Жолооч нарын 30 хувь нь зорилгогүйгээр ачаалал үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Жолооч нарын 30 хувь нь зорилгогүйгээр ачаалал үүсгэдэг

Жолооч нарын 30 хувь нь зорилгогүйгээр ачаалал үүсгэдэг

Улаанбаатарын авто замын түгжрэл хэрээс хэтрээд удаж буй. Нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслээр зорчсон ч ялгаагүй аль ч зам түгжээтэй. Замын голд дунджаар 2-3 цагийг үр ашиггүй өнгөрүүлж буй юм.

Өдгөө 1.6 сая гаруй хүн амтай дэлхийн хэмжээний метрополис хотод амьдарч буй хүн бүр өдөрт ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцдог байна. Судалгаагаар өдөрт дунджаар 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэх дүн мэдээ бий. Харин замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 30 хувь нь ямар нэгэн зорилгогүйгээр ачаалал үүсгэдэг байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоон жилийн тоон өсөлтийн дунджаар баримжаалж 2025 он хүртэлх хэтийн төлвийг тооцоход, хүн ам жилд дунджаар 30 мянгаар нэмэгдэх бол тээврийн хэрэгсэл нь дагаад 27.5 мянгаар өсөх тооцоо гарчээ. Ийм нөхцөлд дагуул хот байгуулах, төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос гаргах, метротой болох зэрэг түгжрэлийг бууруулах урт хугацааны төлөвлөлтийн хажуугаар ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодож, шийдэл олохоос өөр аргагүй.

Уг нь замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зохицуулалтыг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч иргэдийн 65 хувь нь эсэргүүцсэнээр амжилтгүй болсон юм. Хэрэв энэ бүсчлэлийг хэрэгжүүлсэн бол замын түгжрэлийг 30 хувиар бууруулж болох байв. Нөгөөтэйгүүр замын түгжрэлийг зохиомлоор үүсгэж буй асуудал нь зогсоол.

Таван алхмын газарт аль нэг албан газраар орж ажил төрөл хөөцөлдөхдөө, дэлгүүр орохдоо заавал гадна нь машинаа байрлуулах зогсоол хайж хэд дахин эргэлдэж, түгжрэл үүсгэдэг зан бидэнд л бий. Тиймдээ ч зогсоол хайж хэдэнтээ гороолдог, түгжрэлийг зохиомлоор үүсгэдэг энэ асуудлыг удахгүй шийдвэрлэх нь. Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын хөдөлгөөн төлөвлөлт инженерчлэлийн газар хамтран 2020 онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт инженерчлэлийн газрын мэдээлснээр дөрвөн захад машины том зогсоолыг бий болгох юм байна. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрийн машинаараа хотын төв рүү орж ирэх шаардлагагүй, зогсоолд машинаа байршуулж нийтийн тээврээр зорчих гэнэ. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж холбогдох албаны хүмүүс үзэж буй юм байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХОТЫН ТӨВ РҮҮ ОРОХООР БОЛ ТӨЛБӨР ТӨЛДӨГ БОЛНО

Энэ асуудлаар Замын хөдөлгөөн төлөвлөлт инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн Ш.Ганхөлөгөөс тодрууллаа.

Автозамын түгжрэлийг бууруулах тал дээр сүүлийн үед танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Жолооч нарын дунд судалгаа явуулахад 70 хувь нь тодорхой ажлын шаардлагаар хотын төв рүү орж ирдэг гэсэн бол үлдсэн 30 хувь нь ямар нэгэн шалтгаангүй орж ирдэг гэсэн. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй машин, зам хоёрын тоо алдагдсан. Машин нь замаасаа олон болсон. Иймээс үүнийг шийдэх арга аргачлал нь урсах хөдөлгөөнөө тогтмол байлгах, эсвэл машины тоонд хяналт тавих юм. Машины тоонд хяналт тавих асуудал дээр нэг машин нэг өдөр хөдөлгөөнд оролцдоггүй байх буюу дугаарын хязгаарлалтын асуудал хэрэгжиж байна. Харин Автозамын хөдөлгөөнийг тогтмол байлгах тал дээр өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн арга хэмжээ авсан. Тухайлбал, ойр ойрхон байрласан явган хүний гарцыг цөөлсөн, шар хайрцгийг хэрэгжүүлсэн, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан, зүүн эргэхийг хорьсон, ачаалал багатай хотын захын замууд дээр явган хүний товчлуур суурилуулж өгсөн, зам тавьж өгөөд баруун эргэх зэрэг түгжрэлийг бууруулах инженерчлэлийн аргыг хэрэгжүүлээд явж байна.

-Цаашид түгжрэлийг бууруулахаар хотын захын дөрвөн бүсэд зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Өмнө нь түгжрэлийн прогнозыг харахад зарим газарт ногоон, зарим газарт шар, улаан гэх гурван өнгөний хэлбэлзэлтэй байсан. Харин одоо нийслэлийн түгжрэлийг интернэтээс хянахад бүгд нэг өнгөтэй болсон. Нэг газартаа дан улаан болсон нь замын хөдөлгөөн ачаалалтай байгааг харуулж байна. Бидний тооцоолсноор хойноос урагшаа буюу 32-ны тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл 8 км, зүүн дөрвөн зам-баруун дөрвөн зам, офицеруудын ордноос таван шар хүртэл 10 км зам дээр түгжрэл үүсч байгаа юм. Босоо 8 км, хэвтээ 10 км тус тус түгжирч байгаа замуудын ачааллыг бууруулахын тулд багахан хэмжээний тойрогтой авто зогсоол байгуулж байна. Жолооч нараас санал асуулга асуухад 70 хувь нь тодорхой хэмжээний зорилго дор хотын төв рүү, 30 хувь нь хувийн шалтгаанаар буюу тодорхой зорилгогүй оролцож байгаа юм.

Зорилгогүй замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг нийтийн тээврээр зорчдог болгоё гэсэн санаачилга гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын дөрвөн захад буюу Баянгол Сонгинохайрханд 1, Чингэлтэй Сүхбаатар дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 1 тус бүр автомашины дөрвөн том зогсоолыг хотын захад бий болгоно.

Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрийн машинаараа хотын төв рүү орж ирэх шаардлагагүй, тэр зогсоолд машинаа байрлуулж, хотын төв рүү нийтийн тээврээр зорчиж, ажлаа амжуулна гэсэн үг. Тухайн зогсоолоос богино рэйсээр том оврын автобус иргэдэд үйлчилнэ. Энэхүү төслийг 2020 оны гуравдугаар улирлаас буюу 6-9 дүгээр сард хэрэгжүүлнэ. Зогсоол байгуулснаар одоогийн мөрдөгдөж буй дугаарын хязгаарлалт хүчингүй болно.

-Жолооч нар хотын төв рүү тээврийн хэрэгсэлтэй зорчсон тохиолдолд төлбөр төлөх заалт бий. Төлбөрийн хураамжийг хэрхэн зохицуулах вэ?

-Тээврийн хэрэгсэл хотын төв рүү орж ирэхэд хураамж төлнө. Энэ тохиолдолд хотын төвийн тодорхой хэмжээний бүсэд төлбөр төлнө, төвийн зогсоолууд өндөр төлбөртэй байна гэх олон шат дамжлагатайгаар бид судалгаа хийж байна. Төлбөрийн системийн хувьд тодорхой заасан журам байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарт данс нээх, төлбөртэй зогсоол руу ороход данс үүсгэх, мобайл, интернэт банкаар төлөх гэх мэт боломжит бүх талаас нь харж байна.

-Өмнө нь хотын төвийг A, B, С гэсэн гурван бүсчлэлд хуваах төслийг иргэд дэмжээгүй. Энэ удаагийн төслийг иргэд эсэргүүцвэл яах вэ, санал авах уу?

-Өнгөрсөн зун бид төвийн бүсчлэлийг бий болгож A, B, С гэсэн гурван бүсэд хуваах төсөл хэрэгжүүлэх байсан ч иргэд эсэргүүцэж, үл дэмжлэгт хамрагдсан. Үүнийг бид иргэд дутуу мэдээлэл авснаас буруу ойлгосон юм болов уу гэж харж байгаа. Бид өмнөх туршлага дээр үндэслэн иргэддээ мэдээ мэдээллийг сайн түгээнэ, үнэн зөвөөр ойлгуулна, төслөө хэрэгжүүлнэ.

-Олон улсын стандартад нийцсэн парк зогсоолыг байгуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Олон улсын туршлагаас буюу практикаас судалж байна. Одоогоор манай улсад мөрдөгдөж буй зогсоолууд нь бүгд ил. Өөрөөр хэлбэл, нэг тээврийн хэрэгсэл нэг л зогсоолд байрлаж байгаа. Тиймээс далд зогсоол буюу газар доорх зогсоол байгуулна. Дээр нь амралт чөлөөт цаг өнгөрүүлэх ногоон байгууламжтай. Хоёрдугаарт, липт зогсоол буюу нэг тээврийн хэрэгсэл зогсох талбай дээр 3-6 машин зогсох зогсоолуудыг бид судалж байна. Зогсоолыг шийдвэрлэхдээ зөвшөөрөлгүй зогсоолуудыг татан буулгах замаар газрыг чөлөөлнө. Энэ төсөл 2020 онд хэрэгжинэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
122
ТэнэглэлТэнэглэл
42
ХахаХаха
21
ЗөвЗөв
17
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж