Д.Цолмон: Улстөрчдийн золиос болгохыг зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Д.Цолмон: Улстөрчдийн золиос болгохыг зөвшөөрөхгүй

Д.Цолмон: Улстөрчдийн золиос болгохыг зөвшөөрөхгүй

Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, өнгөрсөн хавраас Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байна. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа аж. Уг асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмонтой дэлгэрэнгүй ярилцлаа.


-Салхитын мөнгөний орд гэх хэрэгтэй та чухам яаж холбогдов. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-2019 оны сар шинийн дараагаас энэ хэргийн тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээллүүд гарч эхэлсэн юм байна лээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгчдийн нэр, зургийг нь зарим сайтуудаар тавьсан байсан. Хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон гэдгийг дээрх мэдээлэл гарсны дараа хяналтын шатны шүүхийн 2017 оны тавдугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг үзэж байж л мэдсэн. Учир нь, Дээд шүүх жилдээ ойролцоогоор 1600 гаруй иргэний хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэдэг.

Шүүгчид дор хаяж 80 хувьд нь бүрэлдэхүүний шүүгчээр ажилладаг, хэний ч хувьд хоёр жилийн өмнө шийдсэн хэргийг өчигдөр, уржигдрын шийдвэрлэсэн хэрэг шиг бүрэлдэхүүнд нь байсан эсэхээ санах боломжгүй. Хэвлэлээр гарсан мэдээлэл нь хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан, үндэслэлгүй байсан учраас би хувьдаа их бухимдсан.

Тэгээд "бүгдээрээ хэвлэлийнхэнд хандъя. Нэр төрөө сэргээлгэе. Ингэж дайрч давшилж болохгүй. Шүүхэд хандъя” гэхэд шүүгчид маань "угаасаа ингэж шүүх рүү дайрдаг юм. Нэг хэсэг ингэж байгаад чимээгүй болчихдог. Чи шинэ хүн болохоор цочирдож байгаа байлгүй. Тэгээд ч шүүгч өөрөө шүүхэд хандах нь зохимжтой биш” гэсэн. Хэвлэлээр яваад байсан мэдээллүүд дахиж гарахаа больсон. Гэтэл 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт миний нэр орсон байсныг 2019 оны зургадугаар сарын 27-ны өглөө цахим сайтаас мэдсэн, одоо ч энэ зарлигийг албан ёсоор надад өгөөгүй байгаа.

-Та хэргийг шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд байсан юм байна. Хэргийг хэдэн шүүгч шийдвэрлэдэг юм бол. Гадуур яригдаад байгаа авлигад зуучилсан, авсан гэх мэдээлэлд тодорхой тайлбар өгөхгүй юу? 

-Дээд шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдлын үндсэн дээр хянах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд зааснаар хэргийг Улсын Дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна гэсэн байдаг. Энэ таван шүүгчийн хувьд даргалагч нэг шүүгч, илтгэгч нэг шүүгч, үлдсэн гурвыг нь бүрэлдэхүүний шүүгч гэж нэрлэдэг. Миний хувьд үлдсэн гурван шүүгч буюу бүрэлдэхүүний шүүгчийн нэг л байсан. Шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг томилох нь Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу Танхимын тэргүүн батламжилдаг хууль зүйн зохицуулалт үйлчилдэг.

Харин гадуур яригдаад байгаа авлигад зуучилсан, авлига авсан гэсэн ярианы тухайд энэ хэрэгт арав гаруй хүн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байгаагаас үзэхэд заримыг нь авлига өгсөн, заримыг нь зуучилсан, заримыг нь авсан гэж буруутгасан байгаа.

Гэхдээ энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хангалттай үндэслэл” бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой. Ингэж хэлснээрээ шалгагдаж буй хүмүүсийн тухай ямар нэгэн хувийн дүгнэлт хийгээгүй, харин хуульд заасан нөхцөлийг л мөрдөгч, прокурор тогтоох ёстой гэдгийг хэлэхийг хүссэн юм.

-Хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээлэл яваад байна. Одоо аль шатандаа явж байна вэ. Хэргийг шүүхэд шилжүүлэх тухайд та санал нийлж байна уу?

-АТГ-аас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн, одоогоор шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурор хянаж байгаа. Би өмнө нь хэлсэн, энэ хэрэгт 10 гаруй хүн яллагдагчаар татагдсанаас шалгагдаж байгаа үндэслэлтэй, баримттай нь ч байна, үндэслэлгүй буюу гэмт хэрэг хийсэн гэснийг нотлох баримтгүй, таамгаар татагдсан нь ч байгаа гэж үзэж байна.

Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамааралгүй, би хэний ч нөлөөнд автаагүй, хэнээс ч авилга аваагүй болохоор энэ талаар баримт байхгүй нь ойлгомжтой. Иймээс би надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхийг эрс эсэргүүцэж, прокуроруудыг гагцхүү хуульд захирагдахаар төрд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллана гэдэгт итгэл алдраагүй байгаагаа дахин хэлмээр байна.

Нийгэм, улс төрийн энэ ороо бусгаа энэ үед шударга ёсны хамгийн ойлгомжтой, тодорхой хэмжүүр нь болох хуулиа зөв хэрэглэж, улс төрийн элдэв дарамт шахалтыг гагцхүү хуулиар хаах, хуульчийн итгэл үнэмшил, эр зоригийн асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна.

Өөрт хамааралтай хэсгээс ярихад Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа АТГ намайг гэрчээр хоёр удаа дуудсан. Гурав дахь удаагаа дуудахдаа яллагдагчаар татах тогтоол танилцуулсныг би зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, бүх газарт гомдол гаргасан.

Энэ тогтоолд анх гэрчээр асуухад “Таньдаг уу” гэж асуусан хүнээс “Мөнгө авсан байна” гэж надад хилс хэрэг тулгасан. Тэр хүн мөнгө авсан юм чинь өгсөн байж таараа” гэж. Ерөөсөө энэ. Хэргийн баримттай танилцахад тухайн хүн уг мөнгийг надад өгөөгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн, тэрбээр мөнгө зарцуулсан баримтаа гаргаж өгсөн байна лээ.

Нэг хүн авсан бол нөгөө хүндээ өгсөн л байж таараа гэсэн муйхар хандлагаар, үндэслэлгүйгээр, таамгаар яллагдагчаар татсан нь хууль зөрчиж байна. Хууль ёс, онол ном, зарчим хаана байна,  үнэхээр их гомдолтой байна.

Зарим хүмүүс яагаад ингэж орой дуугарч байгаа тухай надаас асууж байгаа. Мэдээж бүрэн эрх түдгэлзүүлэх зарлиг гарахад цочирдсон хэдий ч би хүлээцтэй хандсан. Учир нь, бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч гэсэн би шүүгч хэвээрээ байгаа. Ингэснээр шүүгчийн ёс зүйн дүрэмд захирагдах ёстой. Шүүгчийн ёс зүйн дүрэм маш хатуу. Тиймээс би шүүгч хэвээрээ байгаа учраас ёс зүйдээ захирагдсан. Би хэзээ ч ийм хууль бус буруу зүйл хийгээгүй. Хийх ч үгүй. Ийм учраас үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байсан тул олон нийтэд хандаагүй гэдгийг хэлмээр байна.

Харин эцэст нь шударга ёсны итгэл алдрах нөхцөл бий болж, 2019 оны арваннэгдүгээр 18-ны өдөр би өөрийн нүүр номд шударга үнэнийг хамтдаа хайхаар олон нийтэд хандаж, пост тавьсны дараа зарим сонин, сайтаас ирүүлсэн саналыг хүлээн авч ярилцлага өгч эхэлсэн.

Би бусадтай үгсэн хуйвалдаж, авлига авах, хэн нэгэн хүний дохио зангаагаар ажиллах хүн биш, иймээс таамгаар буюу хилсээр ял тулгаж шүүхэд шилжүүлэх гэж байгаа энэ үйлдлийг хэрхэвч зөвшөөрөхгүй, бид ямар 1937 онд амьдарч байгаа биш дээ. Ингэж залхааж байгаа нь цаашид шүүгчээр ажиллах итгэл үнэмшлийг минь үгүй болгоход хүргэж байна. Энэ нь зөвхөн ганц надад тохиолдоод байгаа асуудал биш байх, хэрэв хуулийн систем надад хэрэг үүсгэсэн иймэрхүү технологиор явах юм бол Монгол Улсад шударга ёсны баталгаа сүйрч унахад хүрэх аюултай гэж би хувьдаа дүгнэж байна.

-Зарим шүүгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шалгаж байгаа гэсэн. Таныг ийм зүйл, ангиар буруутгасан уу?

-Миний хувьд би яг л тань шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж авсан мэдээлэлтэй л байна. Хөрөнгөжих гэснээс анх шүүгчээр томилогдохоос өмнө урьдчилаад ХОМ өгдөг юм билээ. Шүүгч болсны дараа жил бүр хуульд заасан хугацаанд өгдөг. Би 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд шүүгч болохдоо анхны ХОМ-ээ өгч байсан. Анхны ХОМ-т өнөөдөр бараг өөрчлөлт ороогүй. Цалингийн хэмжээ, зарим хадгаламжийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж, хасагдсан л байгаа. Энэ талаар ХАСХОМ дээр ил байгаа. Хэн ч ороод үзэх боломжтой. АТГ ч 2018 оны намар хөрөнгийн мэдүүлэгтэй холбоотой бүх баримтыг гаргуулж авсан.

-Та хэн нэгний нөлөөнд автаж, хэргийг шударга бусаар шийдвэрлэж байсан уу. Таны бодлоор шүүх хэр шударга ажиллаж байна вэ?

Дээр би хэлсэн, өргөсөн тангарагтаа үнэнч, хэн нэгний нөлөөнд автаж, ямарваа нэгэн хуйвалдаанд оролцож, хэрэг шийдвэрлэж байгаагүй. 22 настайгаасаа хуучин “Намын дээд” гэж нэрлэгдэж байсан сургуульд хуулийн багшаар ажиллаж,  хуульч-багш хүнийхээ хувьд ч өөрийн үзэл, зарчмаасаа, оюутнуудынхаа өмнө хэлж, ярьж байсан хууль дээдлэх зарчмаасаа хэзээ ч хазайж явсангүй.

Нөгөөтэйгүүр төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглох, хэрэв нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх хуулийн нарийвчилсан зохицуулалт үйлчилж байгаа.

Уулын мод урттай богинотой, сайн хүн нь муу хүнээсээ олон, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино  ч гэдэг юм уу иймэрхүү ардын хэлц үг олон байдаг. Яг түүнтэй адилаар цөөн хэдэн хүний буруутай үйлдлийг ШҮҮХ гэсэн том айлын хүн бүрт нялзааж, энэ системийг бүхэлд нь харлуулах гэж байгаатай санал нийлэхгүй байна.

-Энэ хэрэгт хамааралтай бусад шүүгчдийн хэрэг баримтаар нотлогдсон уу?

-Монгол Улсын түүхэнд 17 шүүгчийн бүрэн эрхийг нэгэн зэрэг түдгэлзүүлсэн зарлиг анх удаа гарсан. Зарлиг гарсан улс төрийн нөхцөл байдлыг хүн бүр л мэдэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт ид яригдаж, ялангуяа Дээд шүүхийн хувьд эрс өөрчлөлт хийх төсөл яригдаж, танилцуулагдаж байсан үе. Түүнчлэн С.Зориг агсны хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүсэн, Эрдэнэтийн 49 хувь гэх мэтчилэнгээр шүүхийн гадна жагсаал цуглаан болж байсан.

Салхитын мөнгөний ордын шүүгчид 125 сая ам.доллар хувааж авч байгаа бичлэг нь байгаа гэх мэтчилэн үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд эрчимтэй цацаж байсан тийм л үйл баримттай давхцаж дээрх зарлиг гарсан нь нэгийг бодогдуулах л байх.

Гэхдээ Салхитын мөнгөний орд гэх хэрэг нь ор үндэслэлгүй гэж би хэлэх гээгүй, энэ хэрэгт шалгагдаж байгаа шүүгчдээс тодорхой баримттай шүүгчид байгаа. Таамгаар ял тулгуулж байгаа нь ч байгаа гэж би хувьдаа дүгнэж байгаа. Миний хувьд хэрэг АТГ дээр байхад уг хэрэгтэй бүхэлд нь танилцаж чадаагүй, прокурорт хүсэлт гаргаж, хэрэгтэй танилцаж эхэлсэн. Гэхдээ бүрэн танилцаж дуусаагүй байна. Танилцсан хэмжээндээ хуульчийнхаа хувьд дүгнэлт хийхэд мөрдөгч болон прокурорууд хэний хэлсэн үгийг үнэн гэж үзэх, харин хэнийхийг нь  худлаа гэж ойлгох нь тэдний үзэмжээр тогтоогдоод байгаа юм болов уу гэсэн ойлголт төрж эхлээд байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хууль, шүүхийн өмнө бүгд эрх тэгш” байх зарчимд нийцэхгүй гэдгийг онцлон хэлмээр байна.

Дахин хэлэхэд энэ хэрэгт хэн нь буруутай, буруугүйг нь хуульд заасан үндэслэлээр шалгаж, ялгаж салга. Харин нийгэмд үүсгэсэн их дуулиан шуугианаа дарахын тулд,  улстөрчдийн “шүүхийг шинэчилнэ” гэсэн амлалтаа биелүүлсэн гэж сонгогчдод харагдахын төлөө, муухай авлигач шүүгчдийг цааш явуулах нь “нийгмийн захиалга” гэсэн попорсон үзэгдлийнхээ золиос болгож, хэрэгт хамааралгүй, хуйвалдаанд оролцдоггүй, цаашид ч оролцохгүй надаар туг тахих гэж байгаа бол Монгол Улсын иргэн, шүүгч, хуульч, багш, эх хүнийхээ хувьд энэ шударга бус байдалтай бүхий л аргаар тэмцэнэ.

Төгсгөлд нь үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн эрх нь түдгэлзсэн хэдэн шүүгчийн асуудал бус харин 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрөөс хойш Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон нь Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчигдөж, шүүх эрх мэдэл хараат байдалд орох нөхцөл үүсээд байна гэж хэлэхэд хатуудахгүй байх.

“Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг” гэсэн ардын зүйр үг миний амьдралын зарчим. Нэр хугарахаар яс хугар, хүнд нэг нэр хоёр хоч хэрэггүй, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэх зэргээр ардын зүйр цэцэн үгийг аав, ээжээсээ сонсч өссөн, нүгэл буянаа ялгахтайгаа, энгийн нэг эгэл бор ардын хүүхэд өнөөдрийг хүртэл өдий зэрэгтэй яваа нь төрүүлж өсгөсөн ээж, аав, түшиг тулгуур болдог төрсөн эгч, ах дүү нар, хол ойрын ах дүүс, эрдэмт олон багш нар, итгэж нөхөрлөсөн найз нөхөд, одоо ч хамтдаа байгаа шавь нар,  Хууль зүйн үндэсний хүрээлэн,  академийн болон шүүхийн хамт олон, урам зориг хайрладаг олон оюутнуудын минь итгэл сэтгэлтэй салшгүй холбоотой. Түүнчлэн нүүр номоороо дамжуулан өөрт үүссэн хүнд нөхцөл буюу шударга бус байдлын тухай нийтэд мэдээлсний дараа миний төлөө санаа тавьж, итгэл зориг өгч байгаа Та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна.

-Та хэзээнээс Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхэлсэн бэ? Таны ажлын туршлагааас ярьж болох уу?

-Өөрийнхөө тухай товч танилцуулахад 1987 онд МУИС-ийн хуулийн ангид элсэн орж, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан байж улаан дипломтой төгсч, 1992 оноос өнөөдрийг хүртэл тухайн үеийн Төр, нийгмийн судлалын академи буюу одоогийн Удирдлагын академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар анх ажилд орж, ахлах багш хүртлээ багшилж ирсэн. 1992 онд МУИС анхны магистрын сургалтын элсэлтээ авахад анхны 13 магистрын нэг нь болж байлаа.

1999 онд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсад Хуульчдыг давтан сургах төв байгуулах төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Австрали Улсын Мелбурьны Их сургуульд Сургагч багш бэлтгэх тусгай сургалтад сургагч багшаар бэлтгэгдэн ирж, 1999-2003 оны хооронд Хуульчдыг давтан сургах төвд сургагч багшаар ажилласан, 2003 онд энэ төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, Хууль зүйн үндэсний төв болгон өөрчлөн байгуулсан ба энэ нь одоогийн Хууль зүйн үндэсний хүрээлэн юм. Энэ төв анх байгуулагдахад Иргэний хууль тогтоомжийн секторын эрхлэгчийн албан тушаалд томилогдон 2009 оны аравдугаар сар хүртэл ажиллахдаа хууль зүйн сургалт, судалгааны ажилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж ажиллаж байлаа.

Түүнчлэн 1995 оноос 2013 оны дөрөвдүгээр сар хүртэл МӨХ-ны гишүүн өмгөөлөгч, 2004-2006 оны хооронд IPBA буюу Ази Номхон далайн орнуудын Барын холбооны гишүүн,  1998-2006  онд УКНЭ-т хуулийн зөвлөх, 2003-2013 оны хооронд МҮХАҮТ-ын дэргэдэх Арбитрын арбитрчаар ажиллаж байсан. БНСУ-д дөрвөн удаа, Шведэд дөрвөн удаа, АНУ-д хоёр удаа, Австрали, Швейцарь, Тайланд, Тайвань, Шри Ланка, БНХАУ-д нэг удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад урт болон богино хугацаагаар суралцаж, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлдэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Дээд шүүхийг төлөөлөх үүрэг хүлээлгэсний дагуу Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн талаарх цэцийн дүгнэлт гарч байсан. Одоо ингээд эргээд харахад өөрөө бие даан, бусадтай хамтран  30 шахам нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага хэвлүүлж нийтийн хүртээл болгосон, 10 гаруй томоохон судалгааны багийн гишүүн, ахлагчаар ажилласан, 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, 20 орчим өгүүлэл хэвлүүлж, цөөнгүй бүтээлийг хянан тохиолдуулсан байна.

Харин Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон тухайд 2013 оны хоёрдугаар сард нийтэд нээлттэй зарлагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноотойгоор тэнцэж, 2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр  шүүгчээр томилогдон, иргэний хэргийн танхимд харьяалагдан шүүгчээр ажиллаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч, эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмаа хэрэгжүүлж, хэрэг маргааныг хуульд нийцүүлэн  шийдвэрлэх, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан үнэнч шударгаар ажиллаж, хуульчийн болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчих аливаа нэгэн үйлдэл гаргаагүй  гэдэгтээ итгэл төгс байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж