"Хийн хоолой эдийн засгийн өндөр ач холбогдолтой"

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

"Хийн хоолой эдийн засгийн өндөр ач холбогдолтой"

"Хийн хоолой эдийн засгийн өндөр ач холбогдолтой"

“Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурал өнөөдөр  /2019.12.03/ Улаанбаатар хотноо эхэллээ.

Монгол Улсын хөгжлийн зам хөтөлбөр, БНХАУ-ын Бүс ба зам санаачилга, ОХУ-ын Евразийн эдийн засгийн хөгжил санаачилгыг уялдуулах зорилгоор 2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын талын Үндэсний ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2017 онд байгуулсан.

“Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурлыг ГХЯ, ЗТЯ, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байна. Уг хурлаар Евразийн эдийн засгийн коридорын ач холбогдол, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх мөн өнөөгийн Монголын эдийн засаг ямар түвшинд байгаа талаар хөндлөө. Ялангуяа Евразийн эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэх төслүүдийн ТЭЗҮ-г хэрхэн боловсруулах уу гэдэгт төр болон хувийн хэвшил, судалгааны байгууллагууд харилцан мэдээллээ солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх явдал нь хурлын ач холбогдол оршино гэдгийг Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан тодотгосон юм.

Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан хэлэхдээ “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хөтөлбөр”-ийн хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэхээс авто зам, төмөр замын төв коридорын төсөл, эрчим хүчний шугам дамжуулах гэсэн гурван чиглэлийг тэргүүлэх төсөл гэж авч үзсэн. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хамтын ажиллагааны механизмыг бий болгох чиглэлд гурван талын Гадаад харилцааны дэд сайд болон экспертүүдийн уулзалтуудыг жил бүр зохион байгуулж ирсэн. Уулзалт бүрээр тодорхой түвшний арга хэмжээг хэрэгжүүлэхээр талууд нэгдсэн саналд хүрээд явж байгаа.

Одоогийн байдлаар авто зам, төмөр замын төв коридорын төсөл, эрчим хүчний шугам дамжуулах төслүүдийг эрчимтэй явуулах саналыг гурван талынхаа түвшинд ойлголцолд хүрсэн. Удахгүй холбогдох баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалаар хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах асуудлыг ярина. Уг асуудлыг гурван улсын түвшинд үндсэндээ дэмжээд тохирчихсон.

Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулснаар эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүч, цахилгааныг давхар шийдэгдэх боломжтой гэж ойлгож болно. Мөн хийн хоолой манай улсын нутаг дэвсгэрээр дамжих тохиолдолд манайд төлөх татварын асуудал яригдана” гэлээ.

 Дэлхийн банкнаас Бүс ба Зам санаачилгын эдийн засгийн нөхцөл байдлын тухай тайланг гаргажээ. Тус тайланд орон орны хувьд энэхүү санаачилгын хүрээнд хүлээж буй эрсдэл, мөн нээгдэж байгаа боломжууд нь ямар түвшинд байгааг тодотгон харуулжээ. Европ, БНХАУ-ыг холбосон хуурай газрын худалдаа тээврийн урсгал нь Евразийн эдийн засгийн коридорыг үүсгэж байгаа нь Монгол зэрэг орнуудад шинэ боломж бий болгожээ. Евразийн эдийн засгийн коридорт Монголын оролцоог дэмжих гурван чухал асуудал байгааг Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев онцлов.

“Монгол Улс Евразийн эдийн засгийн коридорт чухал байр суурийг эзлэхийн тулд бүс дамнасан хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтын тохиромжтой бодлого баримтлах. Транзит тээврийг нэгдсэн байдлаар уялдаа холбоотойгоор хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дотоодоос дэмжихэд чиглэсэн дэд бүтцийг зориуд бүтээн байгуулах. Дэд бүтцийн санхүүжүүлж шинэ эх сурвалжуудыг татах, дэд бүтцийг санхүүжүүлэх хэрэгсэлд инноваци хийх явдал гэдгийг санууллаа.

Энэ үеэр Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан Паскалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Евразийн эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд Монгол Улсын зүгээс  хэрхэн анхаарах вэ?

-Монгол Улсын газар зүйн байрлал маш онцлогтой. Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог давуу талаа ашиглан Евразийн эдийн засгийн коридорын асуудлыг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засагт томоохон хөшүүрэг болно. Эдийн засгийн хөгжлийн бодлогын стратегийн нэг нь Евразийн эдийн засгийн коридор. Тийм учраас энэ чиглэлд  Монгол Улс анхаарч хөгжүүлэх нь эдийн засагт маш ач холбогдолтой гэдгийн дахин дахин хэлмээр байна. Тухайлбал Монгол Улсын уламжлалт салбар болох хөдөө аж ахуй чиглэлд махны экспортыг нэмэгдүүлэхэд Евразийн эдийн засгийн коридор чухал үүрэгтэй. Ингэхийн тулд эдийн засгийн зөв механизм авч хэрэгжүүлэхгүйгээр махны экспортоо нэмэгдүүлэх боломж нь хомс. Үүнийг шийдэхийн тулд сайжруулах олон асуудал байна. Нэгдүгээрт, институтийн асуудал буюу яаж зөв хэрэгжүүлэх үү гэдэгтээ анхаарах. Хоёрдугаарт, дэд бүтэц, гуравдугаарт, боловсон хүчний асуудал зэрэгт цогцоор нь анхаарч байж Евразийн эдийн засгийн коридорыг хөгжүүлнэ. Мөн инновацийг нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг авчрах боломж бүрэн бий.

-Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, чиг хандлага ямар байна вэ. Мөн ирэх оны эдийн засгийн төлөвийг Дэлхийн банк хэрхэн харж байгаа бол?

-2017 оны эхэн үеэс эхлэн эдийн засаг сэргэсэн. 2019 оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн өсөлт үргэлжилж байна. Ялангуяа 2018 оны 7.2 хувийн өсөлт энэ оны эхний улиралд хадгалдагдсан. Сүүлийн хоёр улиралд буюу ялангуяа гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлт бага зэрэг саарсан нь уул уурхайтай холбоотой. Гэхдээ ирэх гурван жилийн богино, дунд, урт хугацаандаа Монголын эдийн засгийн өсөлт таваас дээш хувиар дээш өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт биш. Уг өсөлтийг тогтвортой хадгалахын тулд одоо хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлогын реформоо тууштай үргэлжлүүлж байж өсөлтөө хадгална. Цаашид түүхийн эдийн үнэ бага зэрэг буурах, өр зээлээ дарах зэрэг эрсдэлүүд хүлээгдэж байгаа учир аль болох бодлогын түвшний реформоо үргэлжлүүлэх нь чухал.

-Ирэх онд Монгол Улсад сонгууль болно. Энэ нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Засгийн газрын зүгээс одоо хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдээ цаашдаа хэрэгжүүлнэ гэсэн дохиог өгч байгаа. Үүнд ч бид итгэж байгаа учир эдийн засагт үзүүлэх эрсдэл бага гэж харж байна.

-Монгол Улс саарал жагсаалтад орсон. Үүнээс богино хугацаанд гарах боломжтой гэж төрийн шатанд үзэж байгаа. Харин эдийн засагчдын хувьд эсрэг байр суурьтай байдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Саарал жагсаалтаас гарах хугацааг хэлэх нь тохиромжгүй гэж бодож байна. Засгийн газар холбогдох байгууллагууд нь дээд түвшиндээ саарал жагсаалтаас яаж гарах уу гэдэгт нэгдсэн байр сууринд  хүрч,  FATF-аас өгсөн зөвлөмжүүдийг идэвх санаачилгатай хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн нь хамгийн чухал мессеж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж