Өнгөрсөн Баасан гаригт /2019.11.29/ хүүдээ Гоку гэх нэр өгсөн аавын мэдээлэл цахим хуудаснаа тарж, олны анхаарлыг татав. Гокугийн аавыг Д.Очирхуяг гэдэг бөгөөд багаасаа "Dragon ball Z" аниме-г үзэж өссөн учраас хүүдээ дээрх нэрийг өгсөн байна. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
БИ БАГААСАА Л ГОКУГИЙН ҮНЭНЧ ФЕН БАЙСАН. ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ
-Анхны хүүхдээ өлгийдөн авсанд халуун баяр хүргэе. Аав болсон мэдрэмжээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би гурван настайгаасаа хойш Польш улсад 20 гаруй жил амьдарсан болохоор эхлээд амьдралаа тогтвортой болгосны дараа гэр бүл зохиож, хүүхэдтэй болох нь зөв гэсэн зарчим баримталж ирсэн. Эх орондоо есөн жилийн өмнө буюу 23 насандаа ирсэн. Өнгөрсөн хугацаанд сэтгэлд таарах зөв хүнээ ч их хайсан. Өнгөрсөн жил эхнэртэйгээ танилцаж, 31 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Сэтгэгдэл их сайхан байна.
Хүүгээ анх эмнэлэгт харахад миний дотор халуу дүүгээд, дахин дурлаж байгаа юм шиг л санагдсан. Тэрхүү гайхалтай мэдрэмжийг ямар үгээр илэрхийлэхээ хэлж мэдэхгүй юм. Хүү маань аравдугаар сарын 31-ний өдөр төрсөн, одоо нэг сартай. Монгол Улсад бүртгэгдээгүй нэртэй болохоор төрсний гэрчилгээ нь нэг хоногийн дараа гардаг юм байна лээ. Хүү маань өдөр ирэх тусам улам л хөөрхөн, хайр хүрэм болоод байна даа.
-Та хүүдээ Гоку хэмээн нэр өгсөн гэдгээ өөрийн цахим хуудасдаа бичсэн байсан. Их ч олон хүний хандалт авсан харагдсан. Хүүдээ яагаад Гоку гэх нэр өгөх болов? Хүмүүст сонирхолтой санагдаж байгаа байх?
-Намайг бага байхад алдартай аниме их гардаг байлаа. Тэр дундаас би "Dragon ball Z" буюу Луут бөмбөлөг Z-ийн Гокугийн улаан фен байсан юм. Тус анименд Гоку долоон ширхэг шидэт лууны бөмбөгийн эрэлд гарч, хожим нь төрөл бүрийн шидийн хүчнүүдийг ашиглан дэлхийг хорон муу санаатнуудаас аварч байгаа тухай адал явдал гардаг. Гоку нас барсан найзууддаа үхлийн дараах амьдралд нь хүртэл тусалж, заримыг нь дэлхий дээр тодорхой хугацаагаар эргүүлэн авч ирж байгаа тухай ч гардаг.
Фитнессээр хичээллэн биеэ хөгжүүлэх болсон маань Гокугаас л болсон. Ер нь багадаа булчинлаг ах нарыг харахаар гоё харагддаг байсан.
Энэ бүхнээс харахад би багаасаа л Гокугийн үнэнч фен байсан. Одоо ч хэвээрээ Тийм ч учраас хүүдээ Гоку шиг эрэлхэг хүчирхэг, нинжин сэтгэлтэй, үнэнч шударга бусдын төлөө гэсэн сэтгэлтэй залуу болохыг бэлгэдэн тус нэрийг өгсөн. Би одоо хүртэл Dragon ball Z-г үздэг. Мөн Наруто, Барутог ч үздэг.
-Залуу хүмүүс өөрийг тань дэмжиж байгаа бол ахимаг насны хүмүүст монгол ёс заншлыг эвдэж байна гэх сөрөг хандлага ажиглагдаж байсан л даа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Намайг хүмүүс “од” болохын тулд хүүгээ Гоку гэж нэрлэсэн гэх сөрөг хандлага бага зэрэг ажиглагдсан шүү. Гэхдээ сөргөөс илүү эерэг хандлага давамгайлж байгаад би баяртай байна. Миний танилууд “Чи нээрээ хүүдээ Гоку гэж нэр өгсөн юм” уу гэж их асууж байсан л даа.
Би хүүдээ Гоку гэж нэр өгсөндөө хэзээ ч харамсахгүй. Надад энэ нэр үнэхээр таалагддаг. Би Европт олон жил амьдарсан болохоор илүү задгай сэтгэлгээтэй байх шиг байна. Харин манайхан өөрсдийгөө хэт хайрцаглачихдаг.
Эцэг эх нь хүүхдэдээ хэн гэдэг нэр өгөх нь тухайн хүмүүсийн л сонголт. Би ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бодож байна. Юмс өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Шинэ зорилго, тэмүүлэл бүр эсэргүүцэлтэй тулгардаг шүү дээ.
УЧРАХ ЁСТОЙ ХҮМҮҮС Л УЧИРДАГ ГЭДЭГЧЛЭН БИД ТЭГЖ Л УЧИРСАН
-31 насандаа гэр бүл зохиохыг Монголд хожуу гэрлэлтэд тооцдог. Өнгөрсөн хугацаанд найз нөхөд гэр бүлийнхнээс чинь хүнтэй суу, хүүхэдтэй болооч гэж зөндөө хэлж байсан байлгүй. Ингэхэд Гокугийн ээжтэй хэрхэн танилцаж байв?
-Гэр бүл зохиох цаг чинь болсон гэж их хэлдэг байсан л даа. Би дотроо хараахан бэлэн болоогүй байна гэж боддог байсан. Эхлээд амьдралд хөлөө олчихоод, дараа нь эхнэр, хүүхэдтэй болж, тэдэндээ сайхан амьдрал эдлүүлэх нь эр хүний үүрэг хариуцлага. Хамгийн гол нь зөв хүнээ л олж байж амьдрал утга учиртай болно шүү дээ. Миний эхнэрийг Б.Халхгоо гэдэг. Бид 2018 онд танилцсан. Б.Халхгоо маань манай өөр нэг салбар дэлгүүрийн ойролцоо ажилладаг, мөн нэг байранд амьдардаг болж таарсан.
Учрах ёстой хүмүүс л учирдаг гэдэгчлэн бид тэгж л учирсан. Нэг л мэдэхэд нэгэндээ ухаангүй дурласан байж билээ. Эхнэрийн маань даруухан, дөлгөөхөн зан намайг өөртөө соронз мэт л татсан. Би огцом ууртай, эхнэр маань ухаалаг зөөлөн ааштай. Бид хоёрын ааш зан эсрэг, яг л арга билэг шиг. Эхнэр бид хоёрын ялгаатай талууд намайг тэнцвэржүүлж байгааг хараад би түүнийг миний заяаны хань гэж мэдсэн дээ.
-Хүүгээ Гоку гэж нэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн, тэр дундаа эхнэр нь хэрхэн хүлээж авч байв. Эхэндээ эсэргүүцсэн үү?
-Манай эхнэр охин байвал гомдчихно шүү дээ гэж байсан. Тухайн үед хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох боломжгүй байсан ч би хүү гэдэгт нь бат итгэлтэй байсан. Түүнээс хойш гэдсэнд нь байхад л Гоку гэж дуудсаар байгаад гэрийнхэн маань хүртэл Гокуна гэж өхөөрддөг болсон.
-Хэрэв охин гарсан бол ямар нэр өгөх байсан бол?
-Сайн хэлж мэдэхгүй юм. Надад аниме-н эмэгтэй дүр байдаггүй болохоор эхнэртэйгээ ярьж байгаад нэр өгөх байсан байх даа. /инээв/
ЕВРОП БОЛОН МОНГОЛЫН СОЁЛЫН ЯЛГАА АСАР ИХ
-Одоо ярианы сэдвээ жоохон өөрчилье. Та хэзээнээс фитнессээр хичээллэж эхэлсэн бэ?
-Би Польш Улсын Спортын дээд сургуулийг фитнесийн багш мэргэжлээр төгссөн. Монголд есөн жилийн өмнө ирээд, фитнессээр эрчимтэй хичээллэж эхэлсэн. Би дөрвөн жил фитнессийн багшаар ажиллаж байгаад уураг зарж эхэлсэн. Одоо манай Hi Tec Nutrition дэлгүүр гурван салбартай болж өргөжсөн байна. Фитнессээр хичээллэн, булчингаа задалсны дараа булчиндаа тэжээл шаардлагатай гэж үзсэн хүмүүс манайхыг зорьж ирдэг. Ирсэн хүмүүстээ би фитнессээр хэрхэн зөв хичээллэх болон хоолны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгдөг.
-Европт олон жил амьдраад Монголд ирэхэд ямар санагдаж байсан бэ. Соёлын ялгаа илт анзаарагдаж байв уу?
-Тийм ээ. Соёлын ялгаа илт анзаарагдсан шүү. Европт дэлгүүрт орсон ч таньдаг ч бай, үгүй ч бай мэнд ус мэдэж, гоё эерэг харилцаа түгээдэг.
Тухайлбал, эрэгтэй хүмүүс заавал эмэгтэй хүнд хаалга онгойлгож өгдөг. Харин манайд ховор шүү дээ. Үүнээс харахад монголчууд ер нь харилцаа муутай. Стресстэй нийгэмд амьдардаг болохоор ч тэр юм уу, нэг нэгэнтэйгээ муухай хүйтэн харьцдаг юм шиг санагдсан.
Би Монголд ирээд чамгүй удлаа. Өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүмүүст хаалга онгойлгож өгөхөд "Баярлалаа" гэдэг үг ховорхон сонссон шүү. Европт “Цагаа сайн барихгүй бол амьдрал чинь бүтэхгүй” гэсэн зарчим баримталдаг. Харин манайхан цаг барьдаггүй нь хүндрэлтэй байдаг.
-Залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Залуус маань цаг баримталж сурах хэрэгтэй. Эрт очсоноос оройтож очих нь цаг хэмнэх арга юм шиг санагддаг байх л даа. Гэхдээ бүх юманд цагаасаа эрт очдог зуршилтай хүний хувьд уулзалт бүрдээ эрт очин цаг үрэх онцгүй санагдах нь ойлгомжтой. Цагаа барина гэдэг нөгөө хүндээ хүндлэл үзүүлээд зогсохгүй өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулах хамгийн том боломж байдаг. Ялангуяа ажил хэргийн уулзалтад хоцорч ирвэл чи нөгөө хүндээ ажилдаа яаж ханддагаа харуулчихлаа гэсэн үг. Тиймээс цагаа барьж сурцгаая л гэж уриалмаар байна.
Холбоотой мэдээ