Хонгконгийн зөрчил Макаод нөлөөлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Хонгконгийн зөрчил Макаод нөлөөлж эхлэв

Хонгконгийн зөрчил Макаод нөлөөлж эхлэв

Хятадын засаг захиргааны тусгай бүс Макаогийн ерөнхий захирагч, эдийн засаг, хууль зүйн нарийн бичгийн дарга нарыг солих шийдвэрийг Бээжингийн эрх баригчид гаргалаа. Энэ нь Азийн мөрийтэй тоглоомын төв Макаогийн казиногийн орлого унаж, хөрш Хонгконгод хагас жилийн турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалтай холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байна.

КАЗИНОГИЙН ОРЛОГО УНАВ

Казиногоос олох орлого нь Макаогийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Тиймээс казиногийн орлого буурсан нь ноцтой асуудал юм. Макаогийн мөрийтэй тоглоомын орлого өнгөрсөн арваннэгдүгээр сард 22.9 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар унажээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд Макаогийн казиногийн орлого анх удаа буурсан нь энэ. Жилийн үзүүлэлтээр Макаогийн мөрийтэй тоглоомын орлого 2.4 хувиар буурсан нь ажиглагджээ. Үүний зэрэгцээ Макаог Бээжингийн мэдэлд шилжүүлсний 20 жилийн ойг угтан өнгөрсөн арваннэгдүгээр сараас виз олголтоо бууруулж, чангатгасан нь казиногийн орлого буурахад нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэж байна. Богино хугацаандаа казиногийн орлого ирэх 2020 оны дундуур бага зэрэг сэргэх таамгийг эдийн засагчид гаргажээ. Мөрийтэй тоглоомын бизнесийн орлого буурсан нь олон шалтгаантай. Тухайлбал, АНУ, Хятадын хооронд үргэлжилж буй худалдааны дайны нөлөө, үндэсний мөнгөн тэмдэгт юанийн ханш суларсан, хөрш Хонгконгийн зөрчил, тэмцлийн улмаас аялал жуулчлал буурсан, Хятадын эдийн засаг суларсан зэрэг нь Макаод нөлөөлжээ. Иймд, Макаогийн удирдлагуудын өмнө мөрийтэй тоглоомын бизнесээс хараат эдийн засгаа төрөлжүүлэх сорилт тулгарч байна.

ТОМИЛГОО

Энэ нөхцөл байдалд Макаогийн шинэ ерөнхий захирагч Хо Лат Сэн нь арванхоёрдугаар сарын 20-нд албан ёсоор тангараг өргөх аж. Түүнийг Бээжингийн талыг баримтлагч 400 хүний бүрэлдэхүүнтэй хорооноос сонгосон бөгөөд ирэх таван жилийн хугацаанд Макаог удирдана. Шинэ ерөнхий захирагч нь казиногийн бизнестэй ямар ч холбоогүй төдийгүй Макаогийн одоогийн удирдлагуудаас тэс өөр үзэл баримтлалтай. Түүний бүрэлдүүлсэн орон нутгийн парламент нь казино эрхлэгч зургаан операторын ирэх 2022 онд хугацаанд дуусах лицензийг сунгах эсэхээс мөрийтэй тоглоомын бизнесийн ирээдүйн чиг хандлага тодорхойлогдоно. Үүний зэрэгцээ Фужян мужид төрсөн Лей Вай Нонг нь эдийн засаг, санхүүгийн нарийн бичгийн даргаар нэрлэгджээ. Тэрбээр хувийн бизнесгүй анхны эдийн засгийн нарийн бичгийн дарга гэдгээрээ анхаарал татаж байна. Лей Вай Нонг нь эдийн засгийг хөгжүүлэх эсвэл казиногийн салбарт ажилласан ямар ч туршлагагүй нэгэн гэдгийг эх сурвалжууд онцолжээ. Түүнчлэн одоогоор авлигын эсрэг комиссараар ажиллаж буй Чён Вэн Чуныг шинэ хууль зүйн сайдаар нэрлэсэн байна.

ЖИНПИНИЙ АЙЛЧЛАЛ

Хятадын дарга Ши Жиньпин энэ арванхоёрдугаар сарын дундуур Макаод айлчлахаар бэлдэж байна. Тэрбээр Макаог 1999 онд Португаль улсаас шилжүүлэн авсны 20 жилийн ойг тохиолдуулан айлчлахаар төлөвлөжээ. Хятадын дарга Ши Жиньпин Макаод айлчлах болсон нь ойн баярыг тэмдэглэхээс гадна хөрш Хонгконг дахь ардчиллын төлөө тэмцэгчдэд анхааруулга өгөх, дарамт үзүүлэх зорилготой гэж харж байна. Дэлхийн санхүүгийн төв Хонгконгод өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Хятадыг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл үргэлжилж буй. Макао нь Хонгконгоос усан онгоцоор ганц цаг явах зайтай боловч эсэргүүцлийн жагсаал хараахан “халдварлаагүй” байна. Гэхдээ санхүү, эдийн засгийн хувьд Макаод нөлөөлөл мэдрэгдэж эхэлжээ.

ЧИМЭЭГҮЙ ТЭМЦЭЛ

БНХАУ-ыг тунхагласны 70 жилийн ойн баярын цэргийн сүрт жагсаалыг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Макао дахь гудамжны том дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлсэн. Гэхдээ Макаогийн ард иргэд бүгдээрээ энэ баярыг хүндэтгэн, тэмдэглэсэн үү гэвэл үгүй. Учир нь Макаогийн хүний эрх, ардчиллын төлөө тэмцэгч Жэсон Чао тэргүүтэй тэмцэгчид тайван жагсаал хийхээр өнгөрсөн есдүгээр сард хүсэлт гаргасан байжээ. Жэсон Чао тэргүүтэй 15 хүн Макаогийн төвд цуглан Хонгконгод цагдаа нар жагсагчдын эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэн жагсаал хийхээр төлөвлөсөн байв. Гэвч Макаогийн удирдлагууд хүсэлтийг хүлээж аваагүй байна. Харин Хятадын Коммунист намын засаглалын баярын өдөр ханан дээр эсэргүүцлийн зурагт хуудас наасан хэргээр хоёр хүн цагдаад байцаагджээ. Тэдгээр эсэргүүцлийн зурагт хуудас олон нийтийн сүлжээнд тавигдсанаар богино хугацаанд олон хандалт авсан байв. Мөн хоёр оюутан Хонгконгийг дэмжсэн лоозон барин жагссаныг хууль бусаар жагсаал хийсэнд буруутган баривчилжээ. Макаогийн залуусын дунд Бээжингийн эсрэг хандлага, үзэл бодол сүүлийн хэдэн сард л сэргэсэн юм биш эртнээс бий болсныг их сургуулийн профессорууд мэдэгджээ. Иймээс л Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн есдүгээр сард Коммунист намын хурлын үеэр хэлсэн үгэндээ Хонгконг, Тайваний хамтаар Макаог дурдаж, салан тусгаарлах аливаа үйл ажиллагааг таслан зогсоохоо анхааруулсан аж.

МАКАО БА ХОНГКОНГИЙН ЯЛГАА

Макао хот нь 700 мянга орчим хүн амтай, нэг хүнд ногдох талбайн хэмжээгээр Хятадын 12-рт нэрлэгдэх шигүү суурьшилтай хот. Хонгконгод хэрэгтнийг шилжүүлэх хуулийг батлахыг эсэргүүцэн өнөөгийн их үймээн самуун эхэлсэн бол Макаод Хятадын үндэсний дуулал, удирдагчдыг доромжлохын эсрэг хуулийг огт анхаарал татахгүйгээр баталжээ. Хонгконгтой харьцуулахад Макао нь эх газрын Хятадаас ирэх бэлэн мөнгөний урсгалаас хараат байдаг. Мөрийтэй тоглоомтой холбоотой татварын орлого нь орон нутгийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн Макаод жилд ирэх 35 сая жуулчны 70 гаруй хувийг эх газрын хятадууд эзэлдэг байна. Макао нь удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хувьд Хонгконгоос өөр. Макао нь АНУ-ын Лас-Вегастай өрсөлдөх Хятадын төдийгүй Азийн казино, мөрийтэй тоглоомын төв юм.

Хонгконгийн 7.5 сая ард иргэд өнгөрсөн хугацаанд ерөнхийлөн захирагчаа сонгох эрхгүй боловч бусад эрх чөлөөнийхөө ачаар хотыг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлж чадсан. Хонгконгийн хагас “ардчилалд” өссөн шинэ үеийнхэн сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид хотод нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх болсныг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. 1997 онд Их Британийн колоничлолоос Хятадын харьяалалд шилжин ирэх үед Хонгконгод зөвшөөрсөн тусгай статусын хугацаа дуусвал юу болох бол?.

“Нэг улс хоёр систем”-ийн зөвшөөрсөн хугацаа 2047 онд дуусгавар болно. Тус системийн ачаар Хонгконг нь эх газрын Хятад руу бизнесийн хөрөнгө оруулалт татах гол гүүр болж чадсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж