Азийн хөгжлийн банкны зөгнөл

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн банкны зөгнөл

Азийн хөгжлийн банкны зөгнөл

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд гурван хувьтай гарна гэж Азийн хөгжлийн банк энэ оны эхээр зөгнөж байсан бол оны сүүлээр энэ тоо буурах хандлагатай байгааг дахин сануулж байна. Тус банк энэ оны сүүлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дөнгөж 2.3 хувьтай гарна гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Гадаадын хөрөнгө оруулалт оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ийн дөнгөж нэгхэн хувьтай тэнцэж, экспортын орлого муудаж төсвийн орлого 600 тэрбумаар тасарсан талаар Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ бүхэн манай улсын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй хэрэв зээ шаардлагатай арга хэмжээг авахгүй бол хасах тоотой гарч болзошгүйг сануулах.

ДНБ-ий өсөлт таамаглаж байснаас доогуур гарсныг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав.

1. Гадаадын хөрөнгө оруулалт эрс унасан
2. Эрдэс баялгийн экспортын орлого муудсан
3. Энэ зун газар тариалангийн бүс нутгаар ган болж, тодорхой хэмжээний ургац алдсан.

Гэхдээ ирэх жилийн дунд үеэс Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлбэл ДНБ-ийн өсөлт эргэн сэргэж, эргээд гурван хувьд хүрнэ гэж “Азийн хөгжлийн төлөв” тайланд дурджээ. Мөн Оюутолгойн ил уурхайгаас олборлож буй зэсийн хүдэр, алт, мөн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь урд хөршийн эдийн засгийн бууралтаас Монголд үзүүлэх сөрөг нөлөөг зөөллөхийн сацуу үйлдвэрлэлийн салбар тогтвортой байхад түлхэц болсон талаар тус тайланд бичсэн байна.

2011 оны сүүлээр 17 хувьтай гарч байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.3 хувь хүрсэн нь засаглалын хямралтай холбохоос аргагүй. Улс төрийн тогтворгүй байдал сүүлийн гурван жил үргэжилж, Монголоос гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээж, залхаахад хүрч буй юм. Ялангуяа УИХ-аас Засгийн газарт үзүүлэх дарамт эдийн засгийн өсөлтийг хасах хувьтай гаргахад хүрч болзошгүй байгааг гадны мэргэжилтнүүд сануулах болсон билээ.

Улс төр нь тогтворгүй улс орноос мөнгө дандаа дайждаг. Мөнгө улс бусдын идэш болдгийг Украинаар жишээлэн ярих хүмүүс олширсон. Гэвч, ард түмнийг цагаан цаас гэж эндүүрсэн улстөрчдийн увайгүй тэмцэл эцэс сүүлдээ ийнхүү эдийн засгаа сүйтгэн, дөрвөн жилийн хугацаанд ДНБ-ий өсөлтийг дөнгөх 2.3 хувиар тодорхойлоход хүргэв.

Тун удахгүй Оюутолгойн хөрөнгө оруулалт шийдэгдэх болов уу гэсэн найдлагыг монголчууд тавьж байгаа. Гэвч, дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн уналт үргэлжилж, хөрөнгө оруулагч талаас хүлээлтийн байдалтай байгааг ч зарим ажиглагчид хэлэх болсон.

Оны эхээр манай улсын эдийн засгийн өсөлтийг гурван хувьтай “зөгнөж” байсан Азийн хөгжлийн банкны “онош”-ийг эсэргүүцсэн улстөрчид энэ удаад ямар тайлбар өгөхийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан эдийн засаг хасах хувь рүү сар өнгөрөх тусам дөхсөөр байгааг сануулахад буруудахгүй болов уу?

Б.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж