Зам тээвэр, хөгжлийн яам (ЗТХЯ)-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 6-ны өдрийн 11:00 цагт болно. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлосон байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал долоон удаа хойшилж, хагас жил дамнаж буй.
Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед бид мэдээлж байв.
Б.ЦЭЦЭГ