Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

МАН-ын молиго

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор энэ удаагийн сонгуулийн тогтолцоог 50+26 гэсэн хувилбараар өргөн барив.

  • Сонгуулийн  тухай хуулийг анх 1992 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв.
  • 2015 онд батлагдсан Сонгуулийн хуулиудыг нэгтгэсэн. Энэ хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Эрх баригчдын зүгээс тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан гэж тодотгосон. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм.

50+26 хувилбарыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн. Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ талаар онцгойлон байр суурь илэрхийлсэн хүн байгаагүй бөгөөд намын генсек Д.Амарбаясгалан энэхүү хувилбарыг танилцуулснаар МАН-ын бүлэгт шилжсэн.

МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс олонх нь 50+26 хувилбарыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр унагасан саналаараа одоо хуулийн төсөл өргөн барьдаг нь ямар учиртай юм” гэж шүүмжилсэн  байна. Мөн залуу бөгөөд анх удаа сонгогдсон гишүүдийн зүгээс  “Ах нарт боломж олгох хуулийн төслийг хэлэлцэхэд суухгүй” гэх мэтээр дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Намын генсек Д.Амарбаясгалан бүлгийн хуралдаанд оролцож, Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагахыг намын гишүүддээ сануулжээ.

МАН-ын бүлгийн хурал төдийгүй гишүүдийн зүгээс Удирдах зөвлөлийн шийдвэртэй санал нийлж байгаа хүн тун цөөхөн. Тиймээс энэхүү саналаар дахин бүлэг хуралдах талаар ч зарим гишүүд саналаа илэрхийлжээ. Харин анх удаа сонгогдсон, шинэ гишүүдийн зүгээс 50+26 гэсэн хувилбар дээр бүлэг байр сууриа нэгтгэхгүй, гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураах ёстой гэдгээ илэрхийлжээ.  Сонирхолтой ч энэхүү санал МАН-ын Удирдах зөвлөл бус өөр хүний “захиалга”, Ерөнхийлөгчийн “хүсэл” гэх бор шувуу ч Төрийн ордонд жиргэх болж. Хэрэв 50+26 хувилбараар сонгууль явахаар бол жижиг намуудад төдийгүй, парламентын гадна байгаа намуудад илүү боломжтой болж, цөөн ч гэсэн суудал зулгаах боломж олдоно.

Харин эрх баригчид 64-үүлээ суучаад жижиг нам төдийгүй, бусдад боломж олгох 50-26 хувилбарыг сонгоно гэдэг юу л бол. Ялангуяа 2020 оны сонгуулийн дараа 100 жилийн түүхтэй золгох гэж МАН-ын хувьд энэ сонгуульд хэрхэн бэлтгэж орох, хэдэн суудал авах чухал асуудлын нэг болоод буй.

Намын бүлэг байр сууриа нэгтгэхгүй, гишүүд нь дэмжихгүй байгаа учраас гэсэн шалтгаар намын Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн санал унах болов уу гэсэн таамаг ч улс төрийн хүрээнд өрнөж эхлэв. Яг ийм холимог байх хувилбарыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр Ардчилсан намын зөвлөл гаргаж байсан бөгөөд МАН ажлын хэсэг дээр дэмжээд, чуулганы хуралдаан дээр “молиго”үмхүүлсэн. Үнэхээр Төрийн ордонд жиргэж байгаа шиг МАН-ын хүсэл биш өөр хүний хүсэл бол 50+26 гэсэн хувилбар зүгээр л МАН-ын “молиго”  болж хувирах вий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж