Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн өнгийг тодорхойлж, 2006 оноос хойш дөрвөн дэлхийн аварга дараалан Европын улс “Алтан дагина”-ыг өргөсөн билээ. Ийм ч утгаараа Европын аваргыг “бага” дэлхийн аварга гэж хэлэхэд хилсдэхгүй. 2020 онд 16 дахь удаагийн Европын аваргын хэсгийн шатны сугалаа Румын улсын нийслэл Бухарест хотод болж өнгөрлөө.
Энэхүү Европын аварга нь түүхэндээ хамгийн олон буюу 24 баг, хамгийн олон хотуудад буюу Европын 12 улсын 12 хотод зэрэг зохиогдоно. ЕАШТ-ий нээлтийн тоглолт Итали улсын Ром хотын Олимпийн цэнгэлдэхэд зургадугаар сарын 12-нд Турк-Итали гэсэн улсуудын тоглолтоор хөшгөө нээх бол финалын тоглолт долдугаар сарын 12-нд Английн Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд болно. Та бүхэнд хэсгийн оноолтууд болон эхний шатны таамгуудыг танилцуулж байна.
Групп-А
– Турк
– Итали
– Уэльс
– Швейцарь
А хэсгийн хувьд бүх багт боломж бий. Энэ ч утгаараа “бага” үхлийн хэсэг гэж хэлж болно. Роберто Манчинигаар удирдуулсан цус сэлбэсэн Италийн шигшээ баг сүүлийн үед төгс гэмээр формтой байгаа бол Гарэт Бэйлийн Уэльс өмнөх Европын аваргаар хагас шигшээ хүртэл явсныг мартаж болохгүй. Харин Турк, Швейцарь улсуудын хувьд бас л амаргүй учраанууд. Гэхдээ Итали болон Уэльс дараагийн шатанд шалгарах өндөр боломжтой харагдаж байна.
Групп-В
– Дани
– Финланд
– Бельги
– ОХУ
Энэ хэсэг дээр дэлхийн чансааг тэргүүлэгч оддын цуглуулга болсон Бельгийн шигшээг зогсоох баг олдохгүй л болов уу. Роберт Мартинез харин 23 тоглогчоо сонгох гэж нилээн хүнд асуудлуудтай тулгарах буй. Дани, Финланд, ОХУ гэсэн багуудын дунд удаах өрсөлдөөн явагдана.
Кристиан Эриксанаар манлайлуулсан, Симо Кие болон Андрэс Кристенсэн нараар хамгаалалтын шугамаа зузаатгасан Данийн шигшээ баг ДАШТ-д хэний ч таамаглаагүй амжилт үзүүлж, Испанийг хожсон Черчесовын “Сборная”-тай гол өрсөлдөөн үзүүлнэ гэж таамаглаж байна. Анх удаа ЕАШТ-д орж буй Финландын шигшээ Пукки гэж Английн Примьер лигт цахиур хагалж буй довтлогчийн тусламжтай гэнэтийн бэлэг барихыг үгүйсгэхгүй.
Групп-С
– Нидерланд
– Украйн
– Австри
– Эрх олгох D хэсгийн ялагч (Исланд-Румын, Болгар-Унгар)
Залуучуудаар цусаа сэлбэсэн Нидерландын шигшээ баг энэ хэсгийн гол фаворит. Харин тэдний эсрэг Давид Алабагийн Австри болон домогт довтлогч Андрей Шевченкогоор удирдуулсан Украйны шигшээ баг зогсоно. Үүн дээр Исландын шигшээ баг нэмэгдээд ороод ирвэл сонирхолтой өрсөлдөөн үүснэ. Гэвч энэ хэсгийн тэргүүн багаар залуу оддын цуглуулга Нидерланд тодорно биз.
Групп-D
– Англи
– Хорват
– Эрх олгох С хэсгийн ялагч ( Шотланд-Израиль, Норвеги-Серби)
– Чех
Дээрх хэсэг дээр эрх олгох тэмцээнээс Шотландын шигшээ баг ороод ирвэл Английн шигшээ багийн хувьд хар дарсан зүүд болно. Чех болон Шотландын шигшээ багтай тоглолт таардаггүй Гари Соутгэйтээр удирдуулсан Английн шигшээ багийн энэ цаг үеийн хөлбөмбөгчид үнэхээр бишрэм тоглолтыг үзүүлж байгаа нь гайхалтай. Гэвч ЕАШТ-ийг зорих онгоцонд 23 хүний л суудал бий.
Хорватын хувьд хөлбөмбөгийн шигшээ багийнх нь “алтан үе” ирээд буй. Өнгөрөгч ДАШТ-д аман хүзүүдэж, талбайн найруулагч Лука Модрич нь байж болох бүхий л шагналыг түүсэн Хорватын шигшээ энэ удаагийн ЕАШТ-ий гол фаворитуудын нэг. Нягт хамгаалалттай Чехийн шигшээ ч хатуу самар.
Групп-Е
– Испани
– Швед
– Польш
– Эрх олгох В хэсгийн ялагч (Босни Герцеговин-Хойд Ирланд, Словак-Ирландын нэгдсэн улс)
Урд шугамд нь Роберт Левандовски байгаа цагт Польшийн шигшээ багийг дутуу үнэлж болохгүй. Испанийн шигшээ багийн хувьд ч тэр цөм шинэчлэлт хийгдсэн залуу бүрэлдэхүүн Луйс Энриквегийн удирдалган доор бойжиж буй. Швед болон В хэсгийн ялагч болж орж ирсэн ямар ч баг хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ. Ялангуяа Эдэн Жекогийн Босни Герцеговин бусдаасаа ялимгүй илүү харагдаж байна. Роберт Левандовски-Эдэн Жеко гэсэн довтлогчдын тулааныг дэлхий нийтээрээ хүсэж буй билээ.
Групп-F
– Эрх олгох А хэсгийн ялагч ( Гүрж, Беларус, Хойд Македони, Косово)
– Португаль
– Франц
– Герман
Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж байдаг бол үнэхээр энэ хэсэг дээр хатуу хандсан. Цомыг хамгаалагч Кристиано Роналдогоор ахлуулсан Португалийн шигшээ баг, ДАШТ-ий аварга “Алтан дагина”-ыг эзэмшигч Францын хүчирхэг шигшээ баг болон 2014 ДАШТ-ий аварга, 2017 оны Тивүүдийн аварга эрс шинэчлэлт хийгдэж буй Герман “машинууд” гээд энэ удаагийн ЕАШТ-д түрүүлэх магадлалтай гол багууд “үхлийн хэсгийг” бүрдүүлсэн.
Эдгээр багуудад бүгдэд нь боломж бий. Учир нь хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хамгийн өндөр амжилттай дөрвөн баг хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болно. Энэ хэсэг дээр одоогоор таамаглах зүйл алга. Эрх олгох А хэсгийн ялагч багаас үл хамааран дээрх гурван баг цусгүй тулаан хийнэ. Гэхдээ Герман болон Францын шигшээ багуудыг хэсгээ тэргүүлнэ хэмээн үзэж байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ