Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд “Хорт хавдрын тулгамдсан асуудал” олон улсын VII хурал эхэллээ. Уг хуралд 70 гаруй орны судлаач, эрдэмтэд оролцсон юм. Хурлын үеэр БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор Хан Кван Ян монгол эмч нартай хамтран ходоод тайрах дурангийн мэс заслыг хийж, энэ хагалгааг хуралд оролцогчдод дэлгэцээр шууд дамжуулан үзүүлсэн нь олон талын ач холбогдолтой байв. Хагалгааны дараа БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор Хан Кван Янтай ярилцлаа.
БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор Хан Кван Ян
-Та өнөөдөр Монголын эмч нартай хамтран ходоод тайрах дурангийн мэс заслыг тун амжилттай хийлээ. Танд их баярлалаа.
-Баярлалаа, та бүхэнд. Хагалгаа амжилттай боллоо.
-Энэ төрлийн мэс заслыг Өмнөд Солонгосын иргэд хэр олон хийлгэдэг вэ?
-Ходоодны хорт хавдрын өвчлөл Өмнөд Солонгост түгээмэл тохиолддог. Тийм ч болохоор миний хувьд энэ төрлийн хагалгааг тогтмол хийх шаардлага гардаг. Мэс заслын үеэр зөвхөн хавдартай ходоодыг бус эргэн тойронд байгаа тунгалагийн булчирхайг хамт авах нь хамгийн чухал байдаг. Тиймээс энэ хагалгааг хийхэд цаг хугацаа нилээд шаардагддаг.
-Дурангийн хагалгаа ердийнхөөс юугаараа давуу талтай вэ? Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу.
-Дурангийн хагалгаа ердийнхийг бодвол өвчтөний биеийн байдал хурдан сайжрах боломжийг олгодог. Энэ ч үүднээс Япон, Өмнөд Солонгосын мэс заслын эмч нарт дурангийн хагалгаа хийх тал дээр дэмжлэг туслалцаа авах хүсэлт их ирдэг. Өөрөөр хэлбэл, дурангийн хагалгаа нь жижиг зүслэгээр өвчтөний биед зовиур багатайгаар мэс засал хийх арга хэлбэр юм.
-Өмнөд Солонгос, Монгол улсын хувьд хорт хавдрын өвчлөлөөр өндөр үзүүлэлттэй байдаг тухай бид ярилаа. Нас баралтын тухайд Монголынх илүү тоо гардаг. Энэ юутай холбоотой гэж та үзэж байна?
-Өмнөд Солонгос, Япон, Хятад, Монгол зэрэг орнуудын хувьд хавдрын өвчлөл өндөр байгаа нь бидний санааг зовоож байна. Харьцуулж үзвэл Өмнөд Солонгос, Японд нас баралтын тоо харьцангуй буурсаар байгаа. Харин Монголын хувьд эсрэгээрээ нас баралтын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь ерөөсөө л эрт илрүүлэлтийн асуудал юм. Та бүхэн хорт хавдраас сэргийлэх сурталчилгааг нийгэмд ул суурьтай өгөх нь чухал. Тухайлбал, аюулхай, хэвлийн дээд хэсэгт ямар нэг өвдөлт мэдрэгдэх л юм бол эмнэлэгт яаралтай үзүүлж, ходоодоо дурандуулдахыг иргэн бүр мэддэг байх учиртай. Цаашлаад улсын хэмжээнд хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр боловсруулж, нийгэмд түгээх, энэ ажилд зөвхөн эрүүл мэндийн салбар бус Засгийн газраас дэмжиж, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй. Гол нь иргэдэд мэдээллийг маш сайн түгээж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь том үр дүн өгнө. Иргэд мэдээлэлтэй болоод ирэхээрээ хорт хавдрыг эрт илрүүлэхэд анхаарч эхэлнэ. Энэ яваандаа үр дүнгээ өгнө.
-Монголын эрүүл мэндийн салбар хорт хавдрын эмчилгээ, мэс заслын тоног төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай. Энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн салбарынхан санаагаа чилээх бус Засгийн газрын дэмжлэг маш сайн байх хэрэгтэй гэж бид үздэг. Энэ тал дээр танд ямар бодол төрөв?
-Техник, тоног төхөөрөмжийн хувьд мэдээж үнэтэй. Гэхдээ хорт хавдрын өвчлөл газар авсан ийм үед Засгийн газраас энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Хорт хавдраар өвчилж, нас барах явдал Монголд их байна. Ийм үед хорт хавдрыг эмчлэх, мэс засал хийх тоног төхөөрөмжид тодорхой төсөв гаргаж, анхаарал хандуулж ажиллах нь чухал. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар, эсвэл даатгалын шугамаар тоног төхөөрөмжүүд авах боломж байдаг. Энэ бүгдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй. Ер нь хүчин чадал сайтай, орчин үеийн тоног төхөөрөмжид хөрөнгө, мөнгө зарцуулж байж хавдрын эмчилгээ, эрт илрүүлэлтийг үр дүнтэй явуулна.
ДҮРСТ МЭДЭЭ ҮЗЭХ
Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд хоёрдугаарт жагсч байна гэх статистик мэдээг та сонссон байх. Өөрөөр хэлбэл, ходоодны хорт хавдар гэх өвчлөл монголчуудын дунд аль хэдийн газар авчээ. Тэгвэл арай өөр статистик дурдья.
Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгдсэнээр Монгол Улсад нэг жилийн хугацаанд гэхэд 4000 хорт хавдрын шинэ тохиолдол илэрдэг болсон байна. Харин үүний 70-80 хувь нь хожуу үедээ оношлогдож, эмчлэгдэх боломжгүй нөхцөл үүсдэг ажээ. Эндээс Монголд хорт хавдрын эрт оношлогооны асуудал тулгамдсэн сэдэв болохыг харж болно. Иргэд нь ядаж жилдээ ганц удаа эмнэлгийн оношлогоонд орж, дотор эрхтнээ шинжлүүлдэггүй, ажлын хойноос хэт улайрч, эрүүл мэнддээ цаг гаргадаггүй байдлаас үүдэн хорт хавдрын эрт үеийн оношилгоо алдагдаж байгааг өнөөдөр эхэлсэн “Хорт хавдрын тулгамдсан асуудал” олон улсын VII хурлын үеэр энэ салбарынхан тодотгон ярьж байлаа.
Өнөөдрийн хуралд Монголын эмч нараас гадна Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, ОХУ, Казахстан зэрэг 70 гаруй орны судлаач, эрдэмтэн, эмч нар судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр монголчуудын санааг зовоохуйц бас нэгэн статистикийг гадны эрдэмтэд дурьдсан нь анхаарал татав. Тодруулбал, Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт буюу БНСУ-ын ард бичигддэг бол нас баралтын тоогоор энэ статистикийг тэргүүлэх болжээ. Харин хавдрын өвчлөлөөр тэргүүлж байсан БНСУ-ын хувьд 10-т бичигдсэн байна.
"Энэ нь мэт тоон үзүүлэлтүүд нь Монголд хорт хавдрын эрт оношлогооны асуудал нэн чухал болсныг харуулж буй хэрэг" хэмээн БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор Хан Кван Ян онцлон ярилаа.
“Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” сэдэвт олон улсын VII симпозиум маргааш "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдвээр үргэлжилж, олон улсын илтгэгч нар видео илтгэл, лекц тавина.
- Профессор Яны хувьд БНСУ-ын хавдрын чиглэлээр мэргэшсэн, тэргүүлэх профессоруудын нэг юм. Нэг жилийн хугацаанд 400 гаруй хүнд хавдрын мэс засал хийдэг тэрбээр өнөөдөр Монгол төдийгүй олон улсын хавдрын эмч нарт туршлага болохуйц үнэтэй зөвлөгөө өгч, ходоодны хавдрын дурангийн мэс заслын хагалгааг амжилттай хийлээ. Энэ хагалгааг эмч, мэргэжилтнүүдэд шууд дамжуулан үзүүлсэн юм.
БЭЛТГЭСЭН: Сэтгүүлч Б.ЗАЯА, зураглаач Ц.АРИУНБОЛД