АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.12.02/ Бразил, Аргентин улсуудаас нийлүүлдэг ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд гаалийн татвар зарлажээ. Мөн Франц улсаас тус улсад экспортлодог $2.4 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 100 хүртэл хувийн гаалийн татвар оноохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Трамп ийм шийдвэр гаргах болсноо эдгээр улсууд үндэсний валютын ханшаа зориуд сулруулах замаар АНУ-ын фермерүүдийг хохироож байгаа тул нэн даруй татвар оноох болсон гэж тайлбарлаж байгаа ч зарим судлаачид үүнийг үндэслэлгүй, харин ч Бразил, Аргентин улсууд үндэсний валютаа ам.долларын эсрэг чангаруулахаар ажиллаж байгаа гэж дүгнэжээ. Мөн зарим шинжээчид АНУ-ын гэнэтийн шийдвэр нь Хятадтай хийж буй худалдааны дайных нь нэг хэсэг, Трамп 2020 оны сонгуульд дахин ялахын тулд АНУ-ын фермерүүдийг дэмжих бодлого баримталж байгаа. Тиймээс АНУ-Хятадын худалдааны маргаанаас ашиг олж буй Бразилын шар буурцагны фермерүүд үүнийг өшөө авалт гэж харж байгаагаач зарим нь илэрхийлсэн байна.
Харин Франц улсын хувьд шампайн дарс, гар цүнх, бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүд нь татварын нэмэгдэлд багтаж байгаа ба уг татварын зорилго нь Францын Засгийн газар АНУ-ын технологийн компаниудаас дижитал татвар авахаар болсны хариу арга хэмжээ гэнэ. “Google”, “Facebook”, “Apple”, “Amazon” зэрэг компаниудын Францын зах зээлээс олж буй орлогоос татвар авах шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон гаргаад буй юм. Мөн адил АНУ-ын дижитал бизнесүүдээс татвар авахаар зэхэж байгаа Австри, Итали, Турк улсууд ч тус улсын дараагийн татварын нэмэгдэлд өртөх эрсдэл үүсээд байна.
Фразил улсын Ерөнхийлөгчийн хувьд Дональд Трампыг даган дуурайдагаараа алдартай. Тэрбээр Трампын энэ шийдвэрт тийм ч их цочирдохгүй байна гээд түүнтэй утсаар ярьж ойлголцоно хэмээн мэдэгджээ. Харин Аргентины Ерөнхий сайд Данте Сика гэнэтийн шийдвэрийг цочирдон хүлээж авснаа илэрхийлээд АНУ-ын талтай ярилцана хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ