Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/ дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж буй "The Hu" хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгосон билээ.
Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт тус одонг гардуулсан юм. Харин хамтлагийн залуус Хойд Америк дахь аялан тоглолтоо үргэлжлүүлж яваа.
Хамтлагийн продюсер Б.Дашдондог одоо АНУ-д байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 15-нд хамтлагийн залуустайгаа эх орондоо ирэх гэнэ. “The Hu” хамтлагийнхан аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 7-нд хамгийн сүүлчийн тоглолтоо хийх юм байна.
Тус одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог уламжлалтай.
Дашрамд сонирхуулахад “The Hu” хамтлагийн залуус Монголдоо эргэн ирээд дахин нэгдүгээр сард Европыг байлдан дагуулахаар төлөвлөж байгаа ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ