Британийн нийслэл Лондон хотод NATO-гийн дээд хэмжээний чуулга уулзалт өчигдөр /2019.12.03/ эхэлсэн билээ. Уг чуулга уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын 2,4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 100 хүртэл хувийн татвар ногдуулж байгаагаа зарласан юм. Харин Францын Ерөнхийлөгч Макрон NATO-г “тархи нь үхэжсэн байгууллага" гээд Дональд Трампын гадаад бодлого тус байгууллагын үндсэн зорилт, эв нэгдлийг алдагдуулж байна хэмээн шүүмжилсэн билээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Дональд Трамп нар НАТО-гийн уулзалтын эхний өдөр сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ ширүүхэн маргасныг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Хамтарсан мэдэгдлийн үеэр Дональд Трамп Макроны хэлсэн үгсийг маш увайгүй гээд Ойрхи Дорнод дахь Исламын улс бүлэглэлийг бүрэн устгаж дууссанаа бахархалтай ярьж эхэлжээ. Гэтэл хариуд нь Макрон “Исламын улсын аюул оршсоор байна. Ингэж хэлсэнд уучлаарай” гэсэн байна.
Хариуд нь Трамп “Европоос очсон маш олон террорист тэнд бий. Франц, Герман, Британиас гэх мэт. Зарим улсууд өөрсдийн иргэдээ хүлээж авна гэдгээ мэдэгдсэн ч Макрон надтай энэ талаар огт яриагүй. Исламын террористуудаас авмаар байна уу. Би дуртайяа танд өгнө” хэмээн тохуурхтал Макрон “Энэ бол тоглоом биш. Маш нухацтай ярих асуудал. Тэдний ихэнх нь Сири, Ирак болон Ойрхи Дорнодын бүс нутгаас гаралтай. Европоос очсон хүн маш цөөхөн. Энэ бол таны нэн тэргүүний асуудал биш” гэж хариулжээ.
Дональд Трамп Макроныг асуудлаас зугтлаа гэж буруутгасан бол Макрон Трампыг “АНУ-ын Ерөнхийлөгч Европын үзэл санаанаас өөр бодолтой байгааг бид анх удаа харлаа. Тэдний бодлого Европыг өөрөөсөө холдуулж байна” хэмээн яриаг өндөрлөжээ.
Эх сурвалж: NY TIMES
Холбоотой мэдээ