Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ри Тэ Сон өчигдөр /2019.12.03/ хариуцлагатай бөгөөд сануулга гэж хэлж болох нэгэн мэдэгдэл хийлээ.
Тэрбээр АНУ-д хандаж он дуусах дөхөж, хоёр улсын хооронд өрнөж буй цөмийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх цаг мөч ойртсоор байгааг сануулаад, “БНАСАУ өөрийн санаачлагаар гаргасан шийдвэрээсээ ухрахгүй байхыг хамгийн их хичээсэн. Гэвч АНУ-ын талаас цөмийн яриа хэлэлцээнд төдийлөн урагштай хандахгүй байгаагийн дээр энэхүү асуудлыг ирэх онд болох сонгуулийн пи-ар болгон ашиглаж байгаа нь харамсалтай. Тэгэхээр одоо АНУ Зул сараар ямар бэлэг авахаа шийдэх л үлдлээ” хэмээн хатуухан анхааруулсан байна.
Ри Тэ Сон удирдагчийнхаа үгийг дамжуулж байгаа нь энэ аж. Улс төрийн тоймч, Миддлбури олон улсын институтын ахлах шинжээч Жошуа Поллак Хойд Солонгосын тал “бэлэг” хэмээх үгээрээ 2017 онд харвасан шиг тив хоорондын баллистик пуужинг /ICBM/ илэрхийлж байна гэж үзжээ.
Учир нь Хойд Солонгос 2017 оны долдугаар сарын 4-ний өдөр буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр тив хоорондын пуужин харвахдаа мөн л “бэлэг” хэмээн тодорхойлж байсан юм. Мөн хэдхэн хоногийн өмнө болсон АНУ-ын талархлын баярын өдөр ойрын зайн тусгалтай пуужин харвасан.
Саяхан Хойд Солонгосын зүгээс Японы Ерөнхий сайд Абэ Шинзод хандан ойрын ирээдүйд жинхэнэ пуужин харваж чадна гэж сүрдүүлсэн билээ.
“Тэд АНУ-ын талд сэтгэл дундуур байна. Магадгүй тэд жилийн эцэс хүртэл АНУ-ыг хүлээхгүй ч байж мэднэ. Зул сарын баярын үеэр Японы дээгүүр тив хоорондын пуужин нисч байвал би лав гайхахгүй” хэмээн хэлжээ.
Дональд Трампын хувьд Хойд Солонгостой хийж буй цөмийн яриа хэлэлцээ нь түүний улс төрийн үйл хэргийн маш чухал ололт амжилтуудын нэг юм. Гэхдээ Зул сарын баяраар Хойд Солонгос тив хоорондын пуужин харвавал тэр дахин сонгогдох тухай бодоод ч хэрэггүй болж мэдэх юм.
Эдгээр өдрүүдэд Лондон хотноо НАТО-ийн уулзалтад оролцож байгаа Дональд Трамп “Тэр үнэхээр пуужин харвах дуртай. Тиймээс л би түүнийг “Rocket man” гэж нэрлэдэг юм. Одоогийн байдлаар АНУ дэлхийд цэрэг зэвсгийн хүчээр тэргүүлдэг, хамгийн хүчирхэг улс. Бид үүнийг ашиглахыг хүсэхгүй байна. Гэхдээ ашиглах шаардлага гарвал ашиглахаас өөр замгүй. Анхны уулзалтын үеэр Ким надад цөмийн хөтөлбөрөө зогсооно гэж амласан. Тэр тохиролцоондоо хүрнэ гэж би найдаж байгаа. Хэрэв би АНУ-ын Ерөнхийлөгч байгаагүй бол өдийд аль хэдийнэ дайн дэгдчихсэн байгаа” хэмээн хэлжээ.
Ким Жон Ун Дональд Трамп нар энэ оны дөрөвдүгээр сард Вьетнамын нийслэл Ханой хотноо хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Тэдний уулзалт үр дүнгүй өндөрлөсөн. АНУ-ын талаас Ким Жон Ун бүх хоригийг бүрмөсөн цуцлахыг шаардсан. Гэхдээ ийм боломжгүй учир тохиролцоонд хүрээгүй хэмээн тайлбарласан. Харин Хойд Солонгосын зүгээс эсрэг тайлбар хийж, АНУ-аас бид хоригуудыг хэсэгчлэн цуцлахыг хүссэн, харин АНУ үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, тэд “алтан боломж”-ийг алдлаа хэмээн буруутгаж байсан юм.
Үүнээс хойш хоёр сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд анх удаагаа зочилж, Ким Жон Унтай богино хэмжээний уулзалт хийв. Трамп ийнхүү Ерөнхийлөгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа зэвсэггүй бүсэд зочилсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж, тухайн үед хоёр удирдагч яриа хэлэлцээгээ цааш үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдэж, уур амьсгал ч таатай өндөрлөсөн. Гэвч удалгүй Хойд Солонгос пуужин харваж эхэлсэн юм.
Зургадугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд тус улс нийт дөрвөн удаа ойрын зайн тусгалтай найман пуужинг Япон тэнгис рүү харвасан байна. Үүгээрээ тэд өөрсдийн зэр зэвсгийн хүчин чадлыг бататган харуулах, АНУ-ыг цөмийн яриа хэлэлцээнд идэвх санаачлага гаргахыг шаардах зэргээс гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд цөмийн хөтөлбөр ямар ч саадгүй үргэлжилж байгаа гэдгийг харуулахыг зорьсон байж магадгүй хэмээн ажиглагчид үзжээ.
Японы “Асахи Шимбүн” сонин даваа гариг /2019.12.02/-т Хойд Солонгос пуужин харвах тусгай зориулалтын бетонон талбай барьж байна гэж мэдээлсэн. Ийм талбайг зөвхөн тив хоорондын болон дунд зайн баллистик пуужин харвахад ашигладаг байна. Учир нь ийм төрлийн пуужинг энгийн хөрсөн дээрээс харвахад пуужингийн эд анги эвдрэх, хурд саарах, тусгал өөрчлөгдөх зэрэг эрсдэлтэй байдаг аж. Мөн пуужин хөөргөх талбайг маш олон газарт байгуулж байгаа нь пуужинг яг хаанаас харвахыг олж тогтооход хүндрэлтэй болгож, төөрөгдүүлэх зорилготой гэж үзжээ.