Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хууль, журмууд

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хууль, журмууд

Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хууль, журмууд

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ХОЁР ХУВИАР НЭМЭГДЭНЭ

УИХ 2020 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. 

Энэ шийдвэр ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмлээ гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа бол шийдвэр гаргагчид нийгмийн даатгалын салбарын алдагдалтай явж ирсэн тогтолцоог шинэчлэх эхлэл нь энэ гэж тайлбарлаж буй юм. Тодруулбал, энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийтдээ таван хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд ОУВС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөөр байхад МАН түүний гишүүдээс бүрдсэн Засгийн газар эсрэгээрээ төрийн зардлаа нэмэгдүүлсэн. Улмаар түүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлэхдээ НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлэх дээрх шийдвэрийг гаргасан байдаг.

Эдийн засаг хямарсан учраас ийм сонголт хийхэд хүрлээ хэмээн тайлбарлаж байсан удаатай. Өнөөдөр эдийн засаг өсөлттэй байгааг ам уралдан ярьцгааж байна. Үнэхээр эдийн засаг өсөлттэй байгаа юм бол ажил олгогчдод дарамт болсон нэмэгдлээ болихыг иргэд хүсч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.12.03/ 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйгаа мэдэгдсэн. Ямартай ч хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан энэ сарын 2-ны өдөр болж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ журам ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хэдийгээр иргэдийнхээ халаас руу “өнгийж” байгаа огцом шийдвэр боловч өмнөх 20 мянган төгрөгийн төлбөр авто зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээнд зарцуулахад хүрэлцдэггүй учраас нэмсэн гэх тайлбарыг албаныхан өгч байна.

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмснээр уг төлбөрөөс 14 тэрбум төгрөг цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд  бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй юм. 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 150 мянга, суудлын автомашин 100-300 мянга, ачааны машин 200-350 мянга, 15 хүртэл хүний суудалтай автобус 200 мянга, 15-аас дээш хүний суудалтай автобус 300 мянга байна. Сануулахад, 2013 онд тус журам шинэчлэгдэж, Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтсон юм.

ШИНЭЧИЛСЭН ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ

Энэхүү шинэчилсэн багц хууль нь татвар төлөгчийн татвараа төлөх, тайлагнах үйл явцыг хялбаршуулснаас гадна төлөх татварын хэмжээний талаар өмнөх хуульд байсан зохицуулалтын хүрээг тэлсэн, зарим цөөн төрлийн хөнгөлөлтийг шинээр бий болгосон аж. Тухайлбал,

ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЭЛЖ, ХӨРӨНГӨӨ ТҮРЭЭСЛҮҮЛЖ, ОРЛОГО ОЛСОН БОЛ АШГААСАА ТАТВАРАА ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ
  • Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол орлогоосоо зардлаа хасаад ашгаасаа татвараа төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхгүй байсан ч гэсэн та хүсвэл орлогоосоо зардлаа хасаж, зөрүү буюу цэвэр ашгаасаа арван  хувийн татвар төлж болно.  
ОРОН СУУЦНЫ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 3 ХҮРТЭЛХ САЯ БАЙСНЫГ 6 САЯ ХҮРТЭЛХ БОЛГОВ
  • Амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд 6.0 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.  Одоогийн хэрэгжиж буй хуулиар бол 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөх буюу гурав хүртэлх сая төгрөгийн албан татварыг буцаан авах боломжтой. /“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар/
ГОЛ, ГОРХИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛСЭН ИРГЭН, ААН, БАЙГУУЛЛАГАД ЗАРЦУУЛСАН ХЭМЖЭЭНИЙХ ОРЛОГОД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛНӨ
  • Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.
АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМАНД 90 ХУВИАР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ОЛГОНО
  • Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол, алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн, албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого буюу компани байгуулахгүйгээр төрөл бүрийн бизнес эрхэлж олсон орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
24
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
13
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж