Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа, 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал хураажээ. Ингэснээр үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд явагдаж байгаа бол тарианы болцтой холбоотойгоор үр тарианы хураалт бага зэрэг удаашралтай явагдаж байна. Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 750 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна. Энэ сарын 23-24-ний өдрүүдэд тариалангийн бүс нутгаар хур тундас, уулархаг нутгуудаар цас орсны улмаас өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил түр зогсоод байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 га талбайн ургац мөндөрт өртсөн, Булган аймгийн Сэлэнгэ сум, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Цээл сум орчмоор талдаа 5 см хүртэл цасан бүрхүүл тогтож хайлсан мэдээтэй байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 26, 29-нд тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи ихтэй байхын зэрэгцээ шөнөдөө 0-5 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Улмаар энэ сарын 29-30-нд нийт нутгаар бороо, нойтон цас орж хүйтрэх төлөв гарчээ.
Г.ТУУЛ