Ж.Сүхбаатар МАН-аас гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар МАН-аас гарлаа

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч байгаа тухай бичиг, мөн намын батлахаа Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн намын үүрийн дарга Ж.Оюунд өгсөн тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлээд байна.

Түүнийг МАН-аас гарч, МАХН-д элсэнэ гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Үүнийг нотлох мэт тэрбээр МАН-аас албан ёсоор гарсан тухайгаа зарлалаа. Ж.Сүхбаатар нь 2008 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв. 2012 оны УИХ-ын сонгуульд дахин Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.

МАН дээрх сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа удирдлагуудаа өөрчилж, энэ үеэр түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох сунгаа Бага хурлын төвшинд болсон ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Ж.Сүхбаатар тухайн үед Бага хурлын дараа “МАН Т.Бадамжунай гэх мэт авлигачдаасаа салаагүй цагт цэвэршихгүй” гэх хатуухан үгийг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэрбээр 2012 оны сонгуулийн дараа АНУ-ыг зорьж, хэсэг хугацаанд тэнд амьдарсан билээ.

Үүнээс хойш нам гүмхэн байсан экс гишүүн өнгөрсөн зун МАХН-ын даргатай уулзаж, олны анхаарлыг татсан бол өнөөдөр ийн МАН-аас гарч, дуулиан тарилаа. МАН-ын гишүүд дотроос хамгийн ирээдүйтэй улстөрч хэмээн үнэлэгдэж байсан энэ эрхэм юуны учир өрх тусгаарлаж, сул хүн болсон нь удахгүй тайлагдах биз ээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж