“Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” сэдэвт олон улсын VII симпозиум Улаанбаатар хотноо болж байна.
Маргааш "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдвээр олон улсын илтгэгч нар видео илтгэл, лекц тавина. Тус симпозиумд Япон, Өмнөд Солонгосын профессор Масаказо Ямамото, Хироки Ямауэ, Хисахиро Мацубара, Харуши Осуги тэргүүтэй ходоод, улаан хоолойн хорт хавдрын чиглэлээр дэлхийд тэргүүлэх 20 илтгэгч ирж оролцож байгаа юм.
Энэ жилийн олон улсын VII симпозиум нь Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор хийгдэж байгаа тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон албаны бусад хүмүүс оролцож, дэлхийд тэргүүлэгч эмч нартай уулзаж, ярилцах ажээ.
Монголчуудын урилгаар хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Өмнөд Солонгосын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн профессор Хан Кван Ян нарын эмч нар өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд монгол эмч нартай хамтран, ходоод тайрах дурангийн мэс заслыг хийсэн байна.
Б.ЭНХ