэ?

-Эрх баригчид гэр хорооллыг хөгжүүлнэ гэхээсээ газрын үнэ цэнийг нь унагах асуудлыг зохион байгуулалттай хийсээр ирсэн. Улаанбаатар хотын газар нутгийн 70 хувь нь гэр хороолол. Бид төрд газрын эзэдтэйгээ хамтран түншлээд шинэ Улаанбаатар хотыг бий болгох, иргэдээ ажилтай орлоготой болгох ажлыг эхлүүлээч ээ гэдэг шаардлага тавиад бараг дөрвөн жил болох нь. Тэд бидний шаардлагыг хүлээж авахгүйгээр барахгүй гал түлж амьдарч байгаа дээр нь бизнес хийгээд эхэлсэн. Энэний тод жишээ нь маск тарааж байна, пийшин тарааж байна, утаагүй түлш хийж байна. Машин задалж зардаг ченж шиг төр иргэдийнхээ хэцүү  байдал дээр нь бизнес хийж өдийг хүрсэн. Тийм учраас цогцоор нь өөрчлөх ёстой. Арван айл газраа нийлүүлээд 100 айлын орон сууц барих. Тэрэнд нь төр дэмжлэг өгдөг, зээл олгодог механизмыг бий болгох нь бидний үйл хэрэг юм. Ингэснээр иргэд ажлын байртай, орлоготой, болно. Бизнес хийх эрх чөлөөтэй болно. Хэн нэг даргын танил ч гэдэг юм уу, эсвэл даргын компани зээл авч, нэг айлын газар дээр орон сууц барьдаг.  Яагаад гэр хорооллын газрын эздэд зээл олдоггүй юм бэ. Зохиомол энэ зүйлээ болиоч ээ гэдэг шаардлага тавиад байгаа.

-Арван айл нийлээд газар дээрээ орон сууц барих боломж байгаа юм уу. Иргэд эвлэлдэж нэгддэггүй зовлон байх шиг?

-2012-2016 онд Улаанбаатар хотын Засаг даргаар ажилласан Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлүүлсэн юм. Харамсалтай нь, 2016 оны сонгуульд МАН ялаад С.Батболд хотын даргаар сонгогдонгуутаа дахин төлөвлөлтийг зогсоосон.

Иргэдтэйгээ нийлээд Улаанбаатар хотын 24 байршилд дахин төлөвлөлт хийх  ажлыг эхлүүлсэн. Иргэд өөрсдөө санаачилга гаргаад найман байршлыг зарласан. 100, 200, 300 айл нэгдсэн. “Нарлаг буянт ухаа”, “Газрын эзэд дарь эх” гэх хөршийн холбоо үүсээд, газрыг төлөвлөх санаачилгаа хотын захиргаанд хүргэсэн. Харамсалтай нь,  тэдний санаачлагыг хэрэгжүүлэхгүй байгаа.

Хотын төвд ойрхон айлын хашааны газрыг 1 м2 ыг нь 60 мянган төгрөгөөр худалдаж авна гээд үнэ тогтоочихоод сууж байна. Төр хэзээ ч хувийн өмчид үнэ тогтоож болохгүй. 500 м2 газрыг 30 сая төгрөгөөр үнэлээд захирамж гаргаад сууж байна. Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жил болж байна. Зах зээлийнх нь зарчмаар явах ёстой.

Тэр хүн газартай байгаа бол хот нь түншлээд та сургууль, цэцэрлэг бариад өгөөч, зам бариад өгөөч гэж ажиллах ёстой байтал түншлэлийн харилцаанд орохгүйгээр өөрсдөө газрыг нь дээрэмдэж авч, бизнес хийх гэсэн атгаг санаа гаргаад байгаа учраас бид энийг эсэргүүцэж өнөөдрийн арга хэмжээг хийж байна.

Иргэдэд өөрсдөд нь боломж олгоно.  100 айл газраа нийлүүлээд “Нарантуул” шиг зах яагаад  барьж болдоггүй юм.  Хэн нэг дарга, албан тушаалтан захиргаадалтын журмаар хийх ёсгүй. Тэд бизнес хийхгүй иргэд бизнес хийж орлоготой болох ёстой гэдэг үзэл санаан дээр байгаа.

-Танай нам МАН Засгийн эрх барьсан өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд гэр хороолол хөгжөөгүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-Тийм ээ, 2016 оноос өмнө гэр хороололд хийгдэж байсан ажлыг тэд  зогсоосон. Тухайлбал, Ханын материалд хотын захиргааг барихаар шийдвэрлэсэн байтал зогсоосон. Гэр хороололд хотын захиргааг барина гэдэг хашаан дунд барина. Хашааны газар үнэ цэнэтэй болно, тийшээ дэд бүтэц очно. Иргэддээ хамгийн ашигтай тусах ажил болох байсан. Асуудал байгаа газраа очих ёстой байтал утаанаас зугтаад Богд уулын өвөрт очсон. Тийм учраас бид энэ хамтын ажиллагаагаар гэр хорооллын хувьсгалыг эхлүүлж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-05 66.181.161.76

Нам нэртэй нөхдүүд гудамжны жагсагчид нэг их төр засаг гээд муулсан хүмүүс цаад санаа нь эрх мэдэлд хүрэх өар юу ч байхгүй

Avatar

уншигч 2019-12-05 80.110.98.96

Гэр хороололыг хөгжүүлнэ гэдэг газар зарах, дээр нь баьшин барих асуудал биш.Энд нэг наймааны асуудал яриад байх юм. Иргэд одоо байгаа газартаа яаж улам тохитой амьдрах тухай бодож байна.Нэг тийм газар зуучлагчийн яриа шиг сонсогдоод намын бодлого гарч ирэхгүй байна.

Avatar

Иргэн 2019-12-05 66.181.161.33

Битгий их найдаж үнэмшээрэй монгол хүн 90% д нь ямарч торцоо судалгаа байхгүй сарөн дээр очих төлөвоөгөө боловсруулдаг эцэст хэн нэгэн бухуутай болоод үндсэн хэрэглэгч нь хохирдог ийм жишээ 1000 1000 раа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж