Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Хүмүүс цирк үздэг байснаа дурсан ярихаас биш өнөө цагт Монголынхоо циркчдийн тоглолтыг хэзээ үзсэнээ ч санахаа больжээ. Монгол Улсын циркийн уран бүтээлчид бэлтгэл сургууль хийх байргүйгээс хэдэн хэсэг болж хуваагдан, тарж бутраад олон жил болж буй.

Учир нь Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг гэх. Энэ мэдээллийн мөрөөр сурвалжлага бэлтгэхийг зорилоо.


“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”

Бид сурвалжлага бэлтгэхээр очиход удирдах албан тушаалтан нь “Уулзах боломжгүй. Уулзалтын цаг гарахаар эргээд холбогдоё” гэдэг хариултыг өгснөөр дотогш нэвтэрч чадсангүй. Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан. Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу. Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан юм.

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.

Монголдоо ганц гэгддэг энэ хөх асарт сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон гэх олны шүүмжлэл дагуулах болсон. Хамгийн сүүлд л гэхэд “Аса” циркийн зүүн талын өргөтгөлд их аваргын байгуулсан “Grand Circus” нэртэй өндөр үнэтэй ресторан нээлтээ хийж, олны танил эрхмүүдийг нээлтэндээ урьж оролцуулсан нь олны анхаарлыг татаад амжсан.

Дараа нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийг зорин очлоо. Тэнд бэлтгэлийн хувцас өмссөн хүүхдүүд жонглёр, акробатын бэлтгэл хийж угтсан юм. Барилгын хана цуурч, модон багана нь халцарсан хуучны энэ барилга дотор тус сургуулийн 15 багш, 100 орчим хүүхэд хичээллэдэг.

Жавар тачигнасан өвлийн улиралд хүүхдүүд тийм ч дулаан, тухтай байранд бэлтгэл сургуулилт хийдэггүй бололтой. Хичээлийн шинэ байртай болно гэж горьдож байсан тэд энэ жил ч гэсэн ийм хүндхэн нөхцөлд хичээллэх болсон байна.

Ю.ГЭРЭЛБААТАР: ЦИРКИЙН СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН ТӨСВИЙГ БАТАЛСАНГҮЙ

Энэ үеэр тус сургуулийн цирк урлагийн найруулагчаар 12 дахь жилдээ ажиллаж буй Ю.Гэрэлбаатартай цөөн хором ярилцлаа.


-Циркийн уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх газаргүй олон жилийн нүүр үзэж байна. Улсын циркийн барилгыг менежментийн хувьчлал хийж, “Аса” цирк болгосон. Одоо циркийн уран бүтээлчид хаана бэлтгэл сургуулилтаа хийж байна вэ. Шинэ циркийн сургуулийн барилга барих асуудал юу болсон бэ?

-“Аса” циркийн асуудал хуучин циркийн сургуультай ямар ч хамаагүй болсон. Яахав хамтарч ажиллаж буй гурвалсан гэрээний дагуу тэнд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Улсын циркийн барилгын менежмент хувьчлалын асуудлаар төр засгийн байгууллага нь ярина. Өнөөдөр амжилттай явж буй нь энэ урлагийг байгууллагыг хувьчилж аваад байна. Бидний зүгээс мэргэжлийн стандартад нийцсэн сургалтын байр хөөцөлдөж байгаа ч сая бүтсэнгүй.

Монгол Улсдаа ганц циркийн урлагийн сургуулийн төгсөгчид өнөөдөр дэлхийн циркийн урлагт асар өндөр амжилтыг үзүүлээд явж байна. Циркийн урлагийн уран бүтээлчид жил бүр олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байна. Энэ нь манай гуравхан сая хүн амтай улсын хувьд маш том амжилт. Дэлхийн 150 гаруй улсын дунд Монгол Улс циркийн урлагийн хөгжлөөр гуравт бичигдэж байна. Харамсалтай нь төр засгаас энэ урлагийг амжилттай явж байгаа юм чинь гээд тоохгүй байх шиг байна. Энэ урлагийн хөгжил дээр үед эргүүлсэн хүрдээр л эргэлдээд байна. Одоо ядаж нэг сургалтын байр бариад өгчихвөл одоогийн амжилтаа улам бататгаж, ахиулна шүү дээ.

-Өнөөдрийн байдлаар сургуульд нь хэчнээн багш, сурагч ажиллаж, суралцаж байна вэ?

-Одоо энэ сургуульд 15 багш, 69 сурагч өдөр бүр хичээллэж байна. Бид сурагчдадаа мэргэжлийн урлагийн үндсэн таван жанр болон төгсөхөд дипломын ажлаараа бие даасан уран бүтээл хийж, хамгаалдаг. Энэ жил Монгол Улсад циркийн сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ ойгоороо циркийн шинэ сургуулийнхаа суурийг тавьчих болов уу гэж их л харлаа. Даанч шинэ сургуулийн байр барих хөрөнгө мөнгийг улсын төсвийн тодотголоор баталсангүй.

-Циркийн шинэ сургуулийн байрыг хаана байгуулахаар төлөвлөсөн юм бол?

-Уг нь Монгол Улсын Консерваторийн хашаан дотор тусгай бэлдсэн газар бий. Шинэ сургуулийн газрын дүн шинжилгээг хийж, салбар яамнаас барилгын зураг төслийг нь гаргасан ч энэ жил улсын төсвийн тодотголоор батлагдсангүй.

Шинэ барилгаар ямар ч байсан олон улсын стандартад нийцсэн циркийн мэргэжлийн урлагийн сургууль байгуулахаар төлөвлөсөн. Манай сургуульд суралцахаар монгол туургатан орнуудаас сурагчид хүсэлтээ ирүүлдэг. Гэвч өнөөдөр бидэнд тэднийг хүлээн авах хүчин чадалтай сургуулийн байр байхгүй байна. Хэрвээ шинэ сургуулийн байр баригдчихвал Монгол Улсын хувьд Азидаа нэлээд том циркийн урлагийн мэргэжлийн сургуулийг байгуулах гээд байна.

-Хуучин циркийн сургуулийн байрыг харахад хуучирч муудсан, засвар хийх шаардлагатай  нь харагдаж байна. Одоо энд бэлтгэл сургуулилт явуулахад ямар хүндрэл гарч байна вэ?

-Хуучин циркийн сургуулийн барилга 1940 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, 1941 оноос Улсын цирк гэдэг статустай тоглолт нь хамт явагддаг байлаа. Тэгээд 1971 онд Улсын циркийн барилга баригдсанаас хойш тэнд улсын циркийн тоглолтыг зохион байгуулдаг болж, энд сургууль нь үлдсэн юм. Үндсэндээ 1940 оноос хойш тасралтгүй 80 жил энэ байрандаа сургуулийн үйл ажиллагаа явуулж ирсэн гэсэн үг. Энэ барилга нь бараг 100 гаруй жилийн насжилттай, монголын түүхэн дурсгалт барилга гэдэг үүднээс нурааж болдоггүй.

Сүүлд сургуулийн барилгын орчимд 2015 онд тавдугаар хорооны сантехникийн ажил хийж байгаад оч үсэрч, гал алдаад шатсан. Тэр үеэр цагдаагийн мөрдөн байцаах газар, Соёлын өвийн төвийн мэргэжилтэн гэх мэт олон хүн ирж, уулзаж байгаад л алга болсон. Галд өртсөн дээврийн хэсгийг энд ажиллаж буй багш, сурагчид хамтран цалин мөнгөө нийлүүлж, засч янзалсан.

Төр засгаас түүхэн дурсгалт барилга гэж ярьдаг ч бодит амьдрал дээр хамгаалж байгаа зүйл нэг ч байхгүй. Ядаж нэг удаагийн засвар хийх арга хэмжээг ч авч чадахгүй байна.

-Хуучин циркийн сургуулийн төгсөгчид Улсын цирктээ ажиллаж чадаж байгаа юу?

-Улсын цирк байхгүй юм чинь яаж ажиллах юм. Учир нь циркийн урлагийн тоглолтоор ард түмэндээ үйлчлэхэд асар том зардал гардаг. Зүгээр нэг хамтлаг юм уу, жижиг танхим ард түмэнд соёлоор үйлчилж чадахгүй. Тиймээс манай улсад циркийн урлагийн томоохон хэмжээний тоглолт хийх нөхцөл боломж байдаггүй. Дэлхий даяар нийт 5000 гаруй олон улсын циркийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.  Манай төгсөгчдөд ажлын байр хангалттай. Нийт төгсөгчдийн 97 хувь нь өнөөдөр ажлын байраар хангагддаг.

Үндэсний “Аса” циркийн хувьд өөрсдийн циркийн жүжигчдийнхээ хүчээр тоглолтуудаа хийдэг. Гэхдээ дээр үеийнх шиг бус цөөн тоогоор тоглолт хийж байгаа.

-Циркийн уран бүтээлчид “Аса” циркид бэлтгэл сургуулилт хийхийн тулд сард 15 сая төгрөгийн төлбөр төлдөг гэж дуулсан. Уран бүтээлчид хэзээнээс төлбөр төлдөг болсон юм бэ?

-Хувийн байгууллага хэдий ч циркийн урлагийн зориулалтын байр нь “Аса” цирк шүү дээ. Төр засгаас гурвалсан гэрээ байгуулахдаа циркийн сургуулийн сурагчид түрээсээр, гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Өнгөрөгч 2015 оны есдүгээр сараас уран бүтээлчидтэй гурвалсан гэрээ байгуулж, өдийг хүрсэн.

Тухайн байгууллагын хувьд өндөр зардалтай шүү дээ. Мэдээж тог цахилгаанаа мөнгө гээд зардлаа нөхөхийн тулд түрээслэхээс өөр аргагүй. Тэрний дагуу л уран бүтээлчид түрээсэлж байгаа. Бидний зүгээс түрээсийн энэ төлбөрийг өндөр гэж үзэхгүй байгаа. Харин ч циркийн урлагийг дэмжиж, бүтэн сарын турш зах зээлийн үнээс хамаагүй доогуур түрээсийн төлбөр авдаг.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж