Эрдэмтдийн бүтээсэн E.coli төрлийн шинэ нян нүүрстөрөгчийн давхар ислийг идэн эрчим хүч ялгаруулдаг гэх ба энэ нь цаашдаа дэлхийн дулааралтай тэмцэх үр дүнтэй арга байж болох юм.
Дэлхий дулаарахтай зэрэгцэн хүлэмжийн хий улам нэмэгдсээр байгаа билээ. Харин сүүлийн жилүүдэд эрдэмтэд дээрх асуудлыг шийдвэрлэх шинэ гарцыг байгаль эхээс хайж, синтетик биологийн судалгаанд ихээр анхаарах болсон. Тэд нянгийн тусламжтайгаар нүүрстөрөгчийн давхар ислийг хүнс, түлш, органик нэгдэл гэх мэт хүнд ямар нэг байдлаар хэрэгтэй бүтээгдэхүүн болгохыг зорин ажиллаж байна. Жишээ нь 2016 онд нүүрстөрөгчийн давхар ислийг идээд оронд нь чихэр ялгаруулах нянг бүтээсэн ч төдийлөн амжилт олоогүй юм.
Харин арваннэгдүгээр сарын 27-нд Израилийн Вэйзманн шинжлэх ухааны институтын эрдэмтэд нүүрстөрөгчийн давхар ислийг идээд чихэр, тос гэх мэт органик нэгдэл ялгаруулахын оронд илүү ашигтай эрчим хүч ялгаруулдаг E.coli төрлийн нян бүтээснээ зарлалаа.
Амьд биетийг автотроф, гетеротроф хэмээн ангилдаг. Автотроф амьд биет нь ерөнхийдөө ургамал бөгөөд тэд органик бус түүхий эд буюу гэрэл, нүүрстөрөгчийн давхар исэл зэргээр хооллодог. Гетеротроф нь ерөнхийдөө амьтад болон зарим төрлийн нян ба тэд органик түүхий эдүүд болон бусад амьд биетийг идэн амьдардаг. Мөн автотрофууд дэлхийн шим мандлын дийлэнх хувийг эзэлж, бидний хоол тэжээл, түлшний хэрэгцээг хангаж өгдөг.
Харин синтетик биологи судалж буй эрдэмтэд E.coli гетеротроф нянг органик бус түүхий эд нүүрстөрөгчийн исэл иддэг болгохоор зорьсон хэрэг. Өөрөөр хэлбэл гетеротроф амьд биетийг автотроф болгон хувиргана гэсэн үг юм.
Эрдэмтдийн зорилго биелж чихэр идэж үрждэг E.coli нян нүүрстөрөгчийн давхар ислийг иддэг болжээ. Эрдэмтэд цаашдаа уг бүтээлээ дэлхийн хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх хүн төрөлхтөнд ашигтай нээлт болно хэмээн итгэж байгаа гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: discoverymagazine.com
Холбоотой мэдээ