Олимпийн өмнө тамирчдын дунд иргэншлээ солих "моод" дэлгэрдэг

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Олимпийн өмнө тамирчдын дунд иргэншлээ солих "моод" дэлгэрдэг

Олимпийн өмнө тамирчдын дунд иргэншлээ солих "моод" дэлгэрдэг

Иран улс тамирчдаа Израилийн тамирчидтай барилдуулахгүй гэсний төлөө тус улсын алдарт бөх Моллаей Саеид иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд хүчээ сорихоор болсон.

Моллаей Саеид нь Монгол Улсын иргэншилтэй болсон гаднын анхны тамирчин болж байна. Дэлхийн спортын түүхэнд тамирчид Олимпийн наадамд эх орноо бус, өөр улсын тугийг мандуулах тохиолдол олон. Тухайлбал, АНУ-ын сноубордчин Вик Уайлд 2014 онд Сочигийн олимпийн өмнөхөн ОХУ-ын иргэншилтэй болж, тус улсын медалийн тоог хоёр алтаар нэмсэн билээ. Мөн ОХУ-д төрсөн биатлончин Анастасия Кузьмина Словакийн иргэншил авч, 2010, 2014 болон 2018 оны олимпийн аварга болсон юм.

Тамирчид маш олон шалтгааны улмаас эх орноо орхих тохиолдол гардаг. Тухайлбал, тэмцээн уралдаан оролцох мөнгө санхүүгийн асуудал, улс төрийн нөхцөл байдал, эх оронд нь өөрийнх нь жинд нь хэт олон шилдэг тамирчид байх, дасгалжуулагчтайгаа муудалцах зэргээс болж тамирчид Олимпийн наадамд оролцож, медаль хүртэхийн тулд иргэншлээ солиулж, өөр улсын туг далбааг мандуулах нь бий. Үүнээс үүдэж, олимпийн наадмын төлөөх цагаач тамирчид гэх нэршил ч бий болжээ.

Гэхдээ зарим улс орны хувьд дэлхийн шилдэг гэсэн легионер тамирчдыг шигшээ багтаа татах нь олимпийн наадамд оролцох цорын ганц боломж ч байдаг гэнэ. Жишээлбэл, нигерийн тамирчид түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадамд бобслейн шигшээ баг бүрдүүлэн оролцсон. Тус багт АНУ-ын төрж өссөн тамирчин багтсан юм. Гаднын шилдэг тамирчдын ачаар олимпийн наадамд Косова болон Эритреен тамирчид анх удаа оролцох боломжтой болж байсан түүх бий.

Судалгаагаар, иргэншлээ солиулж буй тамирчдийн дундаж нас 26 байна.

Харин Монгол Улсыг зорин ирсэн Иран гаралтай бөх Моллаей Саеид энэ жил 27 настай. Тэрбээр жудо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-д барилддаг. Түүний энэ жинд Монгол Улсын тамирчин О.Ууганбаатар болон Н.Даваасүрэн нар олимпийн наадамд оролцож байсан ч хараахан медаль авч чадаагүй юм. Иймээс Ираны бөх Моллаей Саеид манай улсын шигшээ багт ирснээр Токио-2020 олимпийн наадмаас жудо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ийн төрөлд Монгол Улс медаль хүртэх найдлага төрөөд байгаа билээ.

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ТЭМҮҮЛСЭН МОНГОЛ ТАМИРЧИД Ч ГЭСЭН ИРГЭНШЛЭЭ СОЛИУЛЖ БАЙНА

Хэдийгээр Монгол Улс жудо бөхийн шигшээ багтаа дэлхийн шилдэг тамирчныг багтааж чадсан ч үүний хажуугаар олон шилдэг тамирчдаа алдсаар байна. Тухайлбал, 2016 оны Рио-гийн олимпоор хүрэл медаль хүртэж, олны шуугиулсан Г.Отгонцэцэг нь өнөөдөр Казахстан улсын далбаа дор барилдаж буй. Тэрбээр жудо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жинд барилддаг бөгөөд энэ жинд Монгол Улсад маш олон шилдэг тамирчин бий. Г.Отгонцэцэгийн хувьд олимпийн наадам мөрөөдөл нь байсан тул тэрбээр мөрөөдлөө биелүүлэх үүднээс иргэншлээ солихоос аргагүйд хүрсэн юм. Өнөөдөр тэрбээр Риогийн олимпийн хүрэл медалийг хүртээд буй.

Түүнээс гадна, өнгөрсөн жил монголын жудоч Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар иргэншлээ солин, АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болсон нь спортын ертөнцөд нэлээд шуугиан тарьж байсан юм.

Мөн Монгол улсын анхны олимпийн наадмын медальтан Д.Мөнхбаяр тив дэлхийн тэмцээн оролцохын тулд иргэншлээ сольж байсан түүх бий.  Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тухайн цаг үеийг өнөөгийнхтэй жиших, харьцуулахын аргагүй. Өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийн, өндөр амжилт гаргах боломж, итгэл дүүрэн байгаа мөртлөө гадагшаа тэмцээнд оролцож чадахгүй байх ямар хэцүү гэж санана. Төр, засаг, Буудлагын холбооныхноосоо “Санхүүгийн боломж алга. Энэ удаа өнжихөөс өөр аргагүй боллоо” гэх үгийг сонсохоос халгана.

Буудлагын спортын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Гэтэл би санхүүгийн боломжгүй, төрөөс дэмжээгүйн улмаас 1990, 1994 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадаагүй. Бүхэл бүтэн найман жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэсэндээ их харамссан. Тийм хүнд үед хэчнээн хүсэхгүй байсан ч иргэншлээ сольж, дэмжлэг сайтай өөр орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох бодол төрдөг юм билээ"  хэмээн хэлсэн удаатай. Тэрбээр 2016 оны сүүлээр зодог тайлсан юм.

Сонирхуулахад, CapRelo компани 2018 оны өвлийн олимпийн үеэр дээрх асуудлаар судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд АНУ-ын 37 тамирчин иргэншлээ сольж, өөр улсын далбаа дор Пёнчаны олимпод оролцсон ажээ. Үүний зэрэгцээ, Канадын 21 тамирчин, ОХУ-ын 19 тамирчин иргэншлээ энэ үеэр солиулсан байна. Үүнээс хамгийн том ашиг хүртсэн нь Олимпийн наадмыг зохион байгуулсан Өмнөд Солонгос улс ажээ. Тус улс олимпийн наадмын өмнө гаднын 18 тамирчинд өөрийн улсын иргэншлээ олгожээ. Улмаар солонгосын шигшээ баг АНУ-ын уран гулгагч, хоккейчдоор хүч нэмсэн удаатай.

Харин энэ удаад Токио-2020 олимпийн үеэр ОХУ-ын тамирчид иргэншлээ солиулах нь ихсэх хандлагатай байгааг судлаачид онцолж байна. Учир нь, дэлхийн допингийн холбоо ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах, оролцох эрхийг нь дөрвөн жилээр цуцлахаар хэлэлцэж байна. Мөн Итали улсын тамирчдыг 2026 оны олимпийн наадамд оролцох эсэх асуудлыг нь хэлэлцэж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж