Хөлбөмбөгийн түүхэнд өөрийнхөө зан ааш, тоглолт, гайхалтай гоолууд, этгээд үйлдлээрээ мөнхөрч чадсан, өдгөө 38 настай Шведийн амьд домог Златан Ибрахимович Италийн АС Милан клубтээ эргэн ирэхээр болжээ. Тэрбээр тус клубт 2010-2012 оны турш тоглож 86 тоглолтод 56 гоол оруулж, Италийн Сериэ-А лигийн аваргаар тодорч, 2011-12 оны улиралд 32 тоглолтонд 28 гоол шигтгэж Сериэ-А лигийн мэргэн буучаар тодорч байв.
Миланд хоёр улирал болсны дараа тэрбээр 20 сая еврогоор Парис Сэйнт-Жермэн клубт ирж байсан билээ. Манчестер Юнайтэд клубээс явснаас хойш Златан сүүлийн хоёр улирлыг АНУ-ын Майжор лигийн ЛА Галакси клубт өнгөрөөж, 58 тоглолтод 53 гоол оруулж, 38 насан дээрээ форм сайтай байгаагаа харуулсан.
Түүнийг авахаар Английн Примьер лигийн Тоттенхам Хотспур идэвхтэй хөөцөлдөж байсан ч Златан эцэст нь Миланд эргэн ирлээ. АС Милан клубын хувьд Сериэ-А лигийн хүснэгтэд 14 тоглолтоос 17 оноо цуглуулж, 11 дүгээр байранд бичигдэж байсан бол Европа лигт хэсэгтээ 10 оноотой 3-р байр эзэлж, цааш шалгарах боломжгүй болсон юм.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: TALK SPORT
Холбоотой мэдээ