Тусгай сангийн тонуулчдаа зарла!

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Тусгай сангийн тонуулчдаа зарла!

Тусгай сангийн тонуулчдаа зарла!

Татвар төлөгчдийн бүсийг чангалан байж, төсөвт орлого төвлөрүүлдэг ч эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглан тусгай сангуудыг тонодогт цэг тавих цаг нь болжээ. Хэдий болтол ард түмэн шүд зууж, УИХ, Засгийн газрын гишүүдэд тусгай сангуудаа тонуулсаар суух вэ, хэрээс хэтэрлээ.

Жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-руу УИХ, Засгийн газрын 40 гаруй гишүүн гар дүрсэн дуулиан дэгдсэн бол өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг мөн л тэд тоносон тухай шинэ сенсаци “бөмбөг тэсэлж” байна.

Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын 12 гишүүн, Засгийн газрын гурван сайд, яамны хоёр дэд сайд, мөн хоёр Төрийн нарийн бичгийн дарга, дүүргийн хоёр Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн нь эрх баригч нам татвар төлөгчдийн мөнгийг төсвөөр дамжуулан хуваарилалт хийсний дараа найрлаж, хувьдаа ашигладаг болоо юу гэлтэй.

Зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хууль зөрчин авсан мөнгөний хэмжээ дөрвөн тэрбум төгрөгөөр яригдаж буй юм. Нийт 27 компанид 200 хүртэл сая төгрөг олгосон асуудал хөндөгдөх болсон. Хүү багатай олгогддог энэхүү зээл нь ажлын байр бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Тусгайлсан хуультай энэхүү зээлийг зорилго, зорилтоос нь хазайлгаж, тухайн үеийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ, Засгийн газрын гишүүдэд дөрвөн тэрбум төгрөгийг хамаарал бүхий компанид нь болон танил талынх нь аж ахуйн нэгжид шилжүүлэх даалгаврыг “цэргүүддээ” тушаасан нь баттай бол хариуцлага хүлээх учиртай. Хууль хяналтын байгууллага ч энэ асуудлыг бөөрөнхийлөлгүй олон нийтэд ил тод зарлах ёстой.

Авлигын 10 мянган ам.доллараа оймсондоо нуусан хурган даргын бичлэгийг олон нийтэд ил болгож, матарладаг хэр нь УИХ, Засгийн газрын гишүүдтэй холбогдох асуудлыг  “Прокуророос зөвшөөрөл өгөөгүй” үндэслэлээр нэр усыг нь ил болголгүй, хаацайлдаг нь бүлэглэлүүд биенээсээ өс авах зорилгоор нийгэмд дуулиан дэгдээж, зохицонгуутаа нам дардаг жишигтэй болчихов уу гэдэг хардлагад  ч хөтөлж байгааг санах учиртай.

Засгийн газрын харьяанд өнөөдөр 28 тусгай сан бий. УИХ-аар жил бүр улсын төсөв хэлэлцэх үед тусгай сангийн зардлыг өсгөж иржээ. Жишээ татвал, тусгай сангуудад төсвөөс 2010 онд 1.1 их наяд төгрөг, 2015 онд 2.2 их наяд, 2018 онд 2.9 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг тус, тус хуваарилсан байна. Гэхдээ энэ хөрөнгө нь ард түмний амьжиргааг дээшлүүлэх гэхээсээ албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн бизнесийг дэмжих хэрэгсэл болж ашиглагдаж ирсэн гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй.  Харамсалтай нь, хариуцлага хүлээдэггүй.

Тухайлбал, ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон гишүүдээс дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг жилийн өмнө прокуророос УИХ-д тавьсан ч эрх баригч хүчин хамгаалж, үлдсэн. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч хөндөгдөлгүй албан тушаал ахиж, УИХ-ын даргын суудалд тухлан, шударгын дүрд тоглож суугааг өнөөдөр мартах учиргүй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан мөн л улстөрчдийн хувийн бизнесээ дэмжих “банк” нь болж ирснийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорчулуун тэргүүтэй улстөрчид зээл авч бизнесээ дэмжиж ирснээс харж болно.

Бизнес эрхлэгчдэд олддоггүй, жилийн гурав, дөрөвхөн хувийн хүүтэй олддог эдгээр зээл зөвхөн улстөрчдийн тэр дундаа эрх барьж буй намын гишүүдийн “халаас”-ыг түнтийлгэж, банк бус санхүүгийн байгууллагаар нь угаагдаж, 30 гаруй хувийн хүүтэй зээл болж, мөнгө угаагдсан байж болзошгүй ноцтой зүйлүүд дуулдсан ч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах сангийн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өнгөрсөн жил 130 тэрбум төгрөгөөр яригдаж байсан ч төлөгдсөн эсэх нь өнөөдөр ч бүрхэг байна.  Гэтэл Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангууд мөн л  эрх баригчдын буруутай үйл ажиллагаанаас болж, даатгуулагчид хохироод буй. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг тус бүр “Капитал” банканд байршиж байх үед банк нь дампуурсан нь олон мянган даатгуулагчийн эрх ашгийг хөндөөд буй.

Хохирлоо нэхэмжлэх зорилгоор салбарын сайд нар нь Монголбанкинд хүсэлт гаргасан гэдэг ч хэзээ эргэн төлөгдөх нь тодорхойгүй хэвээр байна.

Хуулийн байгууллагууд эдгээр хүмүүсийг хаацайлаагүй л юм бол нэрийг нь тодорхой зарлах шаардлага байна. УИХ-ын гишүүдээс нийт хэчнээн хууль тогтоогч ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан нь тогтоогдсон, хэд нь тойргоос ирсэн сонгогчдынхоо хүсэлтийг биелүүлж, ЖДҮХС-руу албан бичиг илгээж, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод байгаа. Хэд нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий компанидаа зээл авсан, хэд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу орж, мөнгийг нь авав гэдгийг одооноос  ил тод нээлттэй зарлаад явах ёстой.

Хэдий болтол дүлэгнэж, өөх ч биш булчирхай ч биш мэдээлэл цацаж, цаг алдах вэ. Эрх баригчдын тарыг таниулахад хуулийн байгууллагын ажиллагаа чухал байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж