www.news.mn сайтын Монгол бичгийн сайтын 5 жилийн ойд зориулав
2011 онд Монгол Улсад анх ирж билээ. “Улсын Ерөнхийлөгч нь УИХ-ынхаа хүндэтгэлийн индэр дээрээс нэгэнт уриалан дуудаж байгаа болохоор чиний аялал өлзий мөртэй байх болно” гэж өмнө нь Монгол Улсад ажиллаж байгаад буцсан нутгийн анд маань урмын үг хайрлаж билээ.
Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг Хятад компанид хөдөлмөрийн визтэй бүтэн жил ажиллаж Монгол Улсын талаар гайгүй сайн мэдээлэлтэй болж амжсан миний бие Улаанбаатар хот руу хүлгийн жолоо эргүүлэв. Нэг Өвөр монгол, хоёр Монгол танилынхаа буянаар компаниа бүртгүүлж, улмаар оршин суух асуудлаа албан ёсоор шийдлээ. Сурсан мэргэжлээрээ ажиллах боломжийн эхний алхам ийн ялгум бүтсэн.
Монгол бичгээр сэтгүүл хийх, ядаж нэг сайт хийх бодол надад угаасаа байсан юм. Монголд босоо бичгээр дагнадаг “Хүмүүн бичиг” монгол бичгийн сонин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын монгол бичгийн сайт, “монгол бичиг уу”, “монгол бичигтэн” нэртэй facebook хуудас, “Цагийн өнгө “цахим сонин байсан. Гэхдээ эднээс “Хүмүүн бичиг”, Ерөнхийлөгчийн Тамгын газрын монгол бичгийн сайтаас бусад нь сайн дурынх боловч монгол бичиг Монгол Улсад удам тасраагүйн илрэл тэр байлаа. Гадаадад ялангуя Хятад болон Өвөр монголчуудын дунд Монгол Улсад монгол бичиг ор тас алга болсон гэх ойлголт түгээмэл байдаг. Хэзээ нэг өдөр хэн нэг нь “босоо монгол бичиг манайх” гээд олон улсад зарлах тэр үед энэ хэдэн сайн дурын бичигчид “үгүй энд байна” гэх гэрч болж чадах байх шүү. ”Бассан өвс бөгс хатгана” гэдэг шүү.
Монгол бичгээр сэтгүүл сонин хийх сонирхолтой хувь хүн байгууллага даанч олдсонгүй, монгол бичгээр сайт хийж болох юм, эдийн засгийн тооцоо хэр бол, ашигтай ажиллаж чадах уу гэж асуусан хэдэн хүнтэй тааралдсан.
2013 оны өвөл нэг танил маань news.mn сайтын холбогдох утсыг олж, монгол бичгийн сайт хийж болох эсэх талаар асуусанд уулзаж ярилцъя гэсэн мөрөөдөл далласан хариу сонслоо. Б.Тэмүүлэн захиралтай уулзаж, тэр өдөртөө л монгол бичгээр хамтарч ажиллахаар боллоо. Цагаан сарын дараа ахиад уулзаж гэрээ хэлцэл хийхээр ярьж тохироод нутаг буцаж Болзоо нэртэй кириллээс монгол бичигт хөрвүүлэх програм хийсэн нутгийн залуу Цэцэнттэй уулзаж сайт хийх санаагаа цухуйлгасан боловч тэрбээр Монголд очих боломж муутай байгаагаа хэлэв.
Дараа хавар нь Улаанбаатарт Бээжингээс Монголд гэр бүлээрээ ирээд МУИС-д магистраар сурч байгаа Мөнхдалайтай айлд санамсаргүй танилцаатхав. Тэрээр Өвөр таван отог халхын Баарин аймгийн хойчис. Хятадын алдартай сургууль төгсч, Бээжинд гадаадын компанид олон жил ажилласан, хэдэн хэлэнд нэвтэрсэн IT мэргэжилтэн байлаа. Бид хоёрын хооронд нэг их урт яриа болоогүй.
-Монгол бичгийн сайт хамтарч хийх үү?
-Хаа? Монголд уу?
-Тийм
-Хэн хийх гэж танд зөвшөөрсөн юм, лавдуун /болгоомжтой/ орох хэрэгтэй…
Хэд хоногийн дараа бид хоёр news.mn дээр очиж Б.Тэмүүлэн захиралтай уулзав. Гэрээ хийв.
-Ах , ажил ийм амархан бүтэж байгаа хэрэг үү?
– Тийм, яасан?
– Монголд ингэж шуурхай ажилладаг компани байдаг юм байна…
Харин бид хоёр ажлаа гэрээнд заасан хугаацаанаас нилээн сүүлд 2014 оны сүүлчээр хүлээлгэж өгөөд монгол бичгийн сайт маань 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор ашиглалтад орсон билээ. Түүнээс хойш бүтэн таван жил ард хоцорчээ. Яасан ч хурдан өнгөрөх цаг хугацаа бэ? Хайрт дүү Мөнхдалай маань бурханы оронд ээж аавийнхаа хойноос яваад бүтэн хоёр жил болчихлоо. Амьдрал хайр дээр тогтдог, хагацал дээр, хязгаар нь үл харагдах дурсамж дээр тогтдог ажээ…
-Ах, Монгол улс маань одоо худалдааны улсаас үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй.
-Ах, хүмүүс олон туйлт дэлхий гээд ярих юм, үнэндээ ганц туйлт дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл Монголд илүү олон улсын орон зай олгоно.
-Ах, би хожим Герман-Монголын хамтарсан уул уурхайн дээд сургуульд ажиллана.
-Ах, би монгол бичгийн вэб сайтын эх кодоо news.mn-д хүлээлгээд өгчихсөн, монгол бичгийн сайтаа ажиллуулаад цаашаа аваад явах нь чухал, харин ашиг бол хоёр дахь асуудал, яг энэ монгол бичиг дээр шүү, энэ Монгол Улсад шүү, эцсийн эцэстээ энэ сайт Монгол Улсын хөрөнгө болж үлдэнэ,та бид хоёрт хамаагүй шүү.
-Ах, хүрэх үр дүн нь тодорхой тийм зүйл дээр хүн гэдэг амьтан шууд л шийдээ гаргах хэрэгтэй…
2017 оны есдүгээр сарын 28 гэх цаг хугацаа дээр Мөөгий маань үүрд үлдэж, тэндээсээ биднийгээ, үр ижлээ хараад чимээгүй зүрхэндээ мэгшээд суудаг байх. Хүү нь цэвэр монгол хэлтэй болсон төдийгүй шатрын спортоор хичээллэж гурван ч удаа Монгол Улсын аварга, Зүүн Азийн аварга нэг удаа болж, Дэлхийн шатрын холбооны мастер цолонд хүрчээ. Бүсгүй нь Хятад, Монголоор зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын алдартай компанийн ажлаа хийхийн сацуу нөхрийнхөө ажлыг үргэлжлүүлээд хийгээд явж байгаа нь үнэхээр сайшаалтай.
Сайт маань хоёр ч удаа шинэчлэгдээд гэгээлэг сайхан мэдээнүүдээ монгол бичигтэй хүмүүст хүргэж байна.Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч монгол бичгийн unicode-ийг богино хугацаанд шинэчилж чадвал манай монгол бичгийн сайт олон улсын хэмжээний сайт болно гэдэгт итгэж явдаг.
News.mn ийн хамт олонд таван жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Монгол хэлний тухай хуульд Үндэсний бичиг хэмээн тодорхойлсон монгол бичиг түгэн дэлгэртүгэй.
А.УД
Холбоотой мэдээ