Дэлхийн улс гүрнүүд хуучны дурсгалт барилгуудаа хамгаалан үлдээж, сэргээн засварлаж, жуулчдыг татах үзмэр болгодог. Нидерланд улсын төв музей болох Рейксмюзеумын түүх олон зуун жил хүн төрөлхтөний соёлын том өв болсоор ирсэн. Тус музейн суурь тэртээ 1800 онд Хакью хотод тавигдаж, дараа нь 1808 онд Амстердам хот руу нүүсэн байдаг. Нидерландын үндэсний, дэлхийн түүх, урлагийн музей болсон энэхүү соёлын өвийг жилд 2.5 сая гаруй хүн үздэг, дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэг билээ. Энэ мэтчилэн олон зуу, сая жилийн настай барилга байгууламжаа дэлхийн улс гүрнүүд нурааж биш хамгаалж, сэргээн засварлаж, үнэ цэнийг нь хадгалсаар ирсэн байдаг.
Харин Монгол Улс эсрэгээр нь нурааж, сүйтгэж, өв соёлдоо хайхрамжгүй ханддагийн тодхон жишээ нь Байгалийн түүхийн музей болоод байна. Уг нь тус музей нь XX зууны түүхэн сонгодог барилгуудын нэг. Энэ ч утгаараа соёлын өвд хамаарсан байдаг. Үүний өмнөхөн Хэлмэгдэгсдийн музейг нурааж, суурин дээр нь шилэн барилга барихаар зураг төслийг нь гаргасан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч дарга нар нураана гэсэн бол нурааж, сүйтгэнэ гэсэн бол сүйтгэдгээ харуулсаар.
Монгол Улс соёлын өвд бүртгэлтэй архитектурын дурсгалт хуруу дарам цөөхөн барилгуудаа харж хамгаалах, нөхөн сэргээх арга туршлага, бодлого дутагдаж, эцэст нь эзэнгүй амбаар шиг нурааж орхидог жишиг тогтлоо. Улаанбаатарт 60-70 жилийн настай барилгуудын хувь заяа дээсэн дөрөөн дээр, хаалга үүд нь хэдэн жил цоож цуургатай болсны эцэст ийм эмгэнэлтэй байдлаар дуусдаг нь харамсалтай. Монгол түүхэндээ 700 гаруй соёлын өвд хамаарах сүм хийдээ нурааж ирсэн гэх гашуун баримт бий.
Хэдийгээр шинэ барилга байгууламж барих зайлшгүй шаардлага байсан ч хуучнаа нураах нь байж болохгүй үзэгдэл гэдгийг соёлын өвийн мэргэжилтнүүд хэлсээр ирсэн ч эрх баригчдын сонорт хүрдэггүй бололтой.
Дэлхийн музейн хөгжлийн чиг хандлагыг нэг үгээр тодорхойлвол боловсролын инсититут болжээ. Музей нь зөвхөн соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, үзэсгэлэн гаргах зориулалттай байсан цаг үе улирч, боловсролын олон талын үйл ажиллагааг явуулдаг болсноор хүүхдүүдэд урлагийн боловсрол олгож, ирээдүйд түүхээ мэддэг, өв соёлоо хайрладаг ухамсартай, соёлтой иргэнийг бэлтгэж буй. Мэдээж, түүхэн дурсгалт барилгуудаа сэргээн засварлаж, хадгалж, хамгаалах бодлого баримталж буй нь тодорхой. Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй цөөн хэдэн музейнүүд нь боловсролын хөтөлбөртэй ч үнэгүй өдрүүдэд л музей хөл хөдөлгөөнд дарагдаж амь ордог дүр зураг бий болсон.
Удирдлагууд нь улсын төсвөөс өөр санхүүжилт байхгүй гэх зүйлийг ярьдаг. Тэгвэл музейнүүд үйлчлүүлэгчээ татах, хүүхэд залуусыг чөлөөт цагаараа музей үзэх дуртай болгохын тулд боловсролын хөтөлбөрүүдээ шинэчилж, нас насны онцлогт тохирсон арга хэмжээ зохион байгуулах, сан хөмрөгт буй үзмэрүүдээ эргэлтэд оруулах, техник технологийн дэвшлийг ашиглаж, үзмэрийн дэглэлтдээ анхаарч, олны сонирхол татах байдлаар үзэсгэлэн гаргах зэрэг олон талын үйл ажиллагаагаар музей үзэгчдээ татаж, өөрсдөө хөрөнгө босгох шинэ менежмент үгүйлэгдэж байгааг зарим мэргэжилтэн онцолж байв.
ШИНЭ БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ БОЛОХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БАЙГАА Ч ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГАА НУРААЖ БОЛОХГҮЙ
Энэ талаар Нью-Йорк дахь Монголын холбоос ТББ-ын тэргүүн, Америкийн музейн холбооны гишүүн С.Ариунтай ярилцлаа.
-Монголын сүм хийдийн барилга байгууламжид музейн үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм тохиолдолд боловсролын институт болох нөхцөл боломж нь хэр байна вэ?
–Өндөр хөгжилтэй орнуудад музей боловсролын институт болсон. Өмнө нь эд өлгийн зүйлсийг хадгалах, үзэсгэлэн гаргах зорилготой байсан бол олон нийтийг хамарсан боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Харин Монголд хуучны сүм дугануудаа музейн зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Монголд музейн зориулалттай хоёр л барилга бий. Хуучнаар Лениний музей буюу одоогоор Байгалийн түүхийн музей. Хоёр дахь нь Монголын Үндэсний музей. Харин манай музейн салбар шинэ менежменттэй болох хэрэгтэй. Менежментийн талаас яривал музейн салбар санхүүжилтээ босгодог удирдлагын системтэй болох ёстой. Насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөрүүдтэй болох хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа орох боловч музейн салбар хөгжинө. Дээр нь музейг ажиллуулахад мэдлэг чадвартай боловсон хүчин хэрэгтэй. Миний хувьд “ажилчдын хөгжил” төсөл хэрэгжүүлж байна. Үүн дотор музейн боловсролын ажилчдад сургалт явуулах, АНУ руу туршлага судалснаа Монголдоо хэрэгжүүлэх хөтөлбөр санаачилж байгаа юм.
-Таны бодлоор Монголд музей хөгжиж байна уу. Цаашдын хөгжлийн чиг хандлага боловсролын институт болох хэрэгтэй гэж боддог уу?
–Музейн чиглэлээр бэлтгэгдсэн хүмүүсийн ихэнх нь хуучин ЗХУ болон зүүн Европын орнуудад суралцсан хүмүүс байгаа юм. Тэд өнөөдрийг хүртэл музейн салбарыг маш авч явж байгаа. Гэхдээ шинэ менежмент, шинэ сэтгэлгээ дутагдаж байна. Тиймээс ажилчдаа илүү бэлдэх хэрэгтэй. Дээр нь боловсролын хөтөлбөрүүдээ нас насны онцлогт тохируулж хэрэгжүүлэх, боловсролын институт болох нь зайлшгүй чухал юм. Үүний тулд орчин үеий шийдэл бүхий шинэ барилга байгууламж зайлшгүй шаардлагатай.
-Орчин үеийн шинэ барилга байгууламж болох хэрэгцээ, шаардлага бий боловч хуучнаа нураах нь хэр зөв зүйтэй вэ? Дэлхийн улс орнуудад манай улс шиг хуучны барилгуудаа нурааж, шинэчилдэг түүх бий юу?
–Шинэ барилга байгууламжтай болох хэрэгцээ шаардлага бий. Гэхдээ байгаа зүйлээ нураах хэрэггүй. Хуучны барилга байгууламж байх ёстой. Соёлын өв л бол түүнийг хадгалж үлдээх ёстой гэж боддог. Музейг байгаа газарт нь сэргээн засварлалт хийж, архитектуруудаас зөвлөгөө авч, тухай бүрт нь засвар хийх ёстой. Би дэлхийн улс орнуудын музейтэй нь танилцаж, олон архитектур шийдэл харж явсны хувьд Чонжинболдог Чингисийн хөшөөг өргөжүүлж Чингисийн ил музей байгуулаасай гэж мөрөөддөг. Энэ нь илүү хүмүүст хүрэх байх. Орчин үеийн байшин дотор гэхээс илүү тухайн үеийг мэдрэх нь л чухал. Орчин үед музейн чиг хандлага орчин үеийн байшин барилга руу биш тухайн цаг үеийг мэдрүүлэх мэдрэмжийг хүнд төрүүлэхэд анхаарч байна. Бид шинжлэх ухаанч байх хэрэгтэй. Технологийн эринд амьдарч байна. Сансар судлалын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлж, түүхээ судалдаг, хуучны дуган сүмүүдээ музей хэлбэрээр үздэг, Чингис хааны хүрээнд XIII зууны үеийн мэдрэмж авдаг байдлаар цогц шийдвэл түүхээ мэддэг, соёлтой залуус бэлтгэгдэх байх.
-Музейн барилга байгууламжийн асуудлаас гадна музейнүүд сан хөмрөгөө хав дарчихаад цөөн хэсгийг нь л үзэгчдэд хүргэдэг. Ийм байдлаараа цаашид музейн салбар хөгжих биш уруудна гэх шүүмжлэл бас бий?
-Бид мэдэхгүйгээсээ болж юу алдаж байгаагаа мэддэггүй. Манай музейн сан хөмрөгт буй үзмэрийн цөөн хувь нь оюуны бүтээл болж үзэгчдэд хүрч байдаг. Уг нь манай улс археологи, палеонтологийн олдвороор баялаг, сан хөмрөг нь арвин, дэлхийд гологддоггүй. Музейн удирдлагууд сан хөмрөгт буй үзмэрүүдээ дэлгэж тавья гэхэд санхүүжилт байхгүй, байр сав хангалтгүй гэх маш олон шалтгаан ярьдаг л даа. Гэтэл бид хүүхэд залуусыг соёлын өвөө мэдэхгүй байна гэж шүүмжилж ярих нь буруу юм. Хүүхэд наснаас нь л боловсролын хөтөлбөрөөр дамжуулж урлагийн боловсрол олгосноор өв соёлоо хайрлах ухамсартай, соёлтой иргэнийг бид төлөвшүүлнэ. Хоёрдугаарт, соёлын байгууллагуудад хадгалагдаж буй өв соёлын дурсгалт зүйлсээ хүмүүст хүргэхийн тулд үзэсгэлэн гаргах хэрэгтэй. Ингэхдээ технологийн дэвшлийг ашиглаж хүмүүсийн анхаарлыг татахуйц дэглэх нь чухал. Ерөөсөө музейн салбарынхан санхүүжилт байхгүй гэж ярьж болохгүй. Санхүүжилтээ олдог менежментийн аргад суралцах хэрэгтэй. Хөрөнгө өсгөх боломжууд нь байгаа ч аргачлалуудыг нь хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Музейг ажиллуулахын тулд зах зээлийн менежмент хэрэгтэй болж байна.
-Нью-Йоркийн музейн туршлагаас харахад Монголд музейн салбарт хэрэгжүүлж болох ямар сайн талууд байдаг вэ?
–Орчин үеийн шийдэл бүхий дизайн сайтай барилга байгууламжтай болох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй иргэдийн суурь нь урлагийн боловсрол, хөгжмийн мэдлэгт л байдаг. Тиймээс музейн салбарууд боловсролын хөтөлбөрүүдийн программ хөгжүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Музей бол хүний бүтээлч сэтгэлгээг төрүүлдэг. Бас мэргэжил сонголтод ч нөлөөлдөг. Зөвхөн Нью-Йоркт ч биш, өндөр хөгжилтэй орнуудад музейн соёлыг хүүхдэдээ багаас нь төлөвшүүлж байна. Иргэд нь амралт чөлөөт цагаа музей үзэж өнгөрүүлж байна.
–Дэлхийн музейн хөгжилтэй харьцуулахад Монголд музейн салбар хэр хөгжиж байна вэ?
–Монголд үзэсгэлэн дэглэлт, доторх засал чимэглэл орчин дутагдалтай байна. Дор хаяж боловсролын өрөөнүүд байхгүй. Музейгээс дэлхийн хөгжлийн чиг хандлагыг харж болно. Сүүлийн үед дэлхий экологи, минимализм, орчин үеийн урлаг руу, материаллаг биш байгалийн дуу чимээ ашигласан бүтээлүүд хийж байна. Нью-Йоркт дуу чимээтэй, усны чимээ, салхины чимээ, хүний энергийг мэдэрдэг хүртээмжтэй үзэсгэлэгнүүд хийж байна. Энэ бол манайд хоцрогдолтой байгаа гэлээ.
Энэ мэтчилэн манай улсад музейн салбарт хэрэгжүүлэх ёстой олон шинэ бодлого дутагдалтай байгаа хэдий ч түүхэн барилгуудаа нурааж, соёлоо өвөө устгадаг дэлхийд хаана ч байхгүй гаж тогтолцоондоо анхаарахгүй удвал түүх өгүүлэх барилгагүй, ярих түүхгүй, гайхуулах соёлгүй болох нь.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ