Монголын хамгийн “аядуу зөөлөн” улстөрч

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

76:1

Монголын хамгийн “аядуу зөөлөн” улстөрч

Монголын хамгийн “аядуу зөөлөн” улстөрч

“News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг “76:1” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболдыг танилцуулж байна.


Монголын улс төрийн хөгжил, дэвшил, уналт гээд бүх цаг үед хамт явсан цөөхөн улстөрчийн нэг бол яах аргагүй Миеэгомбын Энхболд. Тэрбээр 1987 онд  МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсч, улмаар 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлж, дараа нь ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

М.Энхболд ажил мэргэжлийн гараагаа 1987 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаас эхлүүлж, тус газрын хэлтсийн даргаар 1992 он хүртэл ажиллаж байгаад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажилласан. Мөн 1996-1998 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байв.

Үндсэндээ дүүрэг, хотоос улс төрийн карьераа эхлүүлжээ. Ингээд 1990 онд  Монгол Ардын Намд элсээд үүрийн даргаас намын шат, шатны албан тушаалыг доороос нь дээш хашсан намынхаа гол дүр нь. Тэр бусад шиг замын дундаас цахилгаан шатанд сууж, дээшээ гараагүй. Тэрбээр Монголын улс төрийн том хүчин МАН-ын даргаар хоёр ч удаа сонгогдож, намынхаа өсч өндийх тулгуур нь байв.

2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга мөн 2013-2017 онд  намын даргаар ажиллаж, намынхаа хүнд цаг үеийг нуруундаа үүрсэн гэж хэлж болно. 2016 оны УИХ-ын сонгуулиар намаа олонх болгож, 65 гишүүнтэй нэг намын парламентыг бүрдүүлж чадсан нь М.Энхболдын гавьяа мөнөөсөө мөн. Ийм олноор нэг нам ялалт байгуулсан түүх бараг байхгүй. Үүнд түүний холч, мэргэн ухаан, асуудалд бодитой, улч ханддаг төрөлх чанар нь том үүрэг гүйцэтгэсэн.

2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн ч харамсалтай нь ялалт байгуулаагүй. Түүний энэ ялагдал намын нөхдөд таалагдаагүй нь лавтай. Энэ үеэс эхлэн түүнээс урвагчид далд бий болсон нь тэр. Улмаар 2018 оны сүүлээр М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах хөдөлгөөн өрнөж, намынх нь 38 гишүүн огцруулах бичиг өргөн барьж чөлөөлсөн.

Улстөрч М.Энхболд 30 гаруй жил улс төрийн тогоонд явахдаа түүний хамгийн их чанагдсан, шарагдсан, шархадсан үе нь 2018 он байв. Бахархлын туйл болж байсан тэр шүүмжлэлийн "бай" болж хувирсан нь.

2016 оны сонгуульд ялалт авчирсан тэрбээр намынхандаа ялагдсан ийм үе. Түүнийг намын гишүүд нь, хайртай дүү нар нь, журмын нөхөд нь зориуд хууль баталж, УИХ-ын даргаас “хүчээр”буулгасан юм. Үүний дараа тэрбээр “Би хуулийн дагуу огцорч байна. Энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг огцруулах асуудал ахиж битгий гараасай” гэж хэлсэн нь тэр сандал ширээтэйгээ зууралдсаных огт биш. Өнгөрсөн хугацаанд улс төрд хашиж болох бүх албан тушаалыг авч, өгч явсан түүний хувьд намын нөхдөө асуудалд хуулийн дагуу хандахыг хүссэнийх. “Цагдаа цагийн найз” гэдэгчлэн улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас үүрдийн үнэнч үзэл, хүндлэл үгүйг тэр биеэрээ мэдэрсэн, даван туулсан он жил саяхан.

М.Энхболд хувь хүний характерийн хувьд үг дуу цөөтэй, зөөлөн нэгэн. Намын нөхөд нь ч хүлээн зөвшөөрдөг. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэгэн цагт экс даргынхаа талаар ийн хэлж байжээ. Тэрбээр “М.Энхболд дарга бол маш тулхтай, ноён нуруутай хүн. Ердийн төвшний ч биш сонгодог төвшний тулхын эзэн гэж боддог” хэмээн хэлж байсан нь голчтой тодорхойлолт.

Түүний аядуу зөөлөн зан өөрт нь алдаа, оноо аль алийг нь авчирсан. Тэр бусад шиг цээжээ дэлдэж, тархины бяраа ил гаргадаггүй, чимээгүй хийдэг нэгэн. Ямар ч зүйлд өөрийн ухаан, уужуу сэтгэлээр хандаж ирсэн гэдгийг нь үе үеийн намын нөхөд нь хэлэх юм билээ. Зарим үед түүнийг даруу төлөв зангийг нь далимдуулах санаархал намын нөхдөд нь байсан ч тэр үүссэн нөхцөл байдлыг арга эвээр зохицуулж чаддаг байсан гэдэг. Харамсалтай нь түүний дайснууд холоос биш дэргэдээс нь ноцож, УИХ-ын даргын үүрэгт ажлаас огцруулахад хүргэсэн.

М.Энхболдыг тойрсон муу муухай шүүмжлэл нийгэмд байдаг ч сонгогчид нь дүнгээ тавьсаар ирсэн. Хотын фракц, 60 тэрбумын хэрэг гэх тодотгол түүнийг дагадаг. 2005 онд УИХ-д сонгогдсоноос хойш тасралтгүй дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа туршлагатай парламентич юм.

УИХ-ын даргын ажлаа өгснөөс хойш тэр МАН-ын гол дүр байхаа больсон ч түүний намдаа байгуулсан өөрчлөлт,шинэчлэлт гавьяа нь тод хэвээр байх биз ээ.

“Т.Бадамжунай, М.Энхболд хоёртой хэн ч муудалцсан эргээд хадаг бариад заавал очдог” гэсэн үг МАН-ыханы дунд бий. Өнөөдөр тэр намын нөхдийнхөө хэн нь хэн бэ гэдгийг таньж, явахыг нь явуулсан. Гэхдээ цаашид улс төр яаж өрнөхийг хэн ч тааварлашгүй ийм динамик нийгэмд бид амьдарч байна.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна…

Боловсрол:

  • 1982 онд    Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
  • 1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
  • 1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
  • 1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • 2000 онд    Эдийн засгийн магистр,
  • 2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
  • 2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
  • 2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,

Ажил эрхлэлт:

  • 1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
  • 1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
  • 2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
  • 2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга

Улс төрийн сонгуульт ажил:

  • 1990 онд          Монгол Ардын Намд элссэн,
  • 1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
  • 1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
  • 1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
  • 2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга,
  • 2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
  • 2013-2017 онд  Монгол Ардын Намын дарга,
  • 1998 оноос        МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 1997 оноос        МАН-ын Бага хурлын гишүүн,
  • МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 дугаар Их Хурлын төлөөлөгч,
  • МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
  • 1995 онд            “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
  • 1997 онд            Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,

Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:

  • 2000-2012         Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
  • 2008 оноос        Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч,
  • 2009 оноос        Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
  • 2011 оноос        “Манзушир хутагт” сангийн Тэргүүн

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
12
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж