МАН-ын гишүүдийг зодоонд дуудсан 26+50

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүдийг зодоонд дуудсан 26+50

МАН-ын гишүүдийг зодоонд дуудсан 26+50

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсны дараа биенээ тас тэврэн,  хундага тулгаж байсан эрх баригчид сонгуулийн 26+50 тогтолцооноос болж, хөлөө гэдсэндээ жийлцэн хоёр тийш харж мэдэхээр байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2019.12.02/ хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон 26+50 тогтолцоог хэлэлцсэн ч нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй, завсарлажээ. Гэхдээ бүлгийн хуралд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хувилбарыг дэмжээгүй юм байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд ОХУ-аас ирснийх нь  дараа бүлэг эл асуудлыг дахин хэлэлцэхээр болсон аж.

Ахиу санал авахаа бодож оруулж ирсэн 26+50 тогтолцоо нь одоогийн нөхцөлд эрх барьж буй МАН-д гэхээс Ардчилсан нам, МАХН, ИЗНН зэрэг намуудад илүү ашигтай тусах магадлалтай гэсэн болгоомжлол давамгайлжээ.  Учир нь дээрх тогтолцоогоор 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулбал улс төрийн намууд эвсэж нэгдэн оролцвол илүү амжилт олох юм.

2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор буюу 76 гишүүний 26-г дээрхтэй төстэй байдлаар улсын хэмжээнд намын нэрээр гаргасан бол энэ удаад мөн л улсын хэмжээнд 26 хүнийг нэрээр нь дугуйлан сонгож гаргах ирэх болж буй юм. Үлдсэн 50 нь тойрогт өрсөлдөн сонгогдоно.

Тодруулж хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахад Ардчилсан нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 11, ИЗНН хоёр суудал авч, бие даагч гурван гишүүн сонгогдсон юм.

Ардчилсан нам дангаараа Засгийн эрх барих суудал авч чадаагүй учраас МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтарч, эвслийн Засгийн газар байгуулсан. МАН нэлээд хүчин зүтгэсний хүчинд, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулан байж, шинээр байгуулагдсан Засгийн газарт хамтарсан ч төд удалгүй зам салж, хоёр тийшээ болсон.  Ийм алдаа руу хөтлөх вий гэдэг болгоомжлол гишүүдийнх нь дунд бий аж.

Нөгөөтэйгүүр, улс нэг тойрог бол МАХН-ын автортой, 2012 оноос эхлэн санал болгож ирсэн тогтолцоо гэж хэлж болно. Тус намаас санаачлан боловсруулсан Үндсэн хуульд мөн энэ санаа нь тусгалаа олсон байдаг. Лидер нь хэн байхаас шалтгаалж, улс нэг тойрогт өрсөлдөх 26 нэр дэвшигчээ гаргаж ирж чадах эсэх ихээхэн шалтгаалах тул МАХН-д хэнтэй хамтарч сонгуульд гар барилцан орох вэ гэдэг чухал. Улсын Дээд Шүүхэд дээгүүр бүртгэлтэй намтай эвсэл байгуулан орвол Засгийн газарт хамтрах боломж байхыг үгүйсгэхгүй аж. Тиймээс Иргэний зориг болоод Ногоон намууд үнэд орж чадах эсэх нь 26+50 хувилбар батлагдах эсэх мөн шалтгаалах болж байна.

Ардчилсан намын хувьд дээрх хувилбар батлагдвал улсын хэмжээнд өрсөлдөх 26 нэр дэвшигчээ нэр цэвэр хүнээр магнайлуулан, зүтгүүлж, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тойрогт өрсөлдөх 50-аа удирдан ороход 2012 оны УИХ-ын сонгуульд үзүүлсэн амжилтаас дутахааргүй суудал авах боломжтой гэдэг урьдчилсан таамгууд гараад эхэлжээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын сонгуулийг 26+50 тогтолцоогоор явуулах хуулийн төслийг өчигдөр /2019.12.02/ УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байна.

Шийдлээ яаж гаргах нь парламентад 64 суудалтай МАН-ынхны шийдэх асуудал болж буй юм.

 

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж