2020 оны сонгууль: Төрөөс улс төр рүү "урвагчид"

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

2020 оны сонгууль: Төрөөс улс төр рүү "урвагчид"

2020 оны сонгууль: Төрөөс улс төр рүү "урвагчид"

Ердөө долоон сарын дараа 2020 оны УИХ-ын  ээлжит сонгууль болно. Энэ сонгуульд  горилогчид олон, тэд битүүхэн өөрсдийгөө бэлтгэж буй. Тиймээс 2020 оны сонгуульд горилогчдыг цувралаар хүргэх юм. Зарим төрийн албан хаагчдын хувьд энэ сардаа багтаан ажлаа өгөх учиртай. Хуулийн дагуу тухайн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой гэж тооцвол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуульд горилж байгаа бол энэ сард багтаан ажлаа өгөх хуультай.

Харин улс төрийн албан хаагчдын хувьд ажлаа заавал өгөх шаардлагагүй юм.

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ:

46.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:

  •  46.2.1.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон.
  • 46.4.Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагын эрх бүхий албан хаагчид буюу томилсон эрх бүхий байгууллагад гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн байгууллага түүнийг чөлөөлөхөд саад болохгүй.

Тэгвэл ирэх сонгуульд бэлтгэж, горилж буй төрд ажиллаж буй албан хаагчид хэн бэ. 

З.ЭНХБОЛД АН-ДАА ОЧИНО

2016 оны сонгуульд намаа удирдаж, ялалт авчирч чадаагүй учраас өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгдсөн З.Энхболд одоо Ерөнхийлөгчийн “гал тогоог” манаж буй. Тэрбээр, 2017 оны долдугаар сарын 10-ны өдрийн Ерөнхийлөгчийн анхны зарлигаар Ерөнхийлөгчийг Тамгын газрын даргаар томилогдсон. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн “гал тогоог” чамлахааргүй барьсан гэж улс төрийн хүрээнд дүгнэгддэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон бусад ажлуудаа дуусгаад ажлаа өгнө, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ ч хэлж байсан удаатай.

Тэгвэл З.Энхболдын хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлаа өгөөд хаачих вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд төдийгүй АН дотор өрнөсөн. Түүний хувьд намын удирдлагын түвшинд очих сонирхолтой байгаа ч намын дарга болон гишүүд дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Хамгийн сүүлийн мэдээллээр Ардчилсан намын дэд даргаар очиж магадгүй гэсэн таамаг Ардчиллын өргөөнд жиргэнэ лээ. АН зургаан дэд даргатай бөгөөд одоогоор нэг дэд даргын суудал эзгүй байгаа. Тиймээс ч тэр орон тоон дээр томилогдох болов уу гэсэн таамаг бий. Харин түүний халааг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдоно гэсэн таамаг бий.

Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь улс төрийн албан тушаалтан учраас ажлаа өгөхгүй ч байж болох юм байна.


САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА ХОТОД НЭР ДЭВШИНЭ

2020 оны сонгуульд горилогч, төрийн албан ажиллагсдын цуваанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэрлэгдэж байна. 2016 онд МАН ялалт байгуулж, Сангийн дэд сайдаар Х.Булгантуяаг томилсон. Боловсрол өндөртэй, ажлын туршлагатай гээд тухайн үедээ л нүдээ олсон томилгоо хэмээн онцолж байсан. Түүний хувьд хамгийн залуу дэд сайдаар нэрлэгдэж байсан бөгөөд МАН-ын залуус дундаа хамгийн боловсрол өндөртэй, залуу боловсон хүчний нэг гэгддэг.

Саяхан тэрбээр МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдсөн нь ирэх сонгуульд хүч үзэх МАН-ын эмэгтэй квотыг тэргүүлэх залуучуудын нэг гэж намынхан нь ярих болсон. Энэ үеэр “Бид зургаан сарын дараа УИХ-ын сонгуульд оролцоно. Хүн ярихаасаа илүү нийгэмд бодлого хүсч байгаа. Би Сангийн дэд сайдыг 3 жил хийлээ, олон улсын байгууллагад, хувийн байгууллагад ажиллаж байлаа. Намын бодлогын ажил хийж байлаа. Би бодлогоор нэрээ дэвшүүлсэн.  Мэдээж, өөрийнхөө ээж шиг настай хүнтэй туршлагаараа өрсөлдөх хэцүү. Гэхдээ надад хүсэл эрмэлзэл, мэдлэг, боловсрол, туршлага ч гэсэн дутахааргүй байна гэж өөрийгөө үнэлж, мөрийн хөтөлбөрөө чуулганы төлөөлөгчдөд тавьж, өрсөлдөж байна” хэмээн хэлж байв.


“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ ЭРДЭНЭТИЙГ "ТОЙГЛОЖ" БАЙНА

 

Сүүлийн үед түүнийг Орхон аймгийг тойглох болсон гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болсон. Орхон аймагт 10 жилээ төгссөн, үе үе тус аймагт очиж, усалгаа хийж байгааг нь харсан ч тэрбээр ажлаа өгөх хүний нэг гэж таамаглаж буй. Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы “хүн” гэгддэг. Эрх зүйс, улс төр судлаач мэрэгжилтэй түүний хувьд Монгол Улсын Засгийн газрын "Таван толгой”, "Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал, Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Шадар сайдын зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх зэрэг ажлын туршлагатай.

Түүний хувьд ирэх 2020 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвших сонирхолтой ч МАН дотор орхончуудыг тойглогчид олон байгаа учраас шууд нэр дэвшинэ гэдэг нь эргэлзээтэй.


ДЭД САЙД Ж.САУЛЕ БАЯН-ӨЛГИЙГ ЗОРИНО

Дэд сайд нарыг томилох тухай асуудал яригдаж байх үед сураггүй байснаа гэнэтхэн гарч ирсэн хатагтай.   лстөрчийн хувьд тэрбээр МАН-д олон жил зүтгэж яваа эмэгтэйчүүд төдийгүй цөөнхийн төлөөлөл. Насны хувьд ч, төрд ажилласан  туршлагаараа ч  дэд сайдуудаас хамгийн  “ахмад” нь.   Тэрбээр,   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах зохион байгуулагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Монгол Ардын намын Зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн даргаар  тус тус ажиллаж байсан нэгэн. Ажилласан жил, намдаа зүтгэсэн жилүүдийг нь бодвол намын эмэгтэйчүүдийн квотоор  Баян-Өлгий аймагтаа нэр дэвших санаатай байгаа дэд сайд маань өлгий нутгаа зорих нь ихэссэн хэмээн жиг жуг яриа гарна лээ.

БХБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН С.МАГНАЙСҮРЭН, ДЭД САЙД Б.МӨНХБААТАР НАР ГОРИЛНО

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч учраас хэрэв 2020 оны сонгуульд нэр дэвшихээр бол нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаа өгөх ёстой. Түүний хувьд Говь-Алтай аймгийн уугуул учраас тус аймгаас нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг бий. Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны сонгуулиар нэг мандаттай тойргуудын мандатыг нэмж, хотын тойргоос хасах гэж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс Говь-Алтай аймагт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, МАН-ын генсек нар өрсөлдөнө хэмээн тойргоо усалж байгаа учраас С.Магнайсүрэнгийн хувьд тойрог олдохгүй л болов уу. Харин тус яамны дэд сайд Б.Мөнхбаатарын хувьд Баянзүрх дүүрэгт нэр дэвших болов уу. Хотын даргын сунгаанд хүртэл нэр нь явж байсан түүний хувьд мөн л 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших болов уу хэмээх таамаг дунд бий.

Энэ мэтчилэн төрийн албаны ажлаа өгч, намын квот, тойргийн хуваарилалтаас хамаарч ажлаа өгөхөөр бэлтгэж, зэхэж байгаа хүмүүсийн цувааг ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэл гээд цааш үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн Сонгуулийн тухай хууль, тойргийн хуваарилалтаас шууд хамааралтай асуудал

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж