Шинэ жилийн гацуур нэг сая төгрөг

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн гацуур нэг сая төгрөг

Шинэ жилийн гацуур нэг сая төгрөг

Хаа сайгүй шинэ жилийн дуу эгшиглэж, гэрлэн чимэглэлтэй гацуур мод гялалзан харагдах болжээ. Албан байгууллагууд энд тэнд баяраа тэмдэглээд эхэлжээ. Дуучид үнэд орж, ананастай тахиа эрэлттэй болох цаг хаяанд ирлээ. Баярын уур амьсгал орсон энэ л өдрүүдэд шинэ жилийн гацуур мод, чимэглэл, бэлгийн багц ямар үнэтэй байгааг бид сонирхлоо. Ингэхдээ дэлгүүр болон захын үнийг харьцуулахыг хичээлээ.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

Бидний очсон эхний газар бол Улсын Их дэлгүүр. Үүдэндээ томоос том, өндрөөс өндөр гацуур босгожээ. Дотогш орвол тэр чигтээ баярын уур амьсгал орсон байлаа. Хаа сайгүй саа, бөмбөлөг, тоглоом гээд шинэ жилийг илтгэх чимэглэлүүд өрөөстэй. Нэг давхарт байх “Номин” супермаркетад бэлгийн багцууд сонголт ихтэй байв. Хамгийн хямд нь 9999 гэж байгаа бол үнэтэй нь 25 мянга 699 төгрөг аж. Дотроо барбитай бэлэг 22 мянга 999 төгрөгийн үнэтэй байна. Гурваас дээш бэлэг авбал бөөний үнээр өгнө гэв.

Жишээлбэл, 25 мянга 699 төгрөгийн бэлгээс гурвыг авбал 22 мянга 999 төгрөг болон хямдрах аж. Бэлгэнд ерөнхийдөө алимны нухаш, жүүс, чипс, choco pie, резинэн чихэр, печень зэрэг амттанууд харагдана. Харагдах байдлын хувьд гялгар, цаасан уут, өвлийн өвгөний хэлбэртэй хайрцаг гээд мөн сонголт ихтэй. Манайх Даваа гаригаас л бэлгээ боож эхэлсэн. Удахгүй дахиад бэлгийн багцууд гарна. Албан байгууллагууд 500 мянган төгрөгөөс дээш худалдаа хийвэл бэлгийн багцын урамшуулалтай хэмээн тасаг хариуцсан худалдагч хэлж байв.

Эндээс гараад бид хоёр давхарт байрлах Гацуурын худалдааг сонирхлоо. Ихэвчлэн Канад, Нидерланд гээд Европ, Скандинавын орнуудаас гацуураа авдаг гэх. Энд гацуур мод 30 хувийн хямдралтай байгаа аж. Нидерландаас оруулж ирсэн 1.80 см өндөртэй энэ гацуур гэхэд 250 ширхэг гэрэлтэй, 499 мянга 990 төгрөгийн үнэтэй. Харин 2.40 см гацуур 30 хувь хямдраад 719.990-611.990 болж буй юм байна.

Гацуур

1.50 см – 119 мянга 990 төгрөг

1.80 см – 499 мянга 990 төгрөг

2.40 см – 611 мянга 990 төгрөг

3 м – 719 мянга 990 төгрөг

Чимэглэл

Бөмбөлөг 1 ширхэг – 7 мянга 999

4 ширхэг – 19 мянга 990

Өвлийн өвгөнтэй тоглоом – 14.999-26.999 төгрөг

Саа – 10 см урттай 2 мянга 999 төгрөг

Наадаг саа – 1 ширхэг 9 мянга 999 төгрөг

                         4 ширхэг нь 21 мянга 999 төгрөг

“НАРАНТУУЛ” ЗАХ

Нарантуул зах руу очиход өдрийн 11:00 цаг болсон байлаа. Худалдаа дөнгөж жигдэрч байгаа тул хүний хөл хөдөлгөөн бага байв. Энд өндөр, нам, өргөн, нарийн бас өнгө өнгийн гацуур эгнүүлэн тавьжээ. Үнийн хувьд янз бүр. Хамгийн жижиг гацуур 60 см өндөртэй 10 мянган төгрөгийн үнэтэй. Хамгийн өндөр нь 3 м гацуур 850 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Гэхдээ худалдаж авсан гацуурт бүх чимэглэл үнэгүй дагалдах юм байна. Үүнд гэрэл, тоглоом, хашаа, баантаг буюу гоёлын тууз орно.

Гацуур

60 см – 10 мянган төгрөг

1.50 см – 130 мянган төгрөг

1.80 см – 160 мянган төгрөг

2.40 см – 180-500 мянган төгрөг

3 м – 850 мянган төгрөг

ЧИМЭГЛЭЛ

Бөмбөлөг 24 ширхэг – 18 мянган төгрөг

50 ширхэг – 35 мянган төгрөг

Саа 3 м – 1500 төгрөг

Боодол /10 ширхэг/ – 12 мянган төгрөг

Шаар – 100 ширхэг 4000 төгрөг.

Нарантуул захаас шинэ жилийн бэлтгэлээ хийж буй худалдан авагчтай цөөн хором ярилцлаа. Түүнийг К.Хулан гэдэг. Тэрбээр эгчийнхээ шинэ жилийн худалдааны бэлтгэл хийх гэж Увсаас иржээ. Өчигдөр Хархорин зах гарч үнийн судалгаа хийсэн аж. Харин өнөөдөр Нарантуул руу ирж харьцуулалт хийхэд үнийн хувьд харьцангуй хямд байгаа учир худалдаж авахаар сонголтоо хийж байгаа аж. Эгч нь энэ үед утсаар Video call хийж, дүүдээ авах гацууруудыг зааж байв. Авсан гацуур мод, чимэглэл зэрэг бараагаа ачааны машинд дайж явуулах юм байна. Увс аймагт төв талбай дээрээ гацуураа чимж, аль хэдийнэ уур амьсгал орсон тухай тэрбээр ярьж байв.

Энэ үеэр бид худалдагч Б.Жанамаатай цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил барааны үнэ ханш нэмэгдсэн үү?

-Юаний зөрүүнээс болж бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ айхтар үнэтэй болж, өөрчлөгдөөгүй.

-Худалдан авалт хэр байна?

-Одоо дөнгөж л эхэлж байна. 12-р сарын дундаас эхлээд бужигнана шүү дээ. Сургууль, цэцэрлэг, ресторан пабууд гээд албан байгууллагууд хөдөлгөөнд орох арай л болоогүй байна. Харин хөдөө орон нутгийн худалдан авагчид бараагаа татаад эхэлсэн. Угаасаа Нарантуулын бараа, бүтээгдэхүүн хамаагүй хямд шүү дээ.

-Тийм байна. Бид дэлгүүрийн үнэтэй харьцуулж үзэхэд хямд байна?

-Түрээсээс л болдог байх. Манайх жишээлбэл энэ хэсэг газрыг 280 мянган төгрөгөөр түрээсэлж байхад дэлгүүрт бол бараг сая гаруй болдог гэсэн. Тэгэхээр хэцүү л дээ.

-Гэхдээ өвөл гадаа зогсох хэцүү байх?

-Тэр ч тийм л дээ. Энэ жил харин урт намар болж байгаа учир харьцангуй дулаахан байна. Тэгээд ч дулаахан хувцастай болохоор гайгүй. Халуун юм уугаад дотроо бүлээцүүлчихээд л зогсоно шүү дээ. Амьдрал юм даа. Манайх уг нь хүүхдийн хувцас зардаг. Гэхдээ шинэ жилийн энэ үеэр хүүхдийн хувцаснаас илүү гацуур, гоёл чимэглэл ашигтай байдаг юм. Худалдаа хийгээд таван жил болж байна. Хүн амьтнаас гуйхгүй, амьдрал болоод л байна. Хүмүүс шинэ жилээр баярладаг бол бид хэдэн төгрөг олохоо л бодно шүү дээ.

Гадаа хэдий нартай, харьцангуй дулаан байгаа ч хагас цаг хэртэй зогсоход л хөл доороос жиндэж байлаа. Хурдхан л дулаан газар орох гэж яарав. Гэхдээ шинэ жилийн уур амьсгалыг мэдрээд ч тэр үү нэг л баяр, хөөртэй болчих шиг…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж