“Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” хэлэлцүүлэг болж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

“Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” хэлэлцүүлэг болж байна

“Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” хэлэлцүүлэг болж байна

Шангри-Ла зочид буудлын "Нью-Йорк" танхимд Азийн хөгжлийн банк, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс хамтран “Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сэдэвт сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Сургалт семинарыг нээж Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий үг хэллээ. Тус банкны Эдийн засгийн судалгаа, бүс нутгийн хамтын ажиллагааны газрын эдийн засагч Маттаяс Хелбле “Азийн хотуудын хөгжлийг амжилттай үргэлжлүүлэх түлхүүр нь орон сууцжуулалт” сэдвийн хүрээнд АХБ-наас гаргасан “Азийн хотуудад хөгжил, хүртээмжийг дэмжих нь” тайланг танилцуулав.

Үргэлжлүүлэн Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Орлогод нийцсэн, ногоон орон сууцны хөтөлбөр гэж юу вэ” илтгэл тавьж, Монголын ипотекийн корпорацийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ.

АХБ-ны Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь” сэдэвт сонирхолтой илтгэл тавив. Тэрбээр “Хүн амын эмзэг бүлгүүд агаарын бохирдлын сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөж байна. Ядуу иргэд гол төлөв бохирдол ихтэй дүүргүүдэд ажиллаж амьдардгийн дээр шим тэжээлтэй хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс бохирдлын нөлөөг хамгийн түрүүнд мэдэрдэг. Мөн хүүхэд нялхаст хүндээр тусч буйг ургийн өсөл хөгжил удаашрах, хүүхэд дутуу төрөх, хатгаа, тархины хөгжлийн саатал, амьсгалын замын архаг болон цочмог өвчлөлийг үүсгэгч уушгины эмгэг зэрэг хүүхдүүд ихээр өртөж байгаагаас харж болохоор байна” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангаас 2018 онд хийсэн судалгаанд 2009-2011 оны өвөл нярайн эндэгдэл зуны улирлынхаас 3.5 дахин өндөр байсныг дурджээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөлд 24.8 тэрбум төгрөг (9.8 сая ам.доллар) нэмэлт хөрөнгийг 2017-2020 онуудад зөвхөн Улаанбаатар хотод зарцуулах шаардлага үүснэ хэмээн тогтоосон аж.

“Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сургалт семинар “Орон сууцны хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэхэд тулгарч буй бэрхшээл, хот байгуулалтын шилдэг туршлагууд” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэгт АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекман, Нийслэлийн орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Монголын ипотекийн корпорацийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат, Сангийн яамны төлөөлөл оролцож байна.

 

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж