50+26: МАН-ын залуус ахмадууддаа дунд хуруу өгнө

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

50+26: МАН-ын залуус ахмадууддаа дунд хуруу өгнө

50+26: МАН-ын залуус ахмадууддаа дунд хуруу өгнө

Сонгууль болгоны өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг жишиг Монголын улс төрд тогтсон. Ингэхдээ зөвхөн хуулиа өөрчлөөд зогсохгүй сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг нь эх баригч намын өөртөө зориулсан тоглоомын дүрэм гэж тодотгож болно. Ирэх 2020 оны УИХ-ын  сонгуулийг ямар тогтолцоогоор явуулбал МАН-д ашигтай байх вэ гэдэг нь үнэндээ эрх баригч намын толгойны өвчин болж байна.

Улс төрийн намуудын рейтинг, иргэдийн итгэл суларч гуравдагч хүчний орон зай илүүтэй тодорч байгаа энэ үед МАН сонгуулийн хуульд "гар хүрэхдээ" тогтолцоог нь холимогоор  явуулахаар хуулийн төслөө өргөн барьсан. Тодруулбал 2020 оны сонгуулийг 50+26 буюу  50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшүүлнэ. Ингэхдээ тухайн намыг бус хүнийг нь дугуйлна гэдгээрээ онцлогтой.

1992 оноос хойш буюу долоон удаагийн УИХ-ын сонгуулийн гурвыг нь томсгосон буюу 26 тойргоор, дөрвийг  нь жижгэрүүлсэн буюу 76 тойргоор явуулж байжээ.

1992: Сонгуулийн тогтолцоо нь 100 хувь мажоритар буюу нэр дэвшигчдийг сонгох хэлбэртэй байлаа. Энэ сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-ын 76 суудлын 92.1 хувь буюу 69 суудал авсан байна.

1996: Сонгуулийн тогтол­цоо урьдын адил жижиг мажоритар. МАХН-ын эсрэг бусад намууд эвсэл байгуулан оролцсон нь үр дүнгээ өгч “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-д 50 суудал авсан юм.

2000: Тогтолцоо мөн л мажоритар. Дөрвөн жил сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн МАХН энэ удаад Засгийн эрхийг буцааж авав.

2004: Сонгуулийн дүрмээ өөрчилсөнгүй. МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын гурван гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.

2008: Олон мандаттай томс­госон тойрогтой тогтолцоог сонгов. Сонгогч тус бүр 2-4 нэр дэвшигчийг дугуйлахаар болов. МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” нэг, ИЗН нэг, бие даагч нэг сонгогдов.

2012: 26 тойргоор 48+28 холимог тогтолцоогоор явуулсан. АН 33, МАН 27, бусад 13, бие даагч гурван суудал авсан.

2016: Сонгуулийн тогтол­цоо урьдын адил жижиг мажоритар. МАН 65, АН ес, МАХН нэг суудал авсан бол бие даагч нэг сонгогдсон. МАХН-аас О.Баасанхүү гишүүн ганцаараа Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн бол бие даагч С.Жавхлан Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт үнэмлэхүй ялалт байгуулсан.

Өмнөх сонгуулиудаас харахад улс төрийн намуудын рейтинг, иргэдийн итгэл алдарсан үед сонгуулийг томсгосон мажоритар эсвэл холимог системийг илүүтэй хэрэглэж байж.

Энэ удаад МАН-ын зохиосон сонгуулийн дүрэм 50+26 хувилбар хэр тохиромжтой вэ гэдэгт улстөрчид, судлаачид  идэвхтэй байр сууриа илэрхийлж байна.

Тэднээс 2016 оны сонгуулиар анх удаа УИХ-д сонгогдсон зөвхөн МАН-ын 36 гишүүний байр суурийг тодруулахыг хичээв.

МАН-ын гишүүд гэж онцолсны учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд дээрх хувилбарыг дэмжихгүй байгаа бөгөөд УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд  сонгуулийн тогтолцоо холимог байх  хувилбарыг дэмжиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 26 дээр улс нэг тойрог байх нь боломжтой санагдсан. Үндсэн хуульдаа мажоритар тогтолцоотой байна гээд заачихсан. Тэгэхээр 50+26 хувилбараа  яаж мажоритар хэлбэрт оруулах уу, санал хураалтыг сонгогчдод хүндрэлгүйгээр яаж явуулах вэ гэдэг асуудал байна. Одоогоор гишүүдийн санал хуваагдсан байдалтай байна. Хэлэлцүүлгийн үед би шийдвэрээ гаргана. Асуудалд туйлширч хандаж болохгүй.

БХБ-ын сайд Х.Баделхан: Манай аймгаас сонгогдсон гишүүдийн хувьд 50+26 хувилбарыг дэмжихгүй байгаа. Баян-Өлгий аймаг онцлогтой. 1924 онд анхны Үндсэн хуулийг баталснаас хойш УИХ-д гурван төлөөлөл байж ирсэн. Энэ төлөөллөө хадгалах нь зөв гэсэн байр сууринд хэвээр. Улсын хэмжээгээр сонгогдвол гарах боломж нь бага. Тийм учраас урьдын адил жижиг мажоритар тогтолцоо нь зөв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 50+26 тогтолцоогоор сонгуулийг явууллаа гэхэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй дахин сонгууль болох эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас асуудалд болгоомжтой хандах ёстой. Ард түмнээсээ шууд сонгогддог жижиг мажоритар тогтолцоогоор явах нь зөв. Сонгуулийн тогтолцоог нэг томруулж, эсвэл жижгэрүүлээд байх нь тохиромжгүй. Жижиг мажоритар тогтолцооны сул талыг жалга довны үзэл их гардаг гэдэг. Сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ дээр оруулж ирсэн төсвийг  зарлагыг  нэмэхгүй  байх зохицуулалтыг тусгасан нь жалга довын үзлээс ангид болно.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: 50+26 хувилбарыг дэмжихгүй. Үндсэн хууль зөрчинө. Төлөөллийн ардчилал хэрэгжих боломжгүй болох учраас дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс цаашдаа сонгуулийн мажоритар тогтолцоотой байна гэдгээ тунхагласан. Тэгэхээр  пропорцианаль буюу хувь тэнцүүлэх системийг Үндсэн хуулиараа хаачихсан гэсэн үг. Яахав, онолын хувьд томс­госон тойрогтой тогтолцоо нь зөв байдаг. Улс орны хөгжлийн бодлогыг нэгдсэн байдлаар харна гэсэн утгаараа. Гэхдээ өнөөгийн манай нөхцөлд томсгосон тойрог тохиромжгүй.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Дэмжихгүй. Сонгуулийн пропорцональ тогтолцоог явуулахын тулд намууд төлөвшсөн байх шаардлагатай. Шинийг санаачилдаггүй луйвар хийгээд гаршсан хүмүүс  намын нэрээр орж ирэх эрсдэлтэй учраас дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Дэмжихгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр пропорцональ тогтолцоог халчихсан. МАН-аас сонгогдсон гишүүний хувьд хэлэхэд, сонгуулийг тогтолцоог өөрчлөх нь тактикийн хувьд буруу гэж үзэж байгаа. Монгол Улсад өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой тогтолцоо нь жижиг мажоритар. Монгол Улс хүн ам цөөн атлаа газар нутаг том. Улс эх орны өнцөг булан бүрт хүн амьдардаг. Энэ тохиолдолд иргэдэд анхаарал халамж зайлшгүй шаардлагатай.

УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийн дийлэнх нь 50+26 хувилбарыг дэмжихгүй байгаа нь чуулганы хуралдаанаар төслийг хэлэлцүүлгийг шатанд санал хураахад унах магадлалтай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр АН-аас оруулсан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг нь МАН-ын гишүүдийн олонх дэмжээгүй. Гэтэл дахин холимог тогтолцоог Сонгуулийн  тухай хуульдаа оруулах нь эцсийн мөчид МАН гишүүдийнхээ дэмжлэгийг авна гэхэд эргэлзээтэй. Өнгөрсөн дөрвөн жил тойргоо усалж, дахин сонгогдох хүсэл тээсэн гишүүд байр сууринаасаа ухрах нь юу л бол.

Нөгөө талаар маш олон нэрс дундаас сонгогчид хамгийн их сонссон, хамгийн олонд танигдсан улстөрчдийгөө дугуйлдаг. Иймд улс төрийн рейтингийн судалгаагаар дээгүүрт бичигдэж байгаа гишүүдэд ялангуяа “хөгшин", поп улстөрчдөд 50+26 хувилбар  хамгийн ашигтай хувилбар болж, буугаад байгаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж