Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.12.04/-ийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэллээ. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ:
-Улсын мөнгөний бодлого тогтворжиж байгаа нь үнэн, эдийн засгийн хямрал тогтворжиж, өсөлттэй байгаа. Гэвч Төв банктай мөнгөний бодлого шууд холбогдоно. Монголбанк өөрөө мөнгөний бодлого дээр тогтвортой, хариуцлагатай байх ёстой. 2012-2016 оны хугацаанд Төв банкны дотоод асуудлаар шалгалт хийхэд улсын валютын нөөц, эрдэнэсийн сан, долларын ханш гэнэт унасан гэх мэт асуудлууд маш их гарсан. Төв банк өөрөө маш том алдаа гаргасан. Цаашид ханш, мөнгөний бодлогыг тогтвортой байлгах чиглэлээр ямар бодитой, тодорхой арга хэмжээ авч, үйл ажиллагаа хийх вэ. Өмнө нь УИХ-аас гарсан тогтоол, чиглэлүүд бий. Тэдний хэрэгжилт ямар байна вэ.
Ажлын хэсэг:
-Монголбанк бодлогын чиглэлээр дотоод үйл ажиллагааны хүрээнд доголдолуудыг засах зорилгоор дунд хугацааны хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. Төв банкны газар нэгжүүдийн уялдаа холбоо, харилцан хяналтын тогтолцоог бий болгож, суулгаж өгсөн. Тухайлбал, хууль эрх зүйн газар дээр хяналт, бодлого нь тусдаа гэх мэт өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийж байгаа. Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын хороодыг бий болгож, ажиллаж байна. Сүүлийн үеийн мөнгөний бодлогын үндсэн зорилт эдийн засгийн уналтыг зогсоож, богино хугацаанд тогтворжуулах бодлого барьсны үр дүнд 2017 онд эдийн засга тогтворжсон учраас 2018 оны мөнгөний бодлогын зорилтыг эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго руу чиглүүлсэн. Бизнес зээл нэмэх, аж ахуй нэгжүүдэд зээл олгох зэрэг багтана. 2019 онд гадаад эрэлт, түүхий эдийн үнэ гэх мэт өндөр өсөлтөө дэвэргэх биш дунд, урт хугацаанд нь савлагаа багасгах чиглэлээр зорилтуудаа тодорхойлсон. Мөн банкуудыг чадваржуулах чиглэлээр бодлого арга хэмжээ хэрэгжээд явж байна.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Монголын эдийн засаг ямар ч зохицуулалтгүй байна. Хөгжлийн бодлогоо дагасан төрийн зохицуулалт байх ёстой. Үүнтэй холбоотойгоор банкны системд төрийн зохицуулалт байхгүй. Өнөөдөр 13 арилжааны банктай. Энэ банкууд бүгд бие биенээсээ уралдаад өндөр хадгаламж авчихсан. Гэтэл зээлийн хүүг бууруулахад гол нөлөөлөгч нь хадгаламж эзэмшигч. Хадгаламж эзэмшигч нартай ярилцах боломж бий юу. Дундаж түвшинд инфляцийг яаж удирдах вэ. Монголбанкнаас хамаарахгүй инфляцийн өсөлтийг яаж зохицуулах вэ.
Ажлын хэсэг:
-Хадгаламж, төвлөрөлтэй холбоотойгоор зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааны нэг гэдэгтэй санал нэг байна. Сая бид эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалт тавьж, эрсдэл нь буурвал хүүнд эерэг нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна. Бид банкны салбарын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зээлийн хүүнд эерэг нөлөө үзүүлэх болов уу гэж тодорхой арга хэмжээ авч байгаа юм.
Ийнхүү гишүүд үг хэлж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ.
Үүний дараа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хот суурин газрын бохир усыг цэвэрлэх техник технологи муудаж, байгальд шууд хаяж, хүнд амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 130 гаруй цэвэрлэх байгууламж байгаагаас ихэнх нь эвдрэлтэй. Цэвэрлэх байгууламжийн доголдлоос жилд 120 сая тонн шоо метр бохир усыг хаяж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА:
-Хот суурины усан хангамж, ариутгалын асуудал чухал. Гэр хорооллын усан сангаас судалгаа хийхэд микро организм маш их байдаг. Гэр хорооллын айлууд нэг литр нь нэг төгрөг. Тонн ус авахад 1000 төгрөг. Тээвэрлэхээр 10 мянган төгрөг. Уснаасаа тээвэрлэлт н өндөр байгаа. Тиймээс цаашдаа гэр хороололд дэд бүтэц авчрах шаардлагатай. Гэр хороолол гэж байгаа ч ихэнх нь байшин болчихсон. Дотор нь халуун, хүйтэн усны дэд бүтэц шийдвэл хөрсний бохирдол, утааны асуудал багасна.
БХБ-ын сайд Х.БАДЕЛХАН:
-Энэ хуулийн төслийг дэмжиж өгөөч гэж УИХ-ын гишүүдээс хүсч байна. Үүн дээр ямар нэг нэмэгдэл зардал гарахгүй. Барилгын мэргэжлийн хяналтын байцаагч ус хангамжийн асуудлыг хариуцдаг. Тиймээс Ус зохицуулах зөвлөлд байгаа зарим мэргэжилтнүүдэд усны улсын байцаагчийн эрх олгоё.
УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:
-Хот байгуулалтыг анхнаас нь зөв төлөвлөх хэрэгтэй байлаа. Төр нь хот байгуулахдаа дэд бүтцээ тавьж байна. Дэд бүтцээ зөв тавиад, үүнийхээ дагуу байшин барьж, дагуул хотоо хийдэг. Үүн дээр бид анхаарах ёстой хэмээв.
Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараагаар санал хураалт явуулав. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ